”Чингис”,”Самурай” бонд, Хөгжлийн банкинд маш олон ноцтой асуудал илэрсэн
Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сард байгуулсан.
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн тайлангаа тавих хугацаа хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байгаа. Тэд нэгэнт гаргасан дүгнэлтээ УИХ болон Монголын нийгэмд танилцуулж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаагийн ард эрх баригч намын томоохон улстөрчдийн элдэв янзын дарамт шахалт, ажлын хэсэгт орсон гишүүдэд янз бүрийн шугамаар ирж байгаа тодорхой шантааж, сүрдүүлгээс үүдсэн болгоомжлол, айдас нуугдаж байсан нь тодорхой болж байна.
Манай сонин энэ хэргийн араас уйгагүй хөөцөлдөж, “Хөгжлийн банк” бондын мөнгийг дур мэдэн хараа хяналтгүй цацаж, дунд нь ихээхэн хөрөнгө шамшигдуулсан байж болох хэргийн сэжүүрийг нийгэмд дэлгэн тавьсанд хонзогносон Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат манай сэтгүүлчийг шүүхэд өгөөд байгаа. Гэхдээ удахгүй үнэн ялж, “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал биднээс уучлал гуйх өдөр ойртож байна. Ингээд дээрх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай хийсэн яриаг хүргэж байна.
-Өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хурал дээр “Чингис”, ”Самурай” бондын зарцуулалт болон “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулна гэсэн ч яагаад ч юм хуралдаагүй. Ярилцлагаа эндээс эхлэх үү?
-Өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Чингис”, “Самурай” бонд “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаатай холбоотой шалгалтын дүнгээ танилцуулах хуваарьтай байсан. Тэгтэл дээрх байнгын хороонд харьяалагддаг АН-ын гишүүд зориуд хуралдаанд орж ирэхгүй, ирцийг бүрдүүлэхгүй байснаас шалтгаалан хурал хойшилсон. Энэ ажлын хэсгийг З.Энхболд даргын захирамжаар байгуулж 10 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг миний бие ахалсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
-Өөрийг тань олон удаа хоргоож байсан болохоор мэдээд байгаа. Харин ажлын хэсэгт орсон гишүүдийг яагаад тэгтлээ нууцлаад байсан хэрэг вэ. Аль эсвэл гишүүдийн нэрийг нууцлах үүрэг өгсөн юм уу?
-Ер нь бол “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт, шалгалт хийх үүрэгтэй байгуулсан ажлын хэсгийн гишүүдийг тэгтлээ нууцлаад, нэрийг нь зарлахаас зугатаад байсан зүйл байхгүй л дээ. УИХ-д суудалтай бараг бүх нам, эвслийн бүлгийн гишүүд багтсан байгаа. Тухайлбал эрх баригч АН-аас гэхэд л Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг бие даагчдын зөвлөлөөс Х.Болорчулуун, “Шударга ёс” эвслээс Г.Уянга, МАН-аас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, тайлангаа ярилцаж, дүгнэлт хийж ажилласан. Ажлын хэсгийн дэд хэсэгт Монголбанк, Үндэсний Аудитын ерөнхий газар, Сангийн яамны төлөөллүүд орж хамтран ажилласан.
-Та бүхэн өнгөрсөн хугацаанд яг ямар байгууллагуудад төвлөрөн ажиллаж, хяналт шалгалт хийсэн бэ?
-Угаасаа хуулиараа УИХ-ын гишүүд ямар нэгэн байгууллага дээр явж очоод хяналт , шалгалт хийгээд байх эрх мэдэл нь хязгаарлагдмал шүү дээ. Тийм учраас шалгалтын удирдамжуудад заасан чиглэлийн дагуу Аудитын ерөнхий газар өөрөө шалгасан. Аудитын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн хүмүүс тусгайлсан шалгалтын ажиллагаа явуулсныхаа дараа хоёр дүгнэлт гаргасан. Эхнийх нь өнгөрсөн гуравдугаар сард, дараагийнх нь наадмын өмнө зургаадугаар сард гарсан байгаа.
