С.Эрдэнэ: Ц.Нямдоржийг хамгаалаад үлдээвэл МАН-д ашигтай хувилбар болохгүй
-Сүүлийн үед уул уурхайд өрнөөд байгаа "Саус гоби сэндс", БНХАУ-ын"Чалко" компанийн хоорондын арилжаа шуугиан тарьж байна?
-Монголын уул уурхай ашигт малтмал үнэхээр эзэнгүйдэж байгаагийн тод жишээ энэ. Өнөөдөр ганц энэ орд биш стратегийн 15орд, стратегийн ордод орох магадлалтай 40 ордын асуудлаар удаа дараа мэдээлэл хийхийг шаардсан. Одоо болтол тодорхой мэдээлэл ирээгүй байна. Энэ бүхэн Монголын тор уул уурхайн баялагтаа эзэн нь байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харуулж байна. Монголын төр гэдэг маань Монголын ард түмнийг төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг л хэлнэ шүү дээ. Ард түмний төлөөлөл болж чадаж байгаа бол ард түмний өмч болсон уул уурхайн, ашигт малтмал газрын хэвлий дэх баялгаа хянаж зарцуулж чадах ёстой. "Саус гоби сэндс"-ийн хувьд Монголын Засгийн газрын ямар ч оролцоогүйгээр хувьцааг Хятадын "Чалко"-д худалдсан мэдээлэл шуугиан тарьж байна. Албан ёсны гэрээ нь одоогоор хүчин төгөлдөр болж амжаагүй юм билээ.
-Албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй гэхээр Монголд гэрээг болиулах боломж байна гэсэн үг үү?
-Одоохондоо боломж байгаа. Гэхдээ гэрээ хэрэгжээд явах юм бол цаашдаа ганц "Саус гоби сэндс" ч биш маш олон ордыг Монголын талын оролцоогүйгээр олон улсын хөрөнгийн бирж дээр гаднын компаниуд арилжиж эхэлж байгаагийн нэг том дохио. Тэгэхээр Монгол Улс яаралтай уул уурхайн хуулиа эргэж харж, дүгнэлт хийх, өөрчлөлт оруулах цаг болсон. 1997 оны хууль ч, 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хууль ч аль аль нь гадны хөрөнгө оруулагчдад найр тавьсан, үндэсний аж ахуйн нэгжүүдээ үл тоосон, тэдэнд дарамт учруулсан хууль байдаг. Үндэсний аж ахуйн нэгжүүд олборлолт хайгуул хийе гэхээр маш том саадтай тулдаг. Гаднынхан болохоор ногоон гэрлээр явж байдаг.
-Тэгэхээр хуульд ямар ч зохицуулалт байхгүйгээс ийм нөхцөл байдалд хүрсэн гэсэн үг үү?
-Тухайн үед төрийн бодлого тодорхойлж байсан хүмүүсийг 100 хувь буруутгах аргагүй л дээ. Тэр үед Монголын уул уурхайн газрын дор байсан баялаг дэлхийд танигдаагүй, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаагүй цаг байсан. Тийм цагт гаднын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хуулиудыг баталж байсан. Одоо бол байдал өөр болсон. Тиймээс яаралтай өөрчлөхгүй бол Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал болчихоод байна.
-Энэ хуулийг өөрчлөх цаг бий юу. Сонгууль хаяанд тулчихлаа, хоёр нам сонгуулиа хэзээ явуулахаа ч шийдэж чадаагүй байгаа шүү дээ?
-Байнгын ажиллагаатай парламентын зорилго юу юм бэ. Улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн гол асуудлууд дээр түргэн шуурхай шийдвэр гаргаж хууль эрх зүйн зохицуулалт хийх үүрэгтэй. Тиймээс боломжгүй гэж харж суух цаг харин ч байхгүй.
-Д.Ганхуяг нарын гишүүд энэ асуудлыг зохицуулсан хуулийн төсөл өргөн барьсан юм билээ. Харин яагаад өдий болтол хэлэлцэхгүй байгаа юм бол?
-Хуулийн төслийг жил хагасын өмнө өргөн барьсан. Гадны хөрөнгө оруулалттай компаниудад тодорхой хязгаарлалт тавьсан, Монголын уул уурхайн, ашигт малтмалын ордуудыг худалдах, шилжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл л дөө. Хэрэв энэ хуулийг баталж чадвал гадны хөрөнгө оруулалт тодорхой хувиас дээш гарсан тохиолдолд Монголын Засгийн газар заавал мэдэж байхыг шаардсан заалт бий. "Саус гоби сэндс" ч анхны тохиолдол биш. Тамсагийн орд газрыг Америк, Канадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж байгаад мөн л Хятадын "Дачин Чайна" гэдэг компанид худалдчихаад гараад явчихсан. Үүнээс манайхан ерөөсөө сургамж авахгүй л байгаа юм.
