Хямралтай үед бензиний үнийг бууруулсан бол талх, гурилны үнэ хямдрах байлаа
2015.10.30

Хямралтай үед бензиний үнийг бууруулсан бол талх, гурилны үнэ хямдрах байлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.6 хувийн саналаар баталлаа.

Дээрх хуулийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “2016 оны төсвийн орлогыг 1 их наяд төгрөгөөр бууруулахаар болсон байтал төсвийн төсөөлөлд алдагдлыг нэмээд байна. Орлогын хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмж, алдагдлыг 900 тэрбум төгрөгөөр нэмж, Засгийн газрын өрийг нэмэх боллоо. Төв банкнаас оруулж ирсэн Мөнгөний бодлого, Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлнэ, түүний дагуу явна гэсэн. Оруулж ирсэн төсвийн төсөөллөөр арилжааны банкуудын хүү өсөх нь, төгрөгийн ханш сулрах нь, Засгийн газрын өр нэмэгдэх нь. Яагаад ийм бодлого оруулж ирээд байна вэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бензин, шатахууны үнийг бууруулаач гэсэн хүсэлт тавьсан. Дэлхийн зах зээлд нефтний үнэ 2,5-3 дахин буурсантай холбогдуулж бензин шатахууны үнийг буулгах ёстой. Харамсалтай нь Засгийн газар, эрх барьж буй нам буулгахгүй гэдэг байр суурьтай байна. Тасарсан орлогоор өөрсдийн хангамжаа тасалдуулахгүй байх бодлого явуулна гэж энэ асуудлыг шийдсэнгүй. Хямралтай үед бензиний үнийг бууруулсан бол талх, гурилны үнэ хямдрах байсан юм” гэлээ.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 82.4 хувиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.4 хувийн, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76.9 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 76.9 хувийн саналаар тус бүр баталлаа.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 82.4 хувийн, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 72.5 хувийн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжигдэж, батлаад байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.