8000 гаруй өрхөд шуурхай албаны тусламж үзүүлэх гарцыг чөлөөллөө
БГД-ийн 10-р хороололын зөвшөөрөлгүй сунгасан хашаа, хаалт грааш өргөтгөлийг өнөөдөр буулгалаа. Учир нь иргэдэд шуурхай албаны тусламж хүрэхэд эдгээр хашлага саад болдог байсан юм.
8000 гаруй өрх амьдардаг Голден парк хотхон өнөөдрийг хүртэл шуурхай албаны тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байжээ. Учир нь гал команд түргэн тусламжийн машин хорооллын хажуугийн нарийн замаар багтдаггүй. 200 метрийн цаана машинаа тавиад өөрсдөө гүйх шаардлага гардаг байна. Тэр дундаа оройн цагаар иргэд машинаа хэт замбараагүй тавьдагаас үүдэн хотхонруу ордог ганц замаар зорчих ямар ч боломжгүй болдог. Энэ мэт бэрхшээлүүдийн улмаас албан байгууллага болон айл өрхрүү шуурхай албаныхан орох нөөц зам байх ёстой байдаг байна. Гэтэл Голден парк хотхоны нөөц замыг Материал импекс компани таглаж төмөр татан блокон хашаагаар тусгаарлажээ. Харин өнөөдөр дүүргийн онцгой байдлын алба хаагч нар гарцыг чөлөөллөө.
Голден парк хотхоны асуудал үүгээр дууссангүй. Аюул ослын үед иргэд зорчих зориулалттай аврах гарцуудыг төмөр тор татан цоожилжээ. Гал гарах үед лифт ашиглахыг хориглодог, мөн шатаар зорчиход угаартах аюултай тул энэхүү аваарын гарц оршин суугчдын ганц найдвар болно. Гэтэл СӨХ-ны зүгээс аваарын гарцыг давхар бүрт нь нэг айлд хариуцуулан өгчээ. Харин айлууд өөрсдийн эд хогшлоо энд хурааж гарцыг түгжжээ.
Онцгой байдлын алба хаагч нар гарцыг нээх үед иргэд эсэргүүцсэн юм. Хаалга онгорхой байх тохиололд хүүхэд унах аюултай гэж тэд үзэж байна. Өмнө нь тус хотхоны аваарын гарцаар нэг хүн унаж амь насаа алдаж байжээ.
Зөвхөн Голден парк хотхон ч бус сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламж бүрийн аваарын гарц түгжээтэй байдаг болсон. Үүнээс үүдэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ оройтсон оршин суугчид галын аюулаас амжиж гардаггүй олон жишээ байгааг ч хэллээ. Түүнээс гадна нийслэлийн хэмжээнд дээрхтэй ижил шуурхай албаны машин орох боломжгүй 1270 обьект байгаа бөгөөд Дүүрэг тус бүр дээр онцгой байдлын албанаас чөлөөлөх ажлыг эхлүүлжээ. Учир нь өнгөрсөн удаа орц гарц хаалттай байснаас үүдэн иргэд амь нас эд хөрөнгөөрөө хохирсон 30-аад тохиолдол бүртгэгджээ.