Энэ хавар кг ноолуурын үнэ 50 мянган төгрөгөөс дээш өсөхгүй гэв
2012.03.26

Энэ хавар кг ноолуурын үнэ 50 мянган төгрөгөөс дээш өсөхгүй гэв

Энэ хавар кг ноо­луурын үнэ 100 мянган төгрөг хүрнэ гэсэн мэдээ­лэл цацагдах болсон. Бид ноолуурын үнийн талаар бодитой мэдээ­лэл хүргэх зорилгоор сал­бар, салбарын төлөөл­лийг редакцдаа урьж  хэ­лэлцүүлэг зохион бай­гуул­лаа.  Ээлжит хэлэл­цүүл­гийнхээ  зочдоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсам­буу, "Ээрмэл" ХХК-ийн дэд захирал А.Төмөр-Очир, "Алтай кашемир" ХХК-ийн хэлтсийн дарга Н.Батболд, "Гоёо" ХХК-ийн менежер С.Батболд, "Говь" ХК-ийн Чанар, стандарт, баталгаа­жуу­лалтын албаны дарга, чанарын менежер С.На­ранцэцэг, "Үлэмж каше­мир" ХХК-ийн захирал М.Сосордулам, Хэнтий аймгийн Жаргалтхаан су­мын малчин, Хан хэнтийн мянгат малчдын  холбоо­ны тэргүүн В.Сампил нар уригдсан юм. 

-Энэ жил нэг кг ноо­луурын үнэ 100 мянган төгрөг хүрнэ гэж ярьж байна. Хэр бодитой таамаг вэ?


Монголын ноос, ноо­луурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу: Үйлдвэрүүдийн хувьд ихэнх нь бонд авсан учраас өмнөх жилүүдийг бодвол илүү хөрөнгөтэй, зах зээл дээр өрсөлдөж үнэ хаялцах боломжтой байгаа. Ноолуур дэл­хийн зах зээл дээр алт, зэс, нефть шиг үнэ нь яригд­даг өвөрмөц түүхий эд. Тэр дундаа Европын тэр­гүүний хөгжилтэй орнуу­даас хамаардаг. Тиймээс дотооддоо ийм байна гэж ярихаас илүү дэл­хийн зах зээл дээр ноо­луурын үнэ ямар байх талаар мал­чид, үйлдвэрлэгчид, ноо­луурын арилжаа най­маанд оролцдог бүх хүн тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн 20 жилийн судалгаа­гаар ноолуурын зах зээ­лийн хаалтын үнэ ямар байна, нээлтийн үнэ тэр түвшинд байдаг. Гурван тохиол­долд л өөр бай­сан.


Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн жил 57-58 мянган төг­рөгөөр эхлэх байх гэсэн таамаг талаар болж 70 мянган төгрөгөөр эхэлчихсэн. Юунаас болсныг хэлж мэдэхгүй ч манай өмнөд хөр­шийнхөн тийм үнээр  авсан. Өнөө  жил гадаад зах зээл нэлээд хүнд бай­гаа.  Өнгөрсөн онд манай үйлд­вэ­рүүдийн самнасан ноолуурын нэлээд хэсэг нь борлуулагдаагүй. Үүний нэг шалтгаан нь ноолуурын ханш тодор­хой хугацаанд  хэлбэлз­дэг. Эхний дөрөв, таван жил өн­дөрсөөд, дараагийн дөрөв таван жил намсах гэх мэтээр солбидог. Энэ жил ноолуурын үнэ бууж эхэл­сэн үе. Бидний хамгийн гол өр­сөлдөгч бол өмнөд хөрш. Хятад 2009, 2010 онд бэлчээрийн даацад нөлөөлж байна гэж үзээд  ямаагаа маш ихээр заазалсан. Малчдын хувьд ямаанаас хонь нь илүү ашиг­тай байгаа. Төр засгаас нь  ноо­луурын үйлдвэрийг хүүтэй, хүүгүй их мөнгөөр дэмждэгээ зогсоочих­сон. Ийм шалтгаанаар  Монголын зах зээлээс ноолуур их үнээр зодож авах боломж нь хязгаар­лагдаж эхэлсэн.