-Мэргэжлийн байгууллагын эхний дүгнэлт найм, дараагийнх нь таван сарын өмнө гарчихаад байхад яагаад тэрхүү шалгалтын дүнг УИХ болон Монголын нийгэмд мэдээлэхгүй өнөөдрийг хүрсэн хэрэг вэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
-Аудитын ерөнхий газар дүгнэлтээ нэгтгэж өгөхгүй нэлээн цаг авсан. Бас дүгнэлтийн мөрөөр дахин хяналт, шалгалт хийсэн зүйл байхыг ч үгүйсгэхгүй. Аудитын ерөнхий газрын дүгнэлтээс гадна Сангийн яамнаас мэргэжлийн шинжээчид гарч “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулсан юм. Тэр ажлын хэсэг ч дүгнэлтээ гаргасан. Бид өнгөрсөн мягмар гарагт хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр танилцуулахаар бэлдээд байсан дүгнэлт бол Аудитын ерөнхий газраас гаргасан хоёр дүгнэлт, Сангийн яамнаас гаргасан “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүгнэлт, мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж биелэхгүй байгааг дүгнэсэн дүгнэлт зэргийг базаж нэгтгэсэн материал байсан юм.
-Танай ажлын хэсэгт орсон Г.Уянга, Х.Болорчулуун зэрэг гишүүнээс энэ талаар асуухаар “Бидэнд матераил тарааж өгөөгүй, ер нь тэр ажилд нь ч бараг оролцоогүй” гэсэн булзааруулсан хариулт өгөөд байсан нь ямар учиртай юм бол. Ер нь шалгалтын дүгнэлтүүдээ ажлын хэсгийн гишүүдэд хэзээ тарааж өгсөн юм бэ, бүгдээрээ гарын үсгээ зурж баталгаажуулсан уу?
-Тэдгээр гишүүд яагаад тийм ойлгомжгүй юм яриад байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн ажлын хэсэг таван удаа хуралдаж, тодорхой дүгнэлтээ гаргаад бүх гишүүн тараасан. Ажлын хэсгийн дүгнэлт дээр гарын үсэг зурсан гишүүд өнөөдрийн байдлаар миний бие, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Уянга гишүүд байна. Харин ажлын хэсэгт орсон АН-ын Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, бие даагч Х.Болорчулуун нар өнөөдөртөө багтаад гарын үсгээ зурна л гэцгээсэн. Хэрвээ тэд өнөөдөр гарын үсгээ зурчихвал дүгнэлтээ тун удахгүй олон нийтэд ил болгон зарлана.
-Бүтэн тав, зургаан сар энэ шалгалтын дүнг хав дарж, нууцлаж байгаагийн цаана “Чингис”,”Самурай” бондын мөнгө “Хөгжлийн банк”-аас олон арван тэрбум төгрөг зувчуулсан УИХ дахь нам намын төлөөллүүд, тодорхой улстөрчид дарамт, шахалт үзүүлж өнөөдрийг хүртэл гацаасан юм биш үү?
/ТВ5/
-Зарим нэгэн дарамт, ил далд эсэргүүцэл, тэмцэл байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч хөрөнгө мөнгө эзэнгүйдүүлж, зувчуулсан зөрчил дутагдал арай ч дээ гэмээр их хэмжээтэй гарсан л даа. Та нар бод л доо. Өнөөдөр “Чингис”, “Самурай “ бондын зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд яагаад энэ ажлаа хийхгүй байна, яагаад болж л өгвөл хойш нь татаад байна, өнөөдөр дүгнэлт гарчихаад байхад яагаад зөвшөөрсөн гарын үсгээ зурахгүй байна гээд олон асуудал бий.
