"Улаанбаатар смарт карт" компани тендерт шалгараагүй
ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг
2015.10.09

"Улаанбаатар смарт карт" компани тендерт шалгараагүй

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагийг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-д урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийтийн тээврийн хэрэгсэл төлбөрийнцахим системд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хүндрэл бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Смарт картад шилжсэнээр нэг талаар нийслэлийн нийтийн тээвэрт том шинэчлэл, өөрчлөлт гарлаа. Мэдээж энэ бол шинэ зүйл биш. Бусад оронд картаар нийтийн тээвэрт зорчих төлбөрөө төлдөг системд шилжээд нэлээд хугацаа өнгөрч байна. Харин Монголд гар аргаар хураамж авдаг байсан. Үүнээсээ болж янз бүрийн харилцаа үүсдэг байлаа. Иймээс үүнийг өөрчилж, шинэчлэл хийх зорилгоор смарт картыг нэвтрүүлсэн.

Үнэхээр өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй. Өөрчлөх ёстой. Гагцхүү шинэчлэлийг хийхдээ суурь системүүдээ өөрчлөөгүйгээс болоод хүндрэл гарч байна. Энэ нь төсөл хэрэгжүүлэгч тал манай улсын нийтийн тээврийн тогтолцоог судлаагүйтэй холбоотой.

-Ямар ч тооцоо судалгаа хийгдээгүй байна гэсэн үг үү. Уг нь төлбөрийн цахим системийг нэвтрүүлэх талаар аль хоёр жилийн өмнөөс яригдаж, өнөөдөр ажил хэрэг болж байгаа гэдэг шүү дээ?

-Үүссэн нөхцөл байдлуудаа шийдвэрлэж чадахгүй байна. Монголын нөхцөл байдалд хэрхэн тохируулж, асуудал гарвал газар дээр нь яаж шийдвэрлэх арга механизм нь алга. Ямар ч тооцоо судалгаагүй гэхэд хилсдэхгүй.

-Та төсөл хэрэгжүүлэгч компанийн талаар хэр мэдэх вэ?

-Олон улс оронд төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай компани гэдэг юм билээ. Хэрэв энэ нь үнэн бол энэ системийг нэвтрүүлэхэд ямар алдаа гардаг, үүнийг хэрхэн шийдвэрлэдэг туршлага, стандарт байна биз дээ. Тийм юм огт харагдахгүй байна. Асуудал гардаг, шийдэж чаддаггүй. Бүр таг чиг болчихдог.

-Уг нь төслийн сонгон шалгаруулалтаар “Датакарт консерциум” шалгарсан байдаг юм билээ. Монгол-Солонгосын компаниудын оролцоотой консерциум. Гэтэл өдгөө “Улаанбаатар смарт карт” компани төслийг хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?

-“Улаанбаатар смарт карт” компани тендерт шалгараагүй гэдгийг мэдэх юм. Харин “Дата карт консерциум” гэж компани шалгарсан гэдэг. Гэтэл консерциум нь эрхээ шилжүүлсэн юм уу, яасан юм бүү мэд. Ямар ч байсан өнөөдөр өөр компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд өгөөгүй. Тийм учраас тодорхой юм хэлж чадахгүй нь. Худалдан авах ажиллагааны газрынхан л мэдэх байх. Уг нь сонгон шалгаруулалтаар шалгарсан компани нь яаж ажиллах ёстой юм. Энэ бүхнийг тодорхой мэдээлэх л хэрэгтэй.  

-Монгол инженерүүд уг нь сонгон шалгаруулалтад орсон гэдэг. Үнийн санал нь ч боломжийн, дээр нь 3600 төгрөгөөр иргэдэд худалдаж байгаа картыг үнэ төлбөргүй өгөхөөр төсөлдөө тусгасан байсан гэдэг?

Нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ

-Монгол инженерүүд тав, зургаан сая ам.доллараар хийх санал өгсөн гэсэн. Гэтэл өнөөдөр зөвхөн гарааны хөрөнгө гэж 13 сая ам.доллараар энэ төслийг хэрэгжүүлж байна. Уг нь хамгийн бага үнэтэй санал хэрэгжих ёстой. Гэтэл энэ компани ямар журмаар, хэрхэн шалгарсныг нь мэдэхгүй юм. Нийслэлийн удирдлагууд л үүнд тодорхой тайлбар хийх байх.