Гэхдээ нэг зүйлийг шударгаар хэлэхэд Хятадын бэлтгэлийн ноо­луурын үнэ манайхаас өндөр байгаа. Учир нь 15.5 микроноос доош нарийнтай. Ноолуур 15 мик­рон болоод нарийсаад ирэхээрээ өндөр үнэтэй бүтээгдэхүүн хийх боломж нээгддэг. 16, 16.5 микрон болчихоор сайн  бүтээгдэхүүн хийх боломжгүй болчихдог. Гадаад зах зээл дээр өнгөрсөн оны дундуур ямааны самнасан ноолуур  кг нь 120-130 мянга  байсан. Одоо 100 мянга орчимд эргэлдэж байна. Үүнийг бохир ноолуур руу шилжүү­лэхээр энэ жилийн бохир ноолуу­рын дэлхийн зах зээлийн үнэ нь 45-50 мянган төгрөгт хэлбэлзэх тооцоо гарч байна.  Энэ нь манай хаалтын үнэтэй яг дүйж байгаа юм. Арванхоёрдугаар сарын сүүлч нэгдүгээр сарын эхээр радио, телевизээр зарласан үнэ 48-52 мянга байгаа. Хөдөөгүүр ноолуу­рын үнэ 100 мянга  болно гэсэн шум тарсан байна. Ийм цуу яриа малч­дыг хүлээлтийн байдалд оруулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэ­нэ: Монгол орон дэлхийн хэмжээ­ний экспортын гол нэрийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэдэг том орон. Харамсалтай нь дэлхийн хэмжээ­ний энэ салбар дахь бодлогоо алдсан учраас  олон бэрхшээлтэй тулгарч байна.  Ялангуяа ноолуу­рын үнэ ханш их хэлбэлздэг. 40 мянган төгрөг хүрч байсан ноолуур 20 мянган төгрөг хүрэхгүй болж  үнэ нь унасан. Төр малчдынхаа тушаа­сан ноолуурын тн тутамд урам­шуулал өгөх, ноолуурыг үйлдвэ­рүүдийг үйл ажиллагаагаа сайж­руулахад нь бонд гаргах зэрэг бодитой дэмжлэг үзүүлсэн. Өнөөд­рийн бидний шүтээд байгаа уул уурхайн үйлдвэрлэлээс илүү үр өгөөжтэй, тогтвортой салбар бол ноос ноолуур. Дэлхийн зах зээл дээр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлийг хамгаалах хэрэгтэй байна.  

-Үйлдвэрлэгчид энэ жил хич­нээн тонн ноолуур бэлдэх вэ. Үнийн хувьд та бүхний таамаг өнгөрсөн жилийнх шиг эв­дэгдвэл яах вэ. Цаашид цик­лээрээ явна гэхээр ноолуу­рын үнэ ирэх жилүүдэд унана гэсэн үг үү?


Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндон­самбуу: Дэлхийн зах зээл дээр яригддаг үнийг бид энд дураараа тийм ийм болно гэж өөрчилбөл  өөрөө л ойчно гэсэн үг. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээлээ дагаад 50 мянга орчим төгрөгт л эргэлдэх байх. Нэгэнт л наймаа хэлэлцээ явагдаж байгаа учраас 50 мянган төгрөгт хүрэхийг үгүйс­гэхгүй. Үүнээс доошилно гэж  байх­гүй. Малчид ч тийм борлуулалт хийхгүй. Гэхдээ дээшээ өсөх хувил­бар энэ жилийн хувьд маш бага. Бидний тооцоолсноор өнөө жил  5000 гаруй тн ноолуур бэлтгэгдэх байх. Үүний 2500-3000 тн-ыг нь манай үйлдвэрлэгчид авна. Цааш­дын жилүүдийн хувьд циклтэй явдаг учраас унаж мэднэ. 4-5 жил унаад дахиад л өснө.

"Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Үнэ өснө гэсэн ярианы гол шалтгаан нь бонд. Засгийн газраас үйлдвэрүүдэд мөнгө өгсөн юм чинь ноолуураа өндөр үнээр  авах ёстой гэж малчид ойлгож байгаа. Гэтэл ноолуурын дэлхийн зах зээлийн үнэ ямар байгаа билээ. Түүхий эдийнх нь үнэ 90-100 мянган төгрөг хүрэх юм бол самнасан ноолуурыг 95 мянган төгрөгөөр авсан нь бидэнд ашигтай. Үйлдвэр болгон зардалтай. Бид ноолуураа үнэтэй авбал хэрэглэгчдэд үнэтэй бүтээг­дэхүүн очно.  100 мянган төгрөгөөр  түүхий эдээ аваад боловсруулбал самнасан ноолуур 130-140 мянган төгрөг болчихно. Эцсийн бүтээгдэ­хүүн болж гарахаар үнэ нь бүр өснө. 160 мянган төгрөгөөр зарагд­даг цамц дараа жил 250 мянган төгрөг болно гэсэн үг. Тэгэхээр борлуулалтын зах зээл хумигдаад ирнэ. Борлуулалт муудвал түүхий эдээ авахаа больж энэ салбарын хөгжил тэр хэрээр  доошилж таар­на.