Миний сонссон мэдээллээр бол УИХ болон АН-ын дарга З.Энхболд өөрийнхөө захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа л байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэсэн байр суурьтай байгаа тухай албан бус мэдээлэл авсан. УИХ-ын дарга өөрөө захирамж гаргаж байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг өөрийнхөө намын бүлгээр хэлэлцсэний дараа, түүнээс гарсан зөвлөмж, дүгнэлтийн дараа байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаа нь арай хэтэрхий улстөржсөн үйл ажиллагаа болж байна.
Нэг ёсондоо дээрх бондын мөнгөнөөс идэж шамшигдуулсан намынхаа гишүүдийг яаж хаацайлах арга хайж байна гэж л ажлын хэсгийн ахлагчийн хувьд хардаж байгаа. Надад хардах эрх байж болно биз дээ.
-Энэ дүгнэлт дотор эхнээсээ л ихээхэн ноцтой, “но”-той зүйл их байна. Жишээлбэл Увс аймагт барих 3.2 км замыг хоёр тэрбумаар тавих гэж байсныг 27 тэрбум болгон оруулж ирээд улсын төсөвт суулгачихсан байх жишээтэй. Энэ мэтийн хулгай, луйвар олныг илрүүлсэн үү?
-Ганцхан Увс аймгийн тэр зам ч биш. Энд бүхэлдээ Тендерийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн олон үйлдэл байгаа. Хамгийн гол нь УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлээгүй байгаа болохоор энэ бүхнийг одоо дэлгэж болохгүй байна. Мэдээж ирэх долоо хоногт Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хурал зарлагдаж гишүүдийн ирц гүйцсэн тохиолдолд энэ бүхэн мэдээлэгдэж, нийгэмд тодорхой болно шүү дээ.
Аудитын дүгнэлт бол эхнээсээ танай сонинд гарч олон нийтэд ил болоод л явж байгаа шүү дээ. Хэрвээ ирэх долоо хоногт хуваарийн дагуу байнгын хороогоор орохгүй, АН-ын гишүүд дахин бойкотлоод байвал ажлын хэсэгт орсон МАН-ын гишүүд болон “Шударга ёс” эвслийн Г.Уянга гишүүн бид хэд ямар ч гэсэн эдгээр мэдээллүүдийг олон нийтэд ил болгоно.
-Сангийн яамны дүгнэлт бол тусдаа “Хөгжлийн банк”-ны талаар гарсан гэж ойлголоо. Харин Аудитын ерөнхий газар болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн талаарх дүгнэлтүүд хоорондоо зөрсөн, зөрчилдсөн зүйл бий юу?
-Аудитын ерөнхий газрын гуравдугаар сард гарсан буюу эхний дүгнэлтийн зарим тоо баримтыг дараа нь гарсан дүгнэлтээр үгүйсгэж байгаа зүйл бол бий. Аудитын ерөнхий газар нэг газар дээр хоёр удаа шалгалт хийгээд гаргасан дүгнэлтүүд нь зарим газраа зөрчилдөж, тоо баримт нь зөрүүтэй гарсан юмнууд байгаа. Мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг ингэж ингэж зөрчсөн байна гээд гарчихсан байгаа дүгнэлтүүд ч бий. Харин Сангийн яамнаас “Хөгжлийн банк”-ыг шалгаад ийм ийм ажлууд дээр ямар ч тендер зарлахгүй шууд гэрээ хийчихсэн байна гэсэн олон зөрчил илрүүлсэн.