-Нийтийн тээврийг ухаалагжуулсан биш иргэдийг бухимдуулж, эргээд автобус компаниудыг дампуурахад хүргээд байна. Смарт картыг нэвтрүүлсэнээр эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Смарт картад шилжсэнээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 20-иод аж ахуйн нэгж байдаг. “Зорчигч тээврийн нэгтгэл” гэхэд өмч нь л төрийнх болохоос өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Өдөрт олсон орлогоороо санхүүжиж, өрөнд орчихолгүй, дампуурч, хаалгаа барьчихалгүй явдаг. Гэтэл баазуудыг смарт картад шилжүүлснээр хэвийн үйл ажиллагаа нь алдагдаад байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний хомсдолд оруулчихлаа. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зорчигчдын тасалбарын хөлс буюу карт уншуулсан мөнгөн орлого "Улаанбаатар смарт" компанийн дансанд төвлөрч байгаа. Цахим хэлбэрээр уншигдаж, мөн бэлэн мөнгөөр  буюу хайрцгаар дамжин тус компанийн дансанд төвлөрч байгаа.

-Нэг дансанд төвлөрүүлээд эргээд өдөрт нь хуваарилдаг журам дэлхийн бусад оронд мөрдөгддөг юм билээ. Тэр журмаа тохироогүй юм биш үү?

-Олон улсад өдөрт нь мөнгийг нь хуваарилдаг журам байдаг юм билээ. Харамсалтай нь, манайд хуваарилах журам нь ч гараагүй. Үүнийгээ ч тохиролцоогүй байх жишээтэй. Яаж хуваарилах журмаа гаргаагүй байж мөнгөө тэр дансанд төвлөрүүлчихсэн. Ингээд яаж хуваарилахаа мэдэхгүй өнөөдрийг хүрээд байна. Хоёр сарын хугацаанд яаж хуваарилахаа мэдэхгүй явахаар санхүүгийн хувьд хүндрэлд орох нь тодорхой шүү дээ. Хоёр сар гэдэг урт хугацаа. Харин ч удаан тэвчиж байна. Одоо яалт ч үгүй санхүүгийн хямралд ороод зарим нь үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна.

-Өчигдөр өглөө зарим нийтийн тээврийнхэн түр хугацаагаар ажил хаялт хийсэн. Үүнийг хэлээд байна уу, та?

-Энэ бол ажил хаялт биш. Аргагүй нөхцөл байдалд хүрснийх. Түлш байхгүй болохоор автобус зогсоно. Тээврийн хэрэгсэл эвдэрвэл бас л зогсохоос өөр арагүй. Мөн цалин байхгүй болохоор ажилчид ажлаа хийхгүй. Ийм л асуудал үүсээд байгаа юм. Товчхондоо, наймдугаар сарын 15-наас хойш үйлчилгээний орлогоо аваагүй, шатахуун, цалингийн мөнгөгүй болсонтой холбоотой.

-Өнгөрөгч долоон хоногт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас асуудлыг шийдвэрлэхээр болж, эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн гэж байсан. Өнөөдрийг хүртэл журмаа батлахгүй байгаа нь ямар учиртай юм бол?

-Дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас арга хэмжээ авч ажиллаж байгаа юм шиг байна. Нийслэлийн төрийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар анхаарлаа үүнд хандуулж, шийдвэрлэж чадахгүй байгаа зарим нэг асуудлын чиг үүргийг шилжүүлж авах тухай ч яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэсэн.

-Танай компани хэдэн төгрөгийн өрөнд ороод байгаа вэ?

-Дөрвөн тэрбум төгрөгийн өрөнд орсон.

-Автобусыг ухаалагжуулахдаа нийтийн тээврийн маршрутыг өөрчилсөн. Өдгөө нийтийн тээвэр богино эргэлттэй болж, иргэд зайлшгүй дамжин суух нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулах болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Автобусны чиглэлийг өөрчлөх талаар та бүхнээс санал авсан уу. Огт аваагүй гэх юм билээ?

