УИХ-ын ээлжит бус чуулганаар үргэлжүүлэн хэлэлцэж байгаа асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг
2012.09.07

Ц.Даваасүрэн: Боловсролын салбарын хөрөнгө оруулалт муу хийгдсэн байна

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсон зэргээс шалтгаалан төсөвт тодотгол хийж байгаа ч төсвийн алдагдал 4,9 хувьд хүрч байгааг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцоллоо.

Төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүйн тулд зам, барилгын зарим ажлыг ирэх жилийн төсөвт тусгахаар хойшлуулсан, төсөв танасан зэргээс үүдэн УИХ-ын зарим гишүүн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Улаан нараас асуулт асууж саналаа хэлж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулахаар МУ-ын 2012 оны төсөвт 1,6 тэрбум төгрөг тусгасан байсныг хасч тодотгол хийсэн байна.  

Сум, багыг холбоожуулах төсөвт хөрөнгийг хэвээр оруулж ирээч” гэв. Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд зарим сум, багийг холбоожуулахдаа “Жи-мобайл”-ын  сүлжээгээр холбоожуулна гээд тодорхой нэг компани, хэрэгжүүлэх технологийн нэрийг заасан нь тендерийн хуулийн агуулгатай нийцэхгүй байгаа. Тендер зарлагдаж байж сонгон шалгаруулалтаар багийг холбоожуулах ажил хийгдэх учиртай.

Тиймээс тодотголоор Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулах асуудал байнгын хорооны хурал дээр дэмжигдээгүй” гэсэн тайлбар хэлсэн юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл мөн санал хэлсэн. Тэрбээр “ Жи-мобайл” гэдэг нэр саад болоод байгаа бол энэ үгийг хасая гэдэг дээр санал хураая гэсэн боловч гишүүдийн дэмжлэг авсангүй. Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд С.Баямбацогт гишүүнд хандаж “Сангийн сайд Ч.Улаан  ирэх жилийн төсөвт Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулах хөрөнгийг тусгая гэлээ. Тиймээс гуравхан сар хүлээчих. Гэхдээ тэр үед “Жи-мобайл” гэсэн нэрийг хасч оруулж ирэх хэрэгтэй гэв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “ Хүүхэд бүрт 21 мянган төгрөг үргэлжлүүлэн өгөхөөр Хүний хөгжил сангийн2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуульд уг нь өөрчлөлт оруулахдаа гишүүдийн гуравны нэгээр шийдэх ёстой”  хэмээн сануулж байлаа. Түүнчлэн “Хүний хөгжил сангаас олгох 21 мянган төгрөгийг зөвхөн хүүхдэд гэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, амьжиргаажих түвшинээс доогуур орлоготой иргэдэд өгөхөөр тодотгоё. Мөн Завхан аймгийн зам, гүүрний засвараас хасагдсан төсвийг нэмж өгөөч. Завханд эрчим хүч хязгаарлагдмал байдгаас өвөлжилт хүндэрдэг” гэв.

 Төсийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хүний хөгжлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, амьжиргаажих түвшинээс доогуур орлоготой иргэдэд 21 мянган төгрөг өгөх асуудал байнгын хорооны хурал дээр яригдсан ч дэмжигдээгүй” гэсэн хариулт өглөө.

Монгол Улсын 2012 оны төсөвт орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд 6,1 тэрбум төгрөг зарцуулна хэмээн төсөвлөжээ. Гэвч СЕХ-ноос гаргасан судалгаа, нарийвчлалын дүнд 3,1 тэрбум төгрөг нэмж тодотгох асуудал энэ чуулганы хуралдаан дээр яригдлаа. Хэдийгээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл эцэслэгдээгүй байгаа ч шаардлагатай хөрөнгийг урьдчилан төсвийн тодотголоор нэмж батлуулах хэрэгтэй гэж зарим гишүүн үзэж байна.  

Тиймээс СЕХ-нд орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион явуулахад  нийт 9,2 тэрбум төгрөг шаардлагатай гэснийг чуулганы хуралдаанд оролцогч нийт гишүүдийн 56 хувь нь дэмжиж төсөвт суулгахаар боллоо .  УИХ-ын гишүүн Д.Ганбат Эзэн богд Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх санал гаргасныг дийлэнх гишүүн дэмжиж шаардлагатай хөрөнгийн асуудлыг мөн чуулганаар хэлэлцэж байна. Гэхдээ ганц удаа тохиох ойн арга хэмжээг 1,5 тэрбум төгрөгт багтаах тооцоо хийж байгаа гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.