Иргэд хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулдаг болжээ
Иргэд хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулдаг болжээ
2015.10.26

Иргэд хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулдаг болжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ нарын санаачлан хэрэгжүүлсэн “Ногоон карт” аян өндөрлөж өнөөдөр аяны богцоо задаллаа. УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд хэлэлцэгдэж байгаа.

Энэ үед эдгээр хуулийн төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс даяар өрнүүлсэн.

Уг аяны хүрээнд иргэд олон нийт хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар өөрсдийн санал, зөвлөмжийг төр засагт хүргүүлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр аяны богцоо задаллаа.  Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт болон ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нарын албаны хүмүүс мэдээлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулиуд хэлэлцэгдэж байна. Зургадугаар сарын 11-нд Хүүхдийн эрхийн төлөө ногоон карт аяныг санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр энэ аян дуусаад манай хуулинд нийт 24478 санал ирсэн байна. Ийм их санал өмнө нь УИХ дээр ирж байгаагүй. Тэгэхээр иргэд, төрийн байгууллагууд хүүхдийн хамгаалалд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна.

Өнөөдөр бид энэ танхимд аяны богцоо задлана. Хуулиа хэвлүүлээд улс орон даяар тараасан. Ногоон өнгийн цаасан дээр иргэд, байгууллагууд энэ хоёр хуулинд саналаа ирүүлсэн байна. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Нийт саналын 35,3 хувь нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд 64,7 хувь нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд саналаа ирүүлсэн байна” гэлээ.

/25р суваг тв/

ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай: “Хүүхэд өөрөө энэ саналд оролцсоноор их онцлог. Нэлээдгүй хувьд нь хүүхдүүд саналаа өгсөн байгаа.  Ерөнхийд нь хэд, хэдэн багцад хувааж авч үзэж болно. Тухайлбал, хүүхдийн талаар үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх багц орж ирж байна.

Хүүхдийн эрхийн байцаагчийг ажиллуулах, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилчдын хариуцлагыг сайжруулах, мөн тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудал, хүүхдийн хамгааллын үйлчилгээг хүүхэд нэг бүрт хүргэх асуудал нэлээн туссан. Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал байгаа юм. Энэ олон саналууд хуулийн төсөлд тодорхой хмжээгээр суух байх гэдэгт итгэтэй байна” гэлээ.