АҮЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2015.12.01

Аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлнэ

Баялаг бүтээгчдийг дэмжих хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Төрөөс аж үйлдвэрийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухай салбарын яамнаас мэдээллээ. Өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдэх талаар санал солилцох “Баялаг бүтээгчдийн форум зохион байгуулагдлаа.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэлийн чиглэлээр хийсэн судалгааны дүнгээс харвал оёдол, сүлжмэлийн салбар хамгийн өндөр буюу 50 орчим хувийг эзэлж байна. Түүний дараа гар урлал, хүнсний үйлдвэрлэл тус бүрт 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглавал дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг дээрх салбаруудад хангах боломж эхний ээлжинд бүрдэнэ. Тийм боломжийг нь төрийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн орчноор бүрдүүлнэ гэж АҮЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох мэдээлж байна.

 Баянгол дүүргийн баялаг бүтээгчид өнгөрсөн сард Хөх хотод болсон үзэсгэлэнгээр 4 өдрийн дотор 50 сая төгрөгийн барааг худалдаалсан байна. Ганцхан дүүргийн хэмжээнд ийм хэмжээний орлогыг богино хугацаанд бүрдүүлж байгаа нь манай бүтээгдэхүүн үйлдвэрлэл гадны зах зээлд эрэлттэй байгаагийн томоохон илрэл болохыг тус дүүргийн засаг дарга  онцоллоо.

 Аж үйлдвэрийн хөгжил ямар шатанд байгаа тухай олон улсын судалгаанд манай улс дэлхийн 133 орноос 109-д бичигдсэн байна. Харин манай хойд хөрш 36-д эрэмбэлэгдсэн бол урд хөрш эхний 7-д багтжээ. 2 их гүрний ийм том зах зээлийг ашиглан гадагшаа бараа бүтээгдэхүүн экспортлох боломжоо эхлээд ашиглана. Цаашлаад аж үйлдвэрийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу өндөр технологи,  мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлд түлхүү анхаарна гэж бодлого тодорхойлогчдын зүгээс мэдээлж байна.