Төсвийн дагалдах хуулийн төслийг баталлаа
2012.10.25

Төсвийн дагалдах хуулийн төслийг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2012.10.25./ үдээс хойшхи хуралдаан 62 хувийн ирцтэйгээр эхэлж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Ингэхдээ Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,  зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд гишүүд тогтож ярилцан,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ,  Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр нарт УИХ дах МАН-ын гишүүдээс голчлон асуулт тавьж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар “Боловсролын байгууллагын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох асуудлыг яагаад хавтайгруулсан, аймгийн сургууль, цэцэрлэгийн багш ажилтнууд тэтгэмжид хамрагдах эсэх, яагаад зарим тэтгэмж олголтыг хойшлуулж 2014 оноос хэрэгжүүлэх болов” гэдгийг сонирхож байлаа.

Боловсролын салбарт ажиллагсдад урамшуулал, тэтгэмжийг хавтгайруулан олгох асуудлыг өмнөх парламентын үед хуулийн төслийг анх санаачлагчид оруулж ирснээр батлуулаад байсан юм байна. Тиймээс энэ удаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэтгэмжийг хоёр үе шаттайгаар олгох хуулийн төсөл санаачилжээ.

Тэтгэмжийг олгохдоо сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн байгууллагын ажилтан гэдэгт аймгийн төвийн сум хамрагдаж байгаа гэдгийг З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр гишүүд хэлсэн. Тодруулбал, 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хуулийн заалтыг хоёр хувааж, үе шаттайгаар буюу боловсролын сургалтын байгууллагын зарим ажилчдад 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс олгох, мөн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаалд ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход улсын төсвөөс  өмчийн хэлбэрийг үл харгалзан 1 удаагийн мөнгөн тэтгэмж олгох заалтаас “өмчийн хэлбэрийг үл харгалзан” гэдэг үгийг хасаж төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгт ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1 удаагийн тэтгэмж авдаг болгох, мөн боловсролын туслах ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1 нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалтыг 2014 оны 1 дүгээр сараас дагаж мөрдөхөөр боллоо. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.