Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2015.11.02

Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой

Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Өршөөлийн хуульд хэчнээн хүн хам­рагдаж хорих ялаас чөлөөлөгдөх вэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д бусдын бие махбодид санаатай хохирол учруулах, бусдын эд хө­рөнгийг дээрэмдэх, танхайрах гэсэн Эрүүгийн хуулийн гурван зүйл ангийг нэмсэн. Мөн 9.1.3-т бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хууль бусаар хө­рөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах зүйл ангийг өршөөлд хамруулахгүй байхаар шийдсэн. Ингэснээр ял эдэлж буй 2500 орчим хоригдол суллагдахаар боллоо.

-Энэ хүмүүс хэзээнээс суллагдаж эхлэх вэ?

-Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс өнгөрсөн баасан гаригт хуралдсан. Энэ долоо хоногоос ял эдэлж буй хүмүүс суллагдан гэртээ харина. Тэдний гэртээ харих замын зардал болон бусад шаардлагатай зардалд зарцуулах хөрөнгийг шийд­вэрлэсэн. Үүнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 130 сая төгрөг зарцуулна.

-Өршөөлд хамрагдан суллаг­дах­­гүй ч хорих ялаасаа хоёр жил хасуулж байгаа хэдэн хүн байна вэ?

-Урьдчилсан тоо бий. Гэхдээ нарийвчилсан тоо хэлдэггүй. Манай улсад хорих ял эдэлж буй 7000 орчим, урьдчилан хорих төвд хоригдож буй 1000 орчим хүн байна. 2000-3000 хүний хэрэг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд явж байна. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь өршөөлд хамрагдана. Ер нь нийтдээ 100 мянга орчим хүн өршөөлд хамрагдана гэж ойлгож болно. Яагаад гэвэл, жолоо барих эрхээ хасуулсан 81500 хүнээс гадна захиргааны зөрчил гаргаж шийтгүүлсэн хүмүүс бий.

-Өршөөлд хамрагдах хүмүүс хо­хирлоо барагдуулсан байх ёстой юу?

-Хорих ял эдэлж байгаа хүмүүс хохирлоо барагдуулахаа илэрхийлээд суллагдана. Суллагдсаныхаа дараа хохирлоо барагдуулна гэсэн үг.

-Өмнө нь өршөөлд хамрагдаж байсан хүмүүст энэ удаагийн хууль үйлчлэх үү?

-Үйлчилнэ. Ял эдэлж буй зүйл анги нь өршөөлд хамрагдах хэсэгт багтсан л бол өмнө нь өршөөгдөж байсан эсэх хамаагүй.  

-Өршөөлд хамрагдаж суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангахад хэр зэрэг анхаарч байгаа вэ?

 -Аймаг, сум, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс үүнд анхаарах ёстой. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч хариуцна. Гэвч энэ хүн Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисст ажиллахаас татгалзсан. Хамгийн сүүлд хуралдсан комиссын хуралд бас л ирсэнгүй.

Өршөөлөөр суллагдаж байгаа иргэдийн 300 орчим нь орон гэргүй, очих газаргүй гэсэн судалгааны дүн гарсан. Энэ хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг төр захиргааны байгууллагууд зохион байгуулна. Түүнээс биш суллагдаж байгаа бүх хүнийг төрөөс ажлын байраар хангана, нийгэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй.