Хөгжлийн банкны тухай хууль батлаад, тэндээсээ бизнесийн зээл олгож байхаар шийдвэрлэсэн шүү дээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.11.27

Хөгжлийн банкны тухай хууль батлаад, тэндээсээ бизнесийн зээл олгож байхаар шийдвэрлэсэн шүү дээ

“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн хуралдаанаар  хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Хөгжлийн банкны тухай хууль батлаад зөндөө удаж байна. Тус банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэлийг УИХ-аас баталж, тогтоол гаргадаг. Эрчим хүч, төмөр зам гэхчлэн бид тогтоол гаргаж байсан. Хөгжлийн банкны тухай хууль батлагдаад, хууль дүрмийн дагуу ажиллаж ирсэн. Зах зээлгүй учраас бүтээгдэхүүн борлогддоггүй, үнэ нь хямдардаг нь зах зээлийн зарчим. Бид зөндөө судалсан. Урагшаагаа хонь, ямааны мах гараад байна л гэдэг.

Өдий хүртэл бид албажуулж чадаагүй. Зах зээл нэмэгдүүлэх тал дээр төр ажиллахгүй бол үнэхээр болохгүй байгаа юм. Р.Бурмаа гишүүн хэлсэн, ийм арга хэмжээ авсан гэдгээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас хөлдүү мах авч болно гэсэн албан ёсны бичиг нь Хорио цээрийн албанаас нь ирчихсэн байна. Саяхан хоёр орны Махны холбоо зургаан тэрбум юаньтай тэнцэх мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Зах зээл нэмэгдэх юм бол ингээд л гараад явчихна. 

Хоёрдугаарт, үйлдвэрлэл хөгжихгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явахгүй байгаа нь арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаатай холбоотой. Арилжааны банкны зээлийн хүү 18-20 хувьтай байгаа. Тиймээс Хөгжлийн банкны тухай хууль батлаад, тэндээсээ бизнесийн зээл олгож байхаар шийдвэрлэсэн шүү дээ.

Энэ хүрээнд Хөгжлийн банкны тухай хуульд нийцүүлэн тогтоолд тодорхой заалт тусгаж өгсөн байгаа. Төсөвтэй холбоогүй гээд байдаг. Гэтэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л асуудал төсөвтэй холбогддог. Сонгууль дөхөхөөр жижиг, жижиг улс төр хийгээд бие биеэ ойлгохоо байчихлаа. Иймд энэ төслийг дэмжих саналтай байна” хэмээсэн юм.