-Ноолуурын үнээ өсгөх арга бий юу?


-Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Ноолуурынхаа үнийг өсгөх нэг арга бий. Ямааныхаа ноолуу­рыг нарийн болгож, нас, хүйсээр нь ялгаж самнавал боломж харагдаж байгаа. "Энэ ноолуур дандаа бор­лонгийнх. Би энэ ноолуураа 70 мянгаар үнэлнэ" гэвэл шууд авна. Борлонгийн ноолуур чинь 15.5 микрон хүрэхгүй. Тийм бол Хята­дын ноолуур шиг үнэтэй болоод  явчихна. Бас гарц гэж нэг айхтар юм бий. Манай ченжүүд эдийн засагт хувь нэмэр оруулсан ч нэг гай тарьсан. Ноолуурт элдвийн юм хольж гарцыг нь  унагасан. Дэл­хийн зах зээл дээр монгол ноо­луурын нэр хүнд доошилсон нэг том шалтгаан бол энэ.

-Ноолуурын үнэ дэлхийн зах зээлээс хамаардаг гэдэг ч яг үнэндээ  манай ноолуурын үнийг урд хөрш атгаж байна. Монголын төр ноолуурынхаа үнийг дэлхийн зах зээл дээр тулгах боломж нөхцөл хэр байна?


Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндон­самбуу: Хятадууд манай үнийг тодорхойлж байсан нь үнэн. Гэсэн ч тэд наймаачид учраас дэлхийн зах зээлийн үнэд тулгуурладаг. Тиймээс ч манайхан өрсөлдөөд авдаг байсан. Энэ жилийн хувьд хятадууд нөлөөлөх нь гайгүй байх. Гэхдээ орж ирэх юм шиг байна лээ. Ирлээ гээд өмнөх жил шиг уралдаж үнэ тогтоохгүй болов уу. Хаширсан гэж бодож байна. Учир нь өнгөрсөн онд бүгдээрээ 70 мянган төгрөгөөр  авчихсан чинь тэнд ч шаталт, энд ч шаталт болсон. Ний нуугүй хэлэхэд ноолуурыг ийм үнээр авсан нь үндэсний үйлдвэрлэгчдэд асар том цохилт болсон. Өнөө  жилийн хувьд үнийн хөөс арай шахагдаад зах зээлийнхээ зарчим руу хүссэн хүсээгүй орох байх. Үйлдвэрлэгчид малчдаас аль болох өндөр үнээр авахыг бодно. Авсаар ч ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эр­дэнэ: Г.Ёндонсамбуу гуайн хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Хятадын үйлдвэрлэгчдэд зах зээ­лээ алдчихаад хүлээн зөвшөөрсөн байдлаар ярьж сууж таарахгүй. Монгол Хятадтай эн тэнцүү өрсөл­дөж байсан энэ түүхий эд, брэнд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг  алд­сан. Өнөөдөр дэлхийд Монгол Улс хоёрдугаарт орж байгаа ч яг бодит байдлаар нь аваад үзвэл Хятадаас зургаа дахин ард хоцорчихсон явж байна. Хятадын ноолуур авдаг бэлтгэн нийлүүлдэг нөлөөнд нь автагдаад манай ноолуурын чанар ямар болоод байгаа билээ. Гарц хөөсөөр байгаад ямааных нь ча­нар яалаа. Ингээд хөөгөөд яривал олон асуудал бий. Үйлдвэрлэгчид, Ноос ноолуурын холбооноос то­дор­хой санал өгөх хэрэгтэй.  Хууль эрхзүйн зохицуулалтаар асуудлыг шийдээд өгөх бүрэн боломж бий. Зүгээр нэг эвлэрэнгүй  яваад байж болохгүй. Үндэсний 13 үйлдвэрийн цаана самнах угаах маягаар гаргадаг өчнөөн үйлдвэр бий. Ийм үйлдвэрүүдийг цэгцлэх  бодлого чиглэлийн талаар тодорхой санал гаргах юм бол бүгд хамтраад шийдэх боломжтой.

-"Эмээлт" зах дээр очоод ченжүүдтэй уулзахаар үйлд­вэрлэгчид хятадуудаас илүү шалгуур тавьдаг. Хямд үнэ хэл­дэг, үүнээс  болж малчдаас авсан ноолуураа  хятадуудад өгдөг гэж байсан. Үйлдвэр­лэг­чид үүнд ямар тайлбар өгөх вэ?


"Ээрмэл" ХХК-ийн дэд захи­рал А.Төмөр-Очир: Ер нь бол ноолуурыг ченжүүд, Хятадын ноо­луурын наймаа эрхлэгчид бөөн­дөөд авчихдаг. Гэхдээ манай  ком­пани өнгөрсөн жил 75 мянган төгрөгөөр  кг ноолуур авсан. Ялгаж авахаас өөр аргагүй. Биржийн хууль хэрэгжээд эхлэхээр энэ асуу­дал байхгүй болно. Ченжүүд бид­ний ажилд тусалдаг. Манай ком­панид  Баянхонгорын ноолуур бэлтгэдэг ченжүүд чанартай түүхий эд нийлүүлдэг. Бид нэг л зүгт явж байгаа. Манай компани энэ жил 200-300 тн ноолуур авах саналтай байна. Дэлхийн ноолуурын 70 хувийг Хятад ганцаараа бэлддэг бол манайх 20-25 хувийг нь бэлт­гэдэг улс. Мэдээж тэд  давамгайлах нь зайлшгүй. Гэхдээ бид ухарч бууж өгөх ёсгүй. Ноолуурынхаа микроныг нарийсгах талаар мал­чидтайгаа хамтран ажиллах ёстой. 

"Говь" ХК-ийн  Чанар, стан­дарт, баталгаажуулалтын алба­ны дарга, чанарын менежер С.Наранцэцэг: Манай компани 2007 онд хувьчлагдсанаасаа хойш  17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийсэн. Борлуулалт өнгөрсөн оныхоос 6.5 тэрбумаар өссөн. Бонд өгөөжөө өгсөн. Манайх түү­хий эдээ Монгол малынхаа бүтцийг хадгалж байгаа Хэнтийн  Галшар, Хөвсгөлийн Эрчмийн хар ямаа, Баянхонгорын Залаа жинсийн цагааныг онцолж бэлддэг. Бид малчныхаа хотонд  очиж түүхий эдээ  бэлддэг. Хаана үнэ байна, тэнд чанар явдаг. Түүхий эдийн үнийг үнэхээр тийм гэж хэлэхэд хэцүү. Хэд ч байсан манай компани авахад бэлэн. Сайн бэлдсэн то­хиолдолд үнэ хэлнэ.  Монгол нут­гийн цөм сүрэг Хэнтийн, Баян­хонгор, Хөвсгөлд байдаг учраас тэнд үнэ хэзээд бэлэн байдаг.

"Гоёо" ХХК-ийн менежер С.Батболд: Үндэсний үйлдвэрүүд яагаад өндөр шалгуураар авдаг вэ гэсэн асуултад хариулъя. Үйлд­вэрийн техник маань өндөр чанар­тай ноолуур шаарддаг. Угаахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хийх хүртэл ноолуурын чанар чухал байдаг. Сүүлийн үед монгол ноо­луур бүдүүрснийг  хүн бүр мэдэж байгаа.  Өндөр чанартай түүхий эд авахын тулд түүхий эд бэлтгэлийн дамжлагаар дамжих ёстой байдаг. Үүнийг малчид таагүй хүлээж авч,  хятадууд амархан авдаг гэж ойл­годог.

"Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Энэ жил манай компани  нэлээд хэмжээний түүхий эд бэлт­гэж авах бодолтой байгаа. Нас, хүйсээр нь ялгаад самначихвал үйлдвэрүүд түүхий эдээ үнэ хаял­цаад авах боломжтой. Малчид ухна үржүүлэх сонирхолтой бол­чих­сон. Учир нь ноолуурынх нь  гарц өндөр байдаг. Гэтэл чанар нь  үйлдвэрлэгчдийн тавьж байгаа стандартад хүрдэггүй.  Үйлдвэр­лэгч­­дэд гадаадын зах зээлд өрсөлдөх сонирхол бий. Байнга дотоодынхоо жижиг зах зээл дээр өрсөлдөнө гэж байхгүй. Гэтэл гадаад зах зээл дээр өрсөлдье гэхээр чанар маань хэр байгаа билээ. Тэгэхээр энэ салбараа дэмжье гэвэл  тодорхой аймгуудад байгаа цөм сүргийг сайжруулж, үржүүлэх талд анхаарвал зүгээр.

-Өнгөрсөн жилийн 100 тэрбум төгрөгийн бондын дийлэн­хийг нь "Говь", "Алтай каше­мир" зэрэг ноолуурын томоо­хон үйлдвэр­лэг­чид авч,  дэмжих ёстой жижиг, дунд үйлдвэрлэгчдэд цөөхөн хувь нь очсон гэсэн мэдээлэл бий. Бондын хуваарилалтыг яаж хийсэн бэ?


Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндон­самбуу: Бондын хуваарилалтыг  үндсэн хөрөнгө,  экспортонд ний­лүүлж байгаа бүтээгдэхүүний хэм­жээ, ажиллагсдын тоог харгалзаж хийсэн. Харин ч ихэнх жижиг үйлдвэр тэр бондыг авсан. Жижиг үйлдвэрүүд зөвхөн энэ бондоор санхүүжүүлэгдээгүй. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулж ул­саас гаргасан 150 тэрбум төгрөгийн бонд руу ч зарим нь орсон. Энэ жилийн хувьд бараг 20-иод жижиг үйлдвэр баригдах юм билээ..

"Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Сая манай компанийн нэрийг онцоллоо. Бид  тухайн үед сал­барын дэд сайд байсан Зол­жаргалын хариуцлагагүй байдлаас болж Засгийн газраас гаргасан бондод оролцоогүй. Уг нь бид  үндэсний томоохон үйлдвэрлэг­чийн нэгийн хувьд тоног төхөө­рөмжөө шинэчлэх, бэлтгэн ний­лүүлэгчдийн сүлжээг сайжруулах үүднээс оролцох хүсэлтэй байсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эр­дэнэ: Төрийн гаргасан дэмжлэг эзнээ олох ёстой. Ил тод байж, эцсийн үр дүн гарах учиртай. Тийм дэмжлэг үзүүлэхэд "Говь" үйлдвэр техникийн  ямар дэвшил хийв, гаргасан эцсийн бүтээгдэхүүн нь нэр төрөл, чанараараа дэлхийд өрсөлдөх хэмжээний байж чадсан уу гэдгийг харах хэрэгтэй.

-Танай аймагт ноолуур хэд­тэй байна?

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин Сампил: Хэнтий аймаг, зүүн бүс нутагт ноолуур яг өнөөдрийн байдлаар 72 мянган төгрөг байна. Цаашдаа ч өснө. Тэнд илүү сайн ноолуур бэлдэж гаргадаг учир үнэ нь харьцангуй  өөр байгаа байх. Цаашдаа үнийн бодлогыг зөв зохистой байлгая гэвэл үйлдвэр, ноолуур бэлтгэгч, малчдыг нэгтгэх хэрэгтэй. Нэг нь түүхий эд бэлтгэдэг, нөгөө нь үйлдвэрлэдэг гэсэн саланги ойл­голтоор биш хоёулаа үйлдвэрлэгч гэдэг утгаар үйлдвэрийн хоршсон хэлбэр рүү хандах учиртай. Дээд зэргийн өндөр чанартай ноолуур бэлдэж байгаа бүс нутаг, аймгуу­дын хувьд үнийг нь  төр хамгаа­лалтандаа авах шаардлагатай. Тийм чанартай ноолуураа бусдад алдаж болохгүй. Нутгийн асар өндөр шилмэл омгуудыг өөр хоо­ронд нь үржүүлж илүү чанартай ноолуур бэлдэх асуудалд малчдыг  бэлдэх хэрэгтэй.

-Энэ жил ноолуурын гарц хэр байгаа бол?


Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин Сампил: Энэ жилийн хувьд ноолуурын гарц харьцангуй бага байна.  Өнгөрсөн жил дулаан өвөл болсон. Дулаан тохиолдолд ноолуурын ургалт бага байдаг. Өндөр чанартай ноолуур­тай бүс нутгийн малчдыг жаварлаг, тал хээрийн бүс нутагт өвөлжүүлж хаваржуулахаас эхлээд мал мал­лагааны уламжлалт технологид нь өөрчлөлт хийх, уламжлалт техно­логио сэргээх шаардлагатай бол­жээ. Би сүүлийн 20 жил Хэрлэнбаян Улааны Баянгийн хар талд өвөл­жиж байна. Ингэсний хүчинд өлчир омог хэвшлийн 4000 мал сүрэг бий болгож чадсан. Гене­тикийн ла­боратори, шинжлэх ухааны олон байгууллагуудын дүгнэлтээр тогтоогд­сон. Патент авах шатандаа явж байна.

-Түүхий эд бэлтгэн нийлүү­лэгчид үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах санал тавь­даг ч нааштай хариу сонс­доггүй гэж байсан. Хамтран ажиллавал илүү үр дүн гарах юм биш үү?


"Үлэмж кашемир" ХХК-ийн захирал, Монголын ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн хол­бооны тэргүүн  М.Сосордулам: Манай бэлтгэн нийлүүлэгчид 18 аймагт суурин төлөөлөгчтэй. 360 суманд сүлжээ бий болгосон. Ард түмэн биднийг ченжүүд гээд яриад сурчихсан. Бид үйлдвэрлэгчид, шинээр байгуулах түүхий эдийн биржтэйгээ хамтран ажиллах са­налтай байгаа. Ченжүүд нэгдэж  ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгч­дийн холбоог байгуулаад хамтран ажиллаж байна.

-Үйлдвэрлэгчид олон улсын үзэсгэлэн худалдаанд орол­цохдоо тус тусдаа өөр, өөрийнхөө нэрээр зогсчихдог гэсэн шүүмжлэл бий. "Мон­гол ноолуур" гэсэн нэг хаяг дор зогсоод бүтээгдэхүүнээ сурталчилбал манай ноолуур дэлхийд брэнд болохоор ча­нартай.  Нэгдэж гадаад зах зээл дээр гарах талаар ярьсан юм бий юу?


Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ён­дон­самбуу: Манай холбоо Азийн хөгжлийн банктай хамтарч нэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Бүх үйлдвэрүүдийн ноолууран бүтээг­дэхүүнийг нэгтгэж  "Монголын тансаг үс" гэсэн нэрийн дор дэл­хийн зах зээл дээр гаргадаг болгоё гэж ярьж байгаа. Энэ санаа ажил болох гэж хоёр жил болох байх. Манай үйлдвэрүүдийн идэвх са­наачилга  их хэрэгтэй. Бидэнд япончууд "Нэг далбаан дор бөө­нөө­рөө Европ руу гар. Тэгвэл  амжилт олно" гэж зөвлөж байгаа. Гадныхан "Та нар ямар нэг үзэс­гэлэнд орохдоо "Говь", "Гоёо" гээд өөрсдийнхөө нэрийг л тавиад байх юм. Ингэвэл амжилттай ажиллах­гүй.  Монголд үйлдвэрлэв, Монго­лын ноолууран бүтээгдэхүүн гэсэн гарчиг тавьж сураач" гэж хэлээд байгаа шүү. Салангид байгаад байдаг нь монгол хүний гени юм чинь одоо яалтай билээ.

"Ээрмэл" ХХК-ийн дэд захи­рал А.Төмөр-Очир: Монголчууд хамтын тоглолтонд их муу. Спортод гэхэд л манайхан ганцаарчилсан тоглолтод медаль аваад байдаг. Багийн тоглолтод явж өгдөггүй.  Сүүлийн үед бид үүнийг маш сайн ойлгож байгаа. Нэг дээвэр дор нэгдье, Монголын ноолуур гэдгээр гадагшаа  гаръя гэж ярьж байна. Хувиа бодох үе өнгөрсөн.

"Говь" ХК-ийн  Чанар, стан­дарт, баталгаажуулалтын алба­ны дарга, чанарын менежер С.Наранцэцэг: Манай компани дэлхийн таван том цогц компанийн нэг. Түүхий эд бэлтгэлээсээ эхлээд бүх зүйлээ хийдэг. Хамгийн гол нь "Говь" компанийн утас бол 100 хувь, ямар ч хольцгүй. Манай 100 хувийн утсыг жижиг компаниуд авдаг. Нийлж ажиллах юм байлаа ч гэсэн компани бүр өөрийн гэсэн онцлогтой. Бид нийлж ажилладаг. Ажиллахгүй гээд тарсан юм ерөөсөө байхгүй. 

"Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Хоёр, гурван жилийн өмнө бид салж зогсдог байсан.Сүүлийн үед монгол компаниуд харьцангуй нэгдэж байгаа. Цаашдаа нэгэн дээвэр дор ажиллах нь ойл­гомжтой.

-В.Сампил та түрүүн өндөр чанартай ноолуураа бусад зах зээлд алдмааргүй байна гэж байсан. Ингэхийн тулд юу хийх хиймээр байна?


Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин Сампил: Эхлээд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Түүхий эд бэлтгэлийн систем хууч­наараа явбал  тийм ч үр дүнтэй болж чадахгүй байх. Зөвхөн ноо­луур дээр аваад үзэхээр ноолуу­рыг бэлтгэдэг, ангилдаг, зэрэг дугаарт оруулдаг хуучин тогтол­цоо­ноос авах сурах юм бий. Үүнийг анхаараарай гэж холбогдох хү­мүүст нь дамжуулъя. Хэнтий, Сүх­баатар, Хөвсгөл, Баянхонгор  зэрэг аймгийн өндөр чанарын ноолуу­рыг бусад зах зээлд алдахгүй хамгаалж байх систем рүү орох цаг нь ирсэн л дээ. Жишээ нь Хэнтий, Сүхбаатарын ноолуурыг сарла­гийн хөөвөртэй холиод гаргачихаж байна. Түүхий эд бэлдэж байгаа ченжүүд тэгж гаргаж байна.

"Үлэмж кашемир" ХХК-ийн захирал М.Сосордулам: Сая торомны ноос хольдог гэж ярьж байна. Тийм  цаг өнгөрсөн. Энэ зах зээл дээр 20 жил  чанагдсан боло­хоор ченжүүд  ямар аймгийн, ямар сумын ямар багийн ноолуур вэ гэдгийг ч андахгүй. Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид хамтарч бие биеэ ойлгож  ажиллах цаг ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үйлдвэрийнхэн  хөдөө орон нутагт очоод буудалд л байж байдаг. Жинхэнэ ажлыг нь бэлтгэн ний­лүүлэгчид хийдэг. Ирснийг нь үнэ хаяж, энийг нь авна, тэрийг нь авахгүй гэх маягаар л ажилладаг. Бэлтгэн нийлүүлэгчид Монголын­хоо үйлдвэрүүдэд сайныг нь өгө­хийн төлөө байдаг. Сайныг нь эдэндээ өгчихөөд үлдсэнийг нь хятадуудад өгчих сэтгэл, чадал, боломж бидэнд бий. Муу ноолуу­рыг үйлдвэрлэгчид авдаггүй, харин адлагдаад байдаг  ченжүүд л тэр ноолуурыг  зардаг. Бэлтгэн нийлүү­лэгчид маань чанартай сайн ноо­луур бэлтгэж байгаа. Хуучин бай­сан бэлтгэлийн системийг ченжүүд  бид л сэргээсэн.  Бидний бий болгосон сүлжээг ашиглаж, бидний бэлтгэсэн ноолуурыг "Говь", "Гоёо" аль аль нь авдаг. Гэтэл өнөөдөр та бүхэн бидний хөдөлмөр, төдийгөөс өдий хүртэл бүтээсэн зүйлийг  ярихгүй байна л даа.

"Ээрмэл" ХХК-ийн дэд захи­рал А.Төмөр-Очир: Шууд тэгж хэлж болохгүй. Бид авдаг.

"Говь" ХК-ийн  Чанар, стан­дарт, баталгаажуулалтын алба­ны дарга, чанарын менежер С.Наранцэцэг: Дахин хэлэхэд бид түүхий эдээ  өөрсдөө очиж бэлддэг. Манай компани авах  хэмжээний ноолуураа л авна.Үнэхээр шаард­лага хангасныг нь авдаг.

"Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Мэдээж чанартай ноолуур бол  сайн үнээр авна. Гэхдээ   шууд 100 мянган төгрөгөөр авна гэж байхгүй л дээ.

-Үйлдвэрлэгчдэд төрд хэлэх ямар санал байна?


"Ээрмэл" ХХК-ийн дэд захи­рал А.Төмөр-Очир: Бидэнд төр засгаар шийдүүлэхсэн гэж хүсдэг нэг асуудал бий.  Өнөөдөр "Говь", "Ээрмэл", "Гоёо" зэрэг утас хийдэг үйлдвэрүүд бусад үйлдвэрээ чирч явдаг.  Биднээс 300 гаруй сүлжих жижиг үйлдвэрүүд утас авдаг. Бид өнгөрсөн жил ноолуураа бие бие­нээсээ худалдаж авсан. Ханбог­доос манай үйлдвэр 100-гаад тн ноолуур худалдаж авсан. "Говь",  "Гоёо" ч авсан байдаг. Экспортонд гарахгүй учраас НӨАТ-ын асуудал үүсдэг л дээ. Татварын энэ асууд­лыг УИХ-д оруулж шийдүүлэхгүй бол үйлдвэрлэгчдэд  дотроо худал­даа хийх сонирхол байдаггүй. Үйлдвэрлэгчдээ дэмжих гол зүй­лийн нэг бол НӨАТ-ын хөнгөлөлт гэж бодож байна. 

