2015.11.26

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн эко автобус иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол  инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа.

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд маргаашаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо.

Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөв.  

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээж, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дотооддоо эко автобус зохион бүтээсэн инженер, техникийн ажилчиддаа талархал илэрхийлье.

Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ болж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа юм. Энэхүү ажилд импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр өөрийн оронд үйлдвэрлэсэн нийтийн тээврийг үйлчилгээнд явуулж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах юм” гэлээ.