Хууль зүйн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.11.18

Хууль зүйн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.18/ хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдан төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн тус Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат гишүүдэд дуулгаад Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Үүний дараа Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй 25 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хороо

Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр дүгнэлт гаргажээ.

Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаараа үзсэн байна.

Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурджээ.

Хууль зүйн байнгын хороо

Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтээрээ, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ...дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна хэмээн үзэж дээрх заалтуудыг2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Цэцийн шийдвэрийг хүлээн авч, алдаагаа засах хэрэгтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх үеэр танилцуулах баримтуудаа цуглуулан, үндэслэлээ сайн боловсруулах хэрэгтэй гээд Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг харуулж байна гэж хэлсэн.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үеэр тус цэцийн гишүүд үндэслэл, тайлбар сонсохгүй, шинжлэх ухааны яриа, судалгааны тоо баримтыг авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан хэмээсэн. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Шүүх байгуулах тухай хуулийн дээр дурдсан заалт тус бүрээр санал хураалт явууллаа.

Хууль зүйн байнгын хороо

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Энэ өдрийн хуралдаанаар Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томиллоо