-Тийм ээ. Автобус компаниудтай маршрутын талаар огт ярилцаагүй. Ер нь бүхий л асуудлыг амьдрал дээр шийдвэрлэх ёстой биз дээ. Ядаж л уялдуулж, хөрсөнд буухуйц байдлаар хийх хэрэгтэй. Гэтэл Нийслэлийн тээврийн газрынхан гэж 11 давхар бүхий өндөр барилгад байрладаг хэдэн хүн нийтийн тээврийн асуудлыг шийдчихсэн дээ. Иймээс өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүргэж байна. Уг нь маршрут шугамыг хамаагүй задалж болдоггүй юм. Энэ чинь олон жил яваад тогтчихсон урсгал чиглэлийг өөрчлөх хэрэггүй гэдгийг бид хэлсэн.

Ядаж л зорчигчид дамжаад суухаар хоёр дахин мөнгө төлнө. Энэ юу нь сайн байх вэ дээ. Ийм хүндрэл бэрхшээл үүсгэлгүйгээр яваад сурчихсан маршрут байгаа юм гэдгийг ч ойлгуулахыг хичээсэн. Гэвч дарга нар, удирдлагууд шууд шийдсэн. Эцэст нь өнөөх нь бодит байдалтай нийцэхгүй асуудал үүсгэж байгаа юм. Хэрэв бидний саналыг авч, тодорхой хэмжээгээр тусгасан бол арай л өөр байх байсан.

-“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс маршрут, чиглэлийг хуучин хэвэнд нь оруулах санал хүргүүлсэн гэж байсан. Энэ асуудлыг авч хэлэлцсэн үү, ямар хариу өгсөн бэ?

Автобусны маршрут солигдсон өдрөөс асуудал үүсч эхэлсэн

-Автобусны маршрут солигдсон өдрөөс асуудал үүсч эхэлсэн. Иргэдээс, мөн шугамаараа явж байгаа жолооч, кондуктороос ч гомдол ирсэн. Тийм учраас энэ маршрутаа өөрчлөөч ээ. Энэ чинь амьдралд нийцэхгүй байна гэж Нийтийн тээвэрт санал, хүсэлт тавьсан. Нийтийн тээврийн газар маршрутыг хуваарилж, бас өөрчилдөг. Гэвч тэд бидний үгийг аваагүй. Асуудал их үүсч байгаа. Маршрутаас болж үүсч байгаа асуудлыг Нийтийн тээвэр л хариуцах ёстой.

-Дамжиж суух тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх тухай хотын удирдлагууд мэдэгдэж байсан. Тодруулбал, дамжин суухдаа дараагийн автобусанд 30 минутын дотор суувал үнэ төлбөргүй гэж. Энэ асуудал шийдэгдчихсэн мэт хэлж байсан ч үнэн хэрэгтээ тэр тухай эцэслээгүй юм билээ. Энэ талаар та бүхэнд хэлж, зааварчилгаа өгсөн зүйл бий юу?

-Амаараа л яриад байгаа болохоос амьдрал дээр болох уу, болохгүй юу гэдгийг судлаагүй. Үнэхээр хариуцлагагүй байна. Дарга нар дамжин суулт хийнэ, үнэ төлбөргүй байна гэж олон нийтэд зарласан. Гэтэл тэр программаа хийж чадахгүй байна. Зохицуулалтаа хийж чадаагүй байж хийнэ гэж хэлдэг нь буруу. Хэрэв ийм программаар хийх боломжтой гэж үзэж байгаа бол тэр тухайгаа л хэлэх хэрэгтэй. Түүнээс биш хийгээгүй байж дамжин суултыг үнэ төлбөргүй болгоно, картаа уншуулаагүй хүнийг 1000 төгрөгөөр тээвэрлэнэ гэж худлаа ярих хэрэггүй.

-Карт аваагүй зорчигчдыг 1000 төгрөгөөр тээвэрлэнэ гэдэг дарга нарын үг юм уу?

