Нийтийн тээврийнхэн хүнд байдалд оржээ
Хотын захирагч Э.Бат-Үүл болон автобус компаниудын удирддагууд өчигдөр “халуухан” хуралдав.
Автобусуудыг ухаалаг болгосон биш, компаниуд нь өнөө маргаашгүй дампуурах дээрээ тулжээ. Цас орж, хүйтэрч байгаа энэ үед автобуснуудынхаа зуны дугуйг солихоос эхлээд мөнгө хураагч нарт ажлаас гэнэт халагдсаны нөхөн олговрын мөнгө өгөх, жолооч нарын цалин зэрэг түмэн асуудлаар Э.Бат-Үүл даргыг “булж” орхив.
Нийтийн тээврийнхэн “U money” цахим төлбөрийн системд шилжсэнээр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан тухайн автобусны явсан цаг, эргэлтийнх нь тоогоор орлогыг нь компаниудад нь хувиарлаж буй. Ингэхдээ автобус компанийн орлого бүрээс 10 хувийн шимтгэл авдаг. Үүнийг нь болиулж өгөхийг хотын удирдлагуудаас хүсэв.
Цахим систем нэвтрүүлсэн хоёрхон сарын хугацаанд тэрбум төгрөгийн алдалдалтай ажилласан гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Ц.Одонтунгалаг учирлахад энэ мөнгийг нь “Улаанбаатар смарт карт” ХХК-ийс гаргуулж өгнө гэж ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тайлбарласан.
“Улаанбаатар смарт карт” ХХК-нд бусад компаниуд 170, 500 сая төгрөгийн өртэй буйгаа дуулгав. Э.Бат-Үүл дарга нийтийн тээврийн орлогыг төр гартаа авна гээд нэгдсэн консерциум байгуулах, эхэсэд компанийн удирдлагууд санал өгөхийг үүрэгдсэн юм.