УИХ-ын 23 гишүүн Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар шаардлага хүргүүллээ
2012.09.05

УИХ-ын 23 гишүүн Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Батцогт, Г.Уянга, Х.Болорчулуун нар өнөөдөр Оюутолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын  57 дугаар тогтоолын  хэрэгжилтийг бүрэн хангаж, үр дүнг УИХ-ын 10 дугаар сарын 05-ны дотор ирүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Одоогоор тус шаардлагыг дэмжин УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсгээ зурсан байна.

 

Уг тогтоолоор эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл 2009 онд батлагдсан тогтоолыг өнөөг хүртэл хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн үзэж байгаагаа гишүүд илэрхийллээ. Тухайлбал, яг энэ асуудлаар 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7\5532 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг тухайн үеийн нэр бүхий 20 гишүүн Ерөнхий сайд асан С.Батболдод хүргүүлж байжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Бид хөрөнгө оруулагчдыг эсэргүүцээгүй. Зөвхөн Оюутолгойн гэрээний Монгол Улсад ашиггүй зарим заалтыг өөрчлөх, сайжруулахын төлөө ажиллаж байна. Оюутолгой ордын зэсийн нөөц дөрвөн Эрдэнэт үйлдвэртэй, алтны нөөц 25 Броуголдыг нийлүүлсэнтэй тэнцүү. Ийм их хэмжээний баялагаа гадныханд зүгээр өгөх нь зүйд нийцэхгүй юм. Наад захын нэг жишээг хэлэхэд энэ гэрээний 9.13-т экспортолсон бүх орлогоо гадаадад хадгална гэж заасан байгаа нь Монгол Улсад нэг ч төгрөгний орлого орж ирэхгүй гэсэн үг гэлээ.

Харин гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар хэлэхдээ, Энэ удаагийн УИХ-д үүнийг засах боломж байгаа гэж харж байгаа. Тогтоолд  хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэж заасан байгаа боловч манай талаас Оюутолгойн санхүүд ямар ч хяналт тавих эрх байхгүй. Магадгүй ашигаа нөхсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын талаарх тайлан мэдээ байдаггүй. Тиймээс энэ гэрээг өөрчлөх хамгийн ноцтой цөөн жишээг хэлье.

  1. Усны асуудал байна. Оюутолгойд говийн гүний усыг үнэ төлбөргүй хэрэглэж байна. Гэтэл говьд усны нөөц ямар байдаг билээ. Усыг бид ашигт малтмалтай адил хэмжээнд үнэлэх цаг болжээ.
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 9 гишүүнтэй байдгаас Монголын талаас зөвхөн 3 хүн л ажилладаг. Тэдний саналыг сонсохгүйгээр  шийдвэр гаргадаг. Үүнийг өөрчилж ядаж нэг гишүүнийх нь саналыг тусгадаг болгох хэрэгтэй.
  3. Гэрээг байгуулж байх үед унци алтны үнэ 580 орчим доллар байсан. Өнөөдөр 1700 орчим доллар болж даруй 2,5 дахин өсчээ. Гэтэл манайд төлдөг татварын хэмжээ 5 хувь хэвээрээ байна.
  4. Хэрэв гэрээг манай талаас цуцлахад хүрвэл асуудлыг Лондонгийн Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж шахалтанд оруулсан заалтыг гэрээнд тусгасан байдаг

Энэ бүх гацаанаас гарахын тулд Монголын тал бид өөрсдөө хэлэлцээрт орж, хөндлөнгийн шинжээчдээр  дүгнэлтээр гаргуулах хэрэгтэй хэмээн мэдэгдэв.

Мөн 2012 оны Лондонгийн Олимпын медалийг Оюутолгойгоос олборлосон ашигт малтмалын дээжээр хийсэн гэсэн мэдээлэл бий. Үүнээс олборлолт хэдийнэ эхэлсэн гэж үзэж байгаагаа гишүүд хэлсэн. Тиймээс нэн тэргүүнд Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүллээ. Дараа нь УИХ-д асуудал тавьж, ажлын хэсэг байгуулана. Стратегийн бусад ордуудад жишиг болохуйц гэрээ байгуулахын төлөө ажиллана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Оюутолгойн гэрээг байгуулах үеэс эсэргүүцэж байсан гишүүд өнөөдөр УИХ-ын дарга, Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа нь томоохон алхамуудыг хийхэд дөхөм болно гэдэгт найдаж байгаагаа ч хэлж байлаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.