"Байрны урьдчилгааг 10 хувь болгосны дараах эрсдэл иргэд дээр л үүснэ"
Барилга Хот Байгуулалтын Сайд З.Баянсэлэнгэ
2015.11.04

"Байрны урьдчилгааг 10 хувь болгосны дараах эрсдэл иргэд дээр л үүснэ"

Барилга Хот Байгуулалтын Сайд З.Баянсэлэнгээс байрны зээлийн 10 хувийн урьдчилгааг хэзээ эцэлсэн шийдэх талаар тодрууллаа.

-Байрны 10 хувийн урьдчилгааны асуудлаас болж нийгэмд нэлээд асуудал үүсээд байна. Яам энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ?

- Яам энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоо орон сууцны 30 хувийн урьдчилгаатай зээл хэрэгжээд явж байгаа. Гагцхүү 10 хувь болгох асуудлын эдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Хэд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. 

Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. 

Энэ асуудлыг сайтар ярилцаж байна.  10 хувийн урьдчилгаа нь иргэдэд нэг талаараа эрсдэлтэй. Үүнийг ярьж, хэлэхгүй бол болохгүй. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ. Дундаж насны хүн байрны зээл авлаа гэхэд тэтгэвэрт гартлаа, зарим нь тэтгэвэрт гарсан хойноо байрны зээлээ төлж амьдрах нь. Иргэд бага хэмжээний мөнгө төлөөд байртай болж байгаа ч түүний дараагийн эх үүсвэр нь хүндрэлтэй, сард төлөх хэмжээ өндөр учраас энэ эрсдэлийг тооцох шаардлага гараад байгаа. Байрны 10 хувийг урьдчилгааг хэрэгжүүлэхээр бол энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.

-Гэхдээ нөгөө талд барилгын салбарт зарагдахгүй байгаа олон мянган байрыг зарахын тулд урьдчилгааг 10 хувь болгох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

-Байрны урьдчилгааг 10 хувь болгосны дараах эрсдэл иргэд дээр л үүснэ. Хүнд 30 жилийн хугацаанд өвчин зовлон, үхэл хагацал тохионо. Үүнийг ч бас бодох ёстой. Банк бол яах вэ. Зээлээ төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг нь хураагаад авчих байх. Нөгөө талд байрны 10 хувийн урьдчилгаа бол нийслэлд борлогдохгүй байгаа 48 мянган орон сууцны тухай асуудал энд хамаатай. Энэ бүх асуудлыг тал талаас нь харахгүй бол сэтгэлийн хөөрлөөр шийдэж огт болохгүй.

-Байрны 10 хувь дээр эцсийн шийдвэр яг хэзээ гарах вэ гэдэгт та хариулт өгнө үү?

-Ямар ч байсан энэ сардаа багтаж асуудлыг шийднэ.