Хөгжлийн банк ба түүнийг тойрсон асуудлууд
Хөгжлийн банк ба түүнийг тойрсон асуудлууд
2015.11.26

Хөгжлийн банк ба түүнийг тойрсон асуудлууд

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн тайланг хэлэлцэх байлаа. Гэвч хэд хэдэн шалтгаанаар хэлэлцэх асуудал хойшлов.

Ажлын хэсгийн хуралдаанд гишүүд нь бүрэн оролцоогүй, гаргасан дүгнэлтийг ихэнх гишүүн хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Аудитын газрын тайлан, Сангийн яамны мэдээллээс тус ажлын хэсгийн тайлан зөрүүтэй гарсан учир үнэн бодитой мэдээлэл гэдэгт эргэлзсэн гишүүд байсан учир хуралдааныг орхин гарсан юм.

Ингээд ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх боломжгүй болсон. Энэ асуудалд АН болон МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа юм. Байнгын хороо хуралдаагүй учир ажлын хэсгийн гурван гишүүн мэдээлэл хийж, дүгнэлтээ танилцуулсан. Тэдний араас Хөгжлийн банкы удирдлагууд тайлбар мэдээлэл өгсөн. 

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Тайлан 
шаардлага хангаагүй байна 

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонынхон энэ тайланг хэлэлцэхгүй удаж байгаа аж. Харин өчигдөр тараасан дүгнэлтийг шаардлага хангахгүй хэмээн үзэж хэлэлцэхээс татгалзсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ажлын хэсгийн материал дутуу байна. Ажлын хэсгийн хуралд зарим гишүүн ороогүй гэдэг тайлбар өгч байгаа. Иймээс хуралдааны шаардлага хангасан материал биш гэж үзэж байна. Хуралдааны үеэр аль болох энэ асуудлыг шийдээд явъя гэж миний хэлсэн үг протоколд орсон. Дутуу материал орж ирсэн гээд гишүүд хуралдаа орохгүй ирц бүрдэхгүй байгаа болохоор хэлэлцэх боломжгүй” гэж байр сууриа илэрхийлсэн. 

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн. Ингээд хуралдаанаар тайланг хэлэлцэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн нь энэ. Байнгын хороодын хам­тар­сан хуралдааны үеэр АН-ын бүлгийн дар­га Б.Гарамгайбаатар “Аж­лын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Аудитын гаргасан тайлантай ажлын хэсгийн тараасан материал зөрчилдөж байна. 2-3 удаа Байнгын хороогоор оруулаад хэлэлцээгүй шалтгаан нь өөр. Ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны хурлыг хэд хэдэн удаа өөрөө хойшлуулсан. Олонхийг бүрдүүлж байгаа нь АН үнэн ч, МАН-ын оролцоо ч чухал. АН ирцээ бүрдүүл гэчихээд өөрсдөө хуралдах сонирхол байдаггүй. Үнэхээр улс төр орсон байна. Сонгууль эхэлсэн юм байна. МАН-ынхан 2016 оны сонгуульд ялчихлаа гэж төсөөлөөд байх шиг. АН засаг барьж чадахгүй, муу муухай гэдэг. 90 гаруй жилд Ардын нам шиг төрд оролцоотой нам байгаагүй. Гэтэл бид бол бурхан шиг гэж тайлбарлаад та нар үр дүнд хүрэхгүй” хэмээн багагүй бухимдсан юм.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Ойлголцоод буруу, зөрүү мэдээллээ нэгтгээд явъя

МАН-ын бүлгийнхэн тайланг хэлэлцэхгүй зориуд хурал хаялаа гэж үзсэн. Ингээд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Нийгэмд үүссэн буруу ташаа мэдээллүүдийг нэг тийш болгохын тулд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайланг хурдан хэлэлцээд явах ёстой. Гарын үсэг зурахгүй хэсэг хойшилсон.

Хуралдаанд оруулах гэж бас хэсэг хугацаа авсан. Одоо хэлэлцэх гэхээр ирцээ бүрдүүлж чадахгүй, гишүүд хуралдаа суухгүй байна. АН-ын гишүүд гараад явчихлаа. Ирцээ бүрдүүлж чадахгүй, засаг барьж чадахгүй байж МАН ажил гацаалаа гэлээ. Ажлаа явуулъя. Болохгүй байгааг нь хүч түрэн шийдээд яах юм. Ойлголцоод шийдэхээ шийдээд, буруу зөрүү мэдээл­лээ нэгтгээд явъя” гэсэн юм. 

Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар зарласан цагаасаа нэлээд хожимдон ирж ийм мэдээлэл хийв. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ таван удаа хуралдсан. Энэ хурлын тэмдэглэлийг УИХ-ын гишүүдэд тараасан гэлээ. Ажлын хэсгийн дүгнэлт дээр гарын үсэг зурсан дөрвөн гишүүн өөрсдийн санал санаачилгаараа энэ дүгнэлтийг гаргаагүй гэлээ. Ажлын хэсгийн гаргасан тайланд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Г.Уянга нар гарын үсэг зурсан аж. Тэд Аудитын газарт Хөгжлийн банкийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьж. Хоёр дүгнэлтийн нэгийг нь 2014 онд Засгийн газраас гаргасан үнэт цаас болон “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн гэсэн албан ёсны тайлан.