Жишээлбэл, зам барих ажилд тусгай зөвшөөрөл нь гараагүй компаниудад тендерийг нь авч өгөнгүүтээ шууд гэрээ хийгээд санхүүжилтийг нь олгочихсон байна. Зарим нь төсөвт өртөг нь тун шалихгүй гэрээ хийсэн мөртлөө яг төсөл хэрэгжилтийн явцад үнэлгээ нь хэд дахин нэмэгдчихсэн байж л байна. Энэ бүх асуудлыг УИХ-ын Дэгийн хуулийн дагуу хоёр байнгын хорооны хурал дээр ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна. Ирэх лхагва гарагт Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хуралдаж энэ ноцтой дүгнэлтийг авч хэлэлцэхгүй бол ажлын хэсгийн даргын хувьд албан ёсоор мэдэгдэхэд АН-ынхны үхэн хатан хамгаалаад байгаа бүх мэдээллийг олон нийтэд дэлгэж тавих болно.
-Гадны компаниуд тендерт давуу эрх эдэлсэн, ямар нэгэн авлига хээл хахуулийн шинжтэйгээр асуудлаа шийдүүлсэн тохиодол олон байна уу?
-Миний ойлгож байгаагаар “Хөгжлийн банк”-наас 2000 орчим аж ахуйн нэгжүүд их бага хэмжээний зээл авчихсан байгаа юм. Мөн маш олон эргэлзээтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүд энэ бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа руу нарийвчлан орж, шалгах эрх байхгүй. Тэгэхээр энэ бүх зээл, төсөл хөтөлбөрүүд хэний зөвшөөрлөөр, хэрхэн яаж санхүүжүүлэгдэж байсан юм, яагаад явцын дунд төсөвт өртгүүд нь хэд дахин нэмэгдээд байсан юм гэдгийг хууль хяналтын байгууллагууд л нарийвчлан шалгаж, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоогоод, улсад учирсан хохирлыг барагдуулах ёстой.
“Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг долоо, найман сар хангалттай ажиллалаа, дүгнэлтээ гаргачихлаа. Энэ дүгнэлтийн дагуу Засгийн газар юу хийх ёстой юм, “Хөгжлийн банк” нь энэ алдаа дутагдлаа хэрхэн засч залруулах юм гэдэг бол дараагийн асуудал.
Бид бүгд хуулийн дор тэгш эрх, үүрэгтэйгээр амьдрах учиртай. Аль аль тендер будлиантсан байна, ямар төслийн өртөг явцын дунд хэд дахин нэмэгдсэн байна, тэнд ямар улстөрч, бизнесменүүдийн гар, хөл хутгалдсан байна гэдгийг яваандаа хууль хяналтын байгууллагууд шалгаад, нотлоод гаргаад ирэх нь тодорхой. Энэ бүгдийг бид дүгнэлтэдээ тодорхой гаргаад тавьчихсан байгаа.
-Гаднаас аль нэгэн байгуулагын зүгээс ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн зүйл байгаа юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. УИХ-ын гишүүдэд гадны ямар нэгэн байгууллагаас нөлөөлөх, шахалт үзүүлсэн зүйл өнөөдрийг хүртэл гараагүй. Тийм эрх ч тэдгээр байгууллагуудад байхгүй. УИХ бол өөрөө хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах бүрэн эрхтэй байгууллага болохоор УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүй.
-Таны хувьд хоёр долоо хоногийн өмнө байна “Маргааш дүгнэлтээ танилцуулна” гэж байснаа гэнэтхэн чимээгүй болчихсон. Ямар нэгэн дарамт ирсэн юм биш биз?
-Ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд сураг чимээгүй алга болчихсон юм. Тэгэхээр нь би “Та нар тэгээд байвал бид дүгнэлтээ танилцууллаа шүү” гэсэн чинь маргааш нь л хүрээд ирцгээсэн. Тун удахгүй тодорхой дүгнэлт, саналуудаа ч гаргацгаасан. Жишээлбэл, энэ дүгнэлт дотор Г.Батхүү гишүүний дүгнэлт ч орчихсон явж байгаа. Гэтэл өөрсдөө дүгнэлтээ бичиж өгсөн мөртлөө олон нийтэд зарлах гэхээр зугатаагаад байгаагийн учрыг л олохгүй байна. Гэхдээ тун удахгүй энэ асуудал нэг тийш болно.