-Шинэчлэлтэй холбоотой олон асуудал бий. Амьдралд нийцэхгүй, шийдвэрлэх боломжгүй. Дарга нар л хэлж, хийсэн учраас хөрсөнд буудаггүй. Доороо байгаа биднээс огт асуугаагүй. Өнөөдөр 1000 битгий хэл 500 төгрөгөө ч хийхгүй зорчигчид байна. Картаа ч уншуулдаггүй. Ийм байхад юун 1000 төгрөг үйлчилгээнд авах.

-“Улаанбаатар смарт карт” компанийн данснаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд мөнгө шилжүүлэх үйл явцад хяналтын болон хуваарилалтын алдаа гарсан гэж тайлбарлаж байна билээ. Хэрхэн мөнгө хуваарилах журмын талаар та бүхэнтэй санал солилцсон уу?

-Дүрэм журмын талаар биднээс асуудаггүй. Дарга нар ярилцаад л шийдчихдэг. Юуг үндэслэж, ямар амьдрал дээр тулгуурлаж юм хийж байгаа нь ойлгомжгүй. Бидэнд санал өгөх бололцоо олгохгүй байна. Тэгэхээр тэр журам амьдралд хэрхэн нийцэхээр гарч ирэх юм бүү мэд.

-Ямар ч тооцоо судалгаагүйгээр хэтэрхий яараад хийчихэв үү дээ гэх байдал ажиглагдаж байна?

-Шинэчлэл хийж, төлбөрийн бэлэн бус үйлчилгээнд шилжих нь зөв. Цаг үе нь ч мөн. Хамгийн гол нь хэрэгжүүлэх явцад процессийн алдаа гаргаад байна. Жишээ нь, маршрутыг өөрчлөхгүйгээр орж болох байлаа. Хэрэгжүүлж байгаа компани нь Монголын нөхцөл байдлыг судалж, бүтээгдэхүүнээ нийцүүлсэн байх ёстой. Тогтолцоо нь ямар билээ. Хаанаасаа хаашаа явдаг. Босоо, хэвтээ хэдэн км явж байж иргэддээ үйлчилдэг, хэдэн салаа маршруттай гээд судлах хэрэгтэй. Үүний дараа Монголын хөрсөнд буухуйц, амьдралд нийцэхээр төслөө боловсруулах хэрэгтэй байсан юм. Гэвч тэгсэнгүй.

-Иргэд өглөө, оройд автобус олж суух гэж зүдэрч байна. Дамжих унаа нь ч олдохгүй байна шүү дээ. Зарим нь хүнээ багтаахгүй болохоор буудал алгасах боллоо. Уг нь төслийг хэрэгжүүлэхдээ дараагийн автобус хэдэн минутын дараа ирэхийг хүртэл зорчигч хянаж болохоор зохицуулна гэж байсан. Энэ ч өнгөрч гэхэд тухайн тээврийн хэрэгсэл өдөрт хэдэн эргэлт хийж байгааг хянах боломж байна уу?

-Манай автобуснуудад GPS  байгаа. Гэхдээ МТ станц нь байхгүй гэсэн үг. Энэ төхөөрөмжөөр автобусны эргэлтийг хянадаг байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл эцсийн буудал дээр ирэхэд тэрхүү төхөөрөмжид бүртгэгдэнэ. Нөгөө эцсийн зогсоол дээр ирэхэд мөн адил бүртгэнэ. Ингэснээр тэр автобус хэдэн эргэлт хийснийг шалгаж, орлого тооцоолдог байсан.

Гэтэл төлбөрийн цахим системд шилжиж, маршрут өөрчлөгдөж, богино эргэлттэй болсноор дээрх төхөөрөмжийг ашиглалтаас гаргачихсан. Улмаар давхар хяналт байхгүй болсон. Богино эргэлттэй болсноор автобус нөгөө эцсийн буудал хүрэхээ больсон. Гэтэл нөгөө дохиоллын самбар нь хэдхэн эцсийн буудалд байдаг. Ийнхүү хяналтыг үгүй болгосноор автобусыг хянах боломжгүй болсон гэхэд хилсдэхгүй.