"Алтай кашемир" ХХК-ийн ерөнхий хэлтсийн дарга Н.Бат­болд: Манайх гэхэд "Ээрмэл"-ээр утсаа ээрүүлдэг. Гэтэл эднийхээс утсаа НӨАТ-тай үнээр авдаг. Бид ченжүүдээс түүхий эд авах гэдэг. Гэтэл эд чинь цэнхэр дэвтэртэй. Тэрүүгээрээ улсдаа татвараа төлж байгаа. Гэтэл хятадууд самнасан экспортын бүтээгдэхүүн дээрээ татваргүй.

-Удахгүй биржийн хууль хэ­рэгжиж эхэлнэ. Ноолуу­рын салбарын хувьд хуультай холбогдуулж хэлэх зүйл бай­на уу?


Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин В.Сампил: Сайн л ярьж шийдэх хэрэгтэй. Өнөөд­рийн олон цоорхойтой Биржийн хуулиар бүхнийг явуулна гэвэл баларна. Ноосны урамшуулал гэж өнгөрсөн жил өчнөөн мөнгө өгсөн. Олгох систем, зохион байгуулалт нь буруу байсан учраас асар их хэмжээний мөнгө луйварчдын халаасанд орсон. Хэнтий аймагт гэхэд хэд хэдэн суманд тийм юм гарлаа. Дээд тал нь 187 сая төгрөг идсэн. Нэг сум 210 гаруй малчны нэрийг бичиж, регистрийн дугаарыг нь худлаа бичиж байгаад авсан байна лээ. Малчдаа дэмжсэн нэрээр дундаас нь хэдэн нөхөд завшдаг ийм зүйл  рүү ороод байх юм бол ноолуур гэдэг  баялгаа дэлхийд өрсөлдөх том бүтээг­дэхүүн болгоход хэцүү л дээ.

"Ээрмэл" ХХК-ийн дэд захи­рал А.Төмөр-Очир: Бирж бий болж, сум бүрд хоршоо байгуула­хын тулд нэлээд хугацаа хэрэгтэй. Хү­мүүсээ сургана. Агуулах саваа бэл­дэнэ. Би Өмнөговийн Сэврэй су­манд ноолуур бэлтгэж явсан. Тэнд худалдаа бэлтгэлийн ангийн сав суулга нь тэр чигээрээ байдаг л юм билээ. Гэтэл бүр нураагаад бал­гас болгосон газрууд ч их байна.

Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндон­самбуу: Биржийн хууль зургаду­гаар сарын нэгнээс хэрэгжиж эхэл­нэ гэж байгаа. Гэхдээ бэлтгэл ажил нь их учраас ноолуурын салбарын хувьд шууд хэрэгжиж  эхлэхэд хэцүү. Энэ жил арай чадахгүй. Хойтонгоос ноолуурыг биржээр худалдаалж эхлэх байх.

Монголын ноос ноолуур бэлт­гэн нийлүүлэгчдийн холбооны дэд тэргүүн М.Цэемаа: Үйлдвэр­лэгч, бэлтгэн нийлүүлэгчид хамтарч бие биеэ ойлгож ажиллах цаг ир­сэн. Бид монгол хүн юм чинь мон­голчуудтайгаа л ажиллах хэ­рэг­тэй байна.  Ноолуурын ченж гэдэг хүмүүс чинь бусадтай л адилхан хүн. Тэдний амьдрал ахуйг хаа хаанаа авч хэлэлцэж, анхаарахгүй байна. Эмээлт зах зээр амьдарч байгаа иргэдийн нийгмийн асууд­лыг төр захиргааны хүмүүс ший­дэж өгөхийг хүсч байна. Тэр хүмүүс 20 гаруй жил  хэний ч дэмжлэггүй ажиллаж хөдөлмөрлөж Эмээлтэд бүхэл бүтэн тосгон бий болго­чихоод байхад тэдний гэрэл ца­хилгаан, автобус унаа, сургууль цэцэрлэгийн асуудлыг төр засгаас яагаад  шийдэж өгч болдоггүй юм" гэж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.