2015 онд Хөгжлийн банкны эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах талаар хоёр дахь дүгнэлт нь гарсан. Сангийн яамнаас ажлын хэсэг гарч Хөгжлийн банкийг шалгасан гэсэн юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан талаар гишүүд хэллээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк ихэнх төсөл хөтөлбөрөө УИХ-аар батлуулаагүй, тендер зарлаагүй замын ажлууд гүйцэтгэсэн, 5.4 сая ам.долларын зарцуулалт тодорхойгүй гэх мэтчлэн хууль зөрчсөн зүйлүүд байсан гэж дурдсан.

Н.Мөнхбат: Хөгжлийн банкны нэр төрд халдсан гүтгэлгийг шүүхээр шалгуулна 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэвлэлийн бага хурал хийж, бондын зарцуулалтад шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн мэдээллийг няцаасан тайлбар өглөө. Бондын зарцуулалт, эргэн төлөлтөд үнэн бодит дүгнэлт өгөх УИХ-ын ажлын хэсэг боловч Хөгжлийн банкийг шалгаж байгаа мэтээр ташаа мэдээлэл хүргэж, зарим үед гуйвуулсан, гүтгэсэн өнгө аястай зүйл олон нийтэд түгээж байгааг тэрээр эсэргүүцэв. Улстөржүүлсэн, хэрхэн гаргасан нь тодорхойгүй дүгнэлт гээч материалууд Байнгын хорооны хуралдаанд тараалаа гэж Хөгжлийн банкны захирал хэлсэн юм. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийм хариулт өглөө.  

-Хөгжлийн банк УИХ-аар батлаагүй төслийг санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн гэж ажлын хэсгийнхэн хэлж байгаа?

-Энэ бол зөвхөн улс төрийн хүчний боловсруулсан бичиг баримт. Үүнийг  ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. Аудитын газар хоёр удаа шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргасан. Хөгжлийн банк хуулийн дагуу зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдийг л санхүүжүүлдэг. Түүнээсээ огт гажаагүй. Ажлын хэсгийнхэн гээд байгаа хүмүүс хэвлэл мэдээллээр гарсан гүтгэлэг маягийн зүйлийг тайландаа оруулсан байсан. Ийм түвшинд ажил явуулж буйд харамсч байна. 

-“Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан гэх мэдээлэлд хариулт хэлбэл?

-Улсын төсвийн алдагдлыг бондын мөнгөөс нөхөх ямар ч боломжгүй. Бид тогтоолын хүрээнд Засгийн газрын бондод тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Зас­гийн газрын тогтоолд “Чингис” бондын мөнгөөр болох­гүй, зөвхөн Хөгжлийн банкны өө­рийн босгосон мөнгөөр хө­рөнгө оруулалт хийнэ гэж маш тодорхой заасан бай­даг. Тэр заалтын дагуу бид хөрөнгө оруулалт хийсэн ч за­рим асуудал гарсан учраас болиулсан. 

-Увс аймагт зам тавьсан компани хоёр тэрбум төгрөгөөр ажил хийсэн байхад Хөгжлийн банк 10 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэгт тайлбар хийвэл?

-“Гудамж” төслийнхнийг үүнд тайлбар өгөөч гэж хандсан. Сангийн яамны шалгалт гэж нэрлээд буй материалд буруу ойлголтоор орсон байсан. Хоёр тэрбум төгрөгөөр тавьсан зам нь орон нутгийн хөрөнгөөр барьсан юм билээ. “Гудамж” төслийн ажилд ороогүй, өөр зүйлтэй андуурчихсан байна лээ. Энэ мэт хоорондоо ямар ч холбоогүй хоёр ажлыг олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, УИХ дээр ярьж байна. Тиймээс залруулах үүднээс мэдээлэл хийж байгаа юм. 

-Хөгжлийн банкны ажилчдыг гадаадад өндөр төлбөр төлж, эмчлүүлсэн гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?

-Манай байгууллагын талаар нэг төөрөгдөл яваад байдаг. Манайх бол төсвийн байгууллага биш улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Өөрийн орлого ашигт ажиллагаагаар санхүүждэг. Эрх зүйн статусаар ХХК. Зуун хувь Засгийн газрын өмчийн. Манай ажилчид маш сайн ажилласан. Гурван жилийн турш монгол ажилчдын маань бий болгож чадсан ашиг орлого 240-250 тэрбум төгрөг болж байгаа. Хэн нь жинхэнээсээ ажиллаад хэн нь харлуулаад байдаг нь энэ тооноос харагдах байх. “Гранд мед” гэдэг монгол эмнэлэгт жилд нэг удаа ажилчдаа үзлэгт оруулахад 40 гаруй сая төгрөг болсон. Улсын төсөв, бондын хөрөнгө энд хамаагүй. Бид бие даасан байгууллагын хувьд ийм ажлаа хийгээд явалгүй яахав. Манайх 100 гаруй ажилтантай. Ажлын ачаалал  маш өндөр байдаг. Эрүүл мэндийн асуудлыг жижиг улс төрийнхөө хар пиар болгож ашиглахгүй байвал хүний ёсонд нийцэх байх. 

-Аудитын хоёр тайлан зөрсөн гэсэн?

-Нэг тайлан нь 2013 онд гарсан. Нөгөөх нь 2014 оныг дамжаад 2015 онд эцэслэгдсэн тайлан. Бид аудитын газарт танайх зөрчилтэй тайлан гарга­сан юм уу гэсэн хүсэлтээ албан ёсоор тавьсан. Үндэсний аудитын газ­раас эцэслэн гаргасан тайланг бид олон нийтэд мэдээлсэн. Ер нь али­ваа байгууллага, иргэний нэр хүндийг унагах зорилгоор гүтгэх нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс бид шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Ингэхээс өөр аргагүй.