Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хууль батлагдлаа
2012.11.09

Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хууль батлагдлаа

“Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2012.11.08/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлалаа. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асуух гишүүн байсангүй, харин төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Ингээд “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай” хуулийн төслийг хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 /76,9%/ нь дэмжснээр батлагдав.

Уг хуулиар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахад 2012 оны төсвийн тухай хуулийн зарим зүйл заалтанд хамааруулахгүй байх талаар тусгажээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн  нийт   орлого 7,088,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 40,2 хувь байна

Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хийж, дэмжсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд уншиж, танилцууллаа.

Тэрээр, чуулганы хуралдаанаар уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн орлого, зарлагын үзүүлэлт болон хөрөнгө орлогын хавсралтад суулган зохих тооцооллыг хийсэн тухай мэдэгдээд, зарим орлого, тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан тул төсвийн орлого талд тусгагдсан гаалийн албан татварын 3.0 тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-ын 6.3 тэрбум төгрөг буюу нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос бууруулж тооцсон.

Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох” журамд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3 тэрбум төгрөг, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөгийг нэмэх болон бусад саналын дагуу өөрчлөлтүүдийг тусгажээ.

2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах төсвийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүдэд тайлбар хийв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн саналуудын дагуу төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 131,0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, харин хөрөнгө оруулалтын зардлыг 58,4 тэрбум төгрөгөөр бууруулж, гадаад зээлийн хөрөнгө оруулалтын зардлаас 74,8 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж тусгасан байна.

Д.Оюунхорол гишүүн: Нийгмийн халамжийг зорилтод бүлэгт чиглүүлэх хэрэгтэй

Ийнхүү дээрх өөрчлөлтүүдийг тусгахад Нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч

Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.

Энэ нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Өмнө нь нэг хүнд ногдох ДНБ-ийг цалингийн доод хэмжээтэй уялдуулан зорилт дэвшүүлэн ажиллаж байсан. Цалин, тэтгэвэрийг нэмэхгүй царцаах бодлого барьж байгаа гэж ойлгож болох уу? Манай улсын цалингийн доод хэмжээ дундаж орны жишигтэй харьцуулахад доогуур. Өнгөрсөн жил 3,6 орчим их наяд төгрөгийг батлаж байхдаа бид цалин хөлсийг нэмж болж байсан. Гэтэл одоо 7 орчим их наяд төгрөгийн төсөв хэлэлцэгдэж байхад цалин, тэтгэвэрийг нэмэх тал дээр асуудал яригдахгүй байна. 140 гаруй төрийн албан хаагч байгаа. Тэдгээрийн цалин дунджаар 600-700 мянган төгрөг, тэтгэвэрийн доод хэмжээ 100-120 мянга байгаа. Энэ талаар байнгын хороон дээр яригдсан зүйл байна уу, юмны үнийг барина, тогтооно гээд байгаа ч биднээс хамаарахгүй гадаадаас үүдэлтэй үнийн өсөлт гарч байна шүү дээ хэмээн асуусан. Энэ асуултанд Ерөний сайд Н.Алтанхуяг, Цалингийн нэмэгдэл нэрээр үнийн өсөлтийг хөөргөх бодлого барихгүй. Үнэндээ цалин, тэтгэвэрийн өсөлт иргэдийн бус цөөн хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүний бизнесийг дэмжиж байна. Нефть импортолдог компаниудын тухайд бүгд үнэ өсгөхгүй байгаа. Бензиний хомсдол, үнийн өсөлтийг эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн агуулгатай байна гэж харж байна. Хариуцлага тооцно хэмээн хариулсан. Ачилтанд байгаа түлшийг оруулаад АИ92 бензин  44 хоногийн, дизель түлш 12 хоногийн нөөцтэй байгаа. Манай улс дэлхийн худалдааны орнуудын гишүүн ч бусадтай харьцуулбал 300 орчим долларын өндөр үнээр түлш худалдан авч байгаа. Нефтийн татварыг тэглэсэн ч үр дүн гарахгүй байна. Энэ нь хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсныг харуулж байгаа талаар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбарлалаа.           

Нефьтийн асуудлаар Д.Ганхуяг гишүүн үг хэлэв

           

Харин УИХ-ынгишүүн С.Дэмбэрэл, Төсвийн тухай хуулийн төсөл нь төсвийн тусгай шаардалгуудыг хангалаа гэлээ. Ямар шаардлага вэ гэдгийг тодрууллаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн  нийт   орлого 7,088,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 40,2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага өрөгн барьсан төслөөс 4,6 тэрбум төгрөгөөр буурч 7,444,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 42,2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356,3 тэрбум төгрөгт буюу ДНБ-ийн 2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байгаа аж. Тиймээс ирэх оны төсвийг бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барихаа дурьдав.

Үүгээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дуусч дөрөв дэх хэлэлцүүлэг эхэлсэн.  

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль батлагдлаа

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дуусч дөрөв дэх хэлэлцүүлэг эхэлж, УИХ-ын дарга төслийн зүйл заалт бүрээр санал хураалт явуулав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин  нар төслийн зарим заалтын талаар асуулт асууж, саналаа хэллээ.

Монгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,975,087,2 сяа төгрөгөөр баталж, засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 4,215,200 сяа төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн ирэх онд Улаанбаатар хот 3.7 тэрбум, Орхон аймаг 2.6 тэрбум, Өмнөговь аймаг 23.6 тэрбум төгрөгийг тус бүр Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр болсон. Хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 38 /86,4%/ дэмжснээр батлагдлаа.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухайд аж ахуй нэгж, байгууллагаас төлөх шимтгэлд 313,161,3 сая төгрөг, ажиллагсадаас төлөх шимтгэл 382,529,7 сая төгрөг, төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 131,164,4 сая төгрөг, нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг  6,2 сая төгрөг байхаар тус тус баталж байна. Тус сангийн зарлагыг 1,066,808,9 сая төгрөгөөр тооцох нь зүйтээй хэмээн үзэж, 70,5 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль мөн батлагдсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүний хөгжил сангийн хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол бид хууль зөрчиж байгаа. Хуулиндаа ялгаварлахгүйгээр, тэгш эрхтэйгээр эх орны хишгийг хуваарилж, хүртээнэ гэж заасан. Гэтэл хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувь хишиг хүртээх асуудал яригдаж байгаа. Хуулиа хэзээ өөрчлөх вэ гэдгийг тодруулсан. Асуултанд салбарын сайд, төсвийн байнгын хорооны дарга нар өөрчлөлтийг ойрын хугацаанд хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд баялагийг эхний ээлжинд зорилтот бүлэгт хүртээж, үлдсэн хэсгээр  хуримтлал бүрдүүлэх нь зүйтэй хэмээн хариуллаа.

С.Бямбацогт гишүүн: Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй

 

Ингээд Хүний хөгжил сангийн 2013 оны төсөвт хуримтлуулах мөнгийг 49,795,0 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн 80 хувь дэмжлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, “Бид төсвийн тухай хуулийг 11 дүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах ёстой. Долоо хоногийн өмнө батлалаа. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүстээ баяр хүргэе. Сайн ажиллалаа” хэмээгээд дараагийн асуудалдаа оров.

“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд дараагийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүлэв.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 2012 оны есдүгээр сард шинэчлэгдэн батлагдаж, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтад “Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, түүний итгэмжлэгдсэн ажилтны болон сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжийг сонгуулийн хороонд хүргэх, сонгуулийн хорооноос татан авах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнтэй холбогдох бусад зардал болон цагдаагийн хамгаалалтын зардлыг тухайн байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ” гэж заасан байдаг.

Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Хууль зүйн сайдын төсвийн багцад тусгаагүй байгаа юм байна. Уг заалтыг хэрэгжүүлэхэд нийт 1,843,4 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг Хууль зүйн сайдын 2012 оны төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжгүй хэмээн салбарын сайд үзэж буйгаа УИХ-ын даргад мэдэгдлээ. Иймд энэхүү зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судлан үзээд, Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын төсвийн багцын зарцуулагдахгүй үлдэгдлээс санхүүжүүлэх боломжтой хэмээн УИХ-ын шийдвэрийн төслийг ийнхүү боловсруулан өргөн барьж байгаа юм байна.

Ө.Энхтүвшин гишүүн: Ерөнхий сайдын багцад байгаа тодорхойгүй 50 тэрбум цаашдаа  буруу жишиг тогтоох гээд байна

СЕХ-ны даргын 2012 оны төсвийн багцад Улс төрийн намын тухай хуулийн 19.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан хүчинтэй саналыг нийт хүчинтэй саналын тоонд харьцуулах зарчмаар, нэг саналд нэг мянган төгрөгөөр тооцон, УИХ-д суудал бүхий намд нэг удаа олгох мөнгөн дэмжлэгт 3,8 тэрбум төгрөг төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 1,4 тэрбум төгрөг санхүүжүүлж, 2,4 тэрбум төгрөгийн зарцуулагдаагүй үлдэгдэл байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.