-Орон нутгийн сонгуулийг Их хурлынхтай цуг явуулах эсэхэд хоёр нам арайхийн зөвшилцлөө гэсэн. Их Хурлын сонгуулийг нийслэлийнхтэй хамт явуулж, аймаг, сум, дүүргийнхийг дараа нь явуулах саналыг та хэр дэмжиж байгаа вэ?
-Зөвшилцөлд хараахан хүрээгүй. МАН-ынхан нийслэл, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулахыг зөвшөөрч болох юм гэсэн саналтай байгаа юм билээ. Манайх бол саналаа аль эрт хүргэсэн. Удаа дараагийн буултыг АН дандаа хийсэн. Хамгийн сүүлд аймаг, нийслэлийн сонгуулийг Их хурлынхтай хамт явуулъя гэсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиар ч, Үндсэн хуулиар ч тэр аймаг, нийслэл бол нэг статустай захиргааны нэгж. Гэтэл нэг төвшинд байгаа нэгжүүдийг ялгаж салгаж шийдвэр гаргах нь зөв үү, буруу юу.
-Тэгэхээр хараахан зөвшилцөөгүй гэхээр дахиад цааш үргэлжилнэ гэсэн үг үү?
-Манай нам ямар ч байсан саналаасаа ухраагүй байгаа. Дахиад ярилцана.
-Цахим үнэмлэхийг хэвлээд сонгуулиас өмнө тараах боломжгүй болчихлоо. Энэ байдлаараа сонгууль шударга явагдаж чадахуу?
-Цахим үнэмлэх хэвлэх боломжгүй гэх мэтээр янз янзаар ярьж байгаа. Энэ бол сонгуулийг будлиантуулах нэг оролдлого. Тиймээс салбарын сайд, агентлагийн дарга нар хариуцлага хүлээх ёстой.
-Цахим үнэмлэх хэвлэхгүй гэхээр автомат санал хураалт ч боломжгүй болох уу?
-Ямар ч гэсэн автоматжуулсан тооллогоор сонгууль явуулах тухай хууль мөрдөгдөөд эхэлчихсэн. Цахим үнэмлэхээр сонгууль хийх боломжгүй гэж үзэх юм бол хурууны хээгээр тухайн иргэнийг тодорхойлж иргэний ,хуучин үнэмлэхээр сонгуульд санал өгүүлэх бүрэн боломжтой. Бүх иргэний хурууны хээг авчихсан, фонд үүсчихсэн учраас асуудал байхгүй байх.
-Хууль зүйн сайдыг огцруулах тухай асуудлыг Ардын намын хэсэг гишүүн гаргасан. Намын гишүүд нь өөрсдөө санал гаргасан, үүний дээр АН дэмжвэл Ц.Нямдорж сайд суудлаасаа огцрох магадлал нэлээн өндөр байна гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайдын хувь заяа танай намын гарт байгаа...?
-Манай намын хувьд МАН-ын гишүүдээс гаргасан саналыг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Ер нь МАН-ын хэсэг гишүүдийн гаргасан үндэслэлээр ч биш энэ хүнтэй хариуцлага тооцох олон асуудал байдаг. Нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг тухай салбарын сайдын л хариуцлага хүлээх үндэслэл болдог. Мөн салбарт нь гарч байгаа эрх зүйн зөрчлүүд байна. МАН-ын гишүүдийн тавьж байгаа үндэслэл зөвхөн нэг хэсэг нь.
-Д.Зоригт сайдыг огцруулах тухай асуудлыггишүүд нэг биш удаа өргөн барьсан. Харин Ардын нам тэр болгонд аваад үлдсэн "туршлагатай". Ц.Нямдоржийг Д.Зоригт шиг хаацайлаад өнгөрвөл яах вэ?
-Д.Зоригт шиг аваад үлдлээ гэхэд МАН-д нэг их ашигтай хувилбар болохгүй байх. Нийгэмд Ц. Нямдоржтой холбоотой таагүй мэдээллүүд их байгаа. Ний нуугүй хэлэхэд, Ц.Нямдорж хууль зөрчсөн олон үйлдэлд холбогдож байсан нөхөр. Тэгээд ч өөрсдийнх нь гишүүдээс өргөн барьсан асуудал учраас нэлээн нухацтай ярих биз.
-МАХН-ын даргаН.Энхбаярыг баривчилсныг та юу гэж үзэжбайгаа вэ. Олон хүн улстөрийнзорилгоорбаривчиллаа гэж дүгнэж байна?
-Би аль нэг улс төрийн өнцгөөс хараагүй. Хүний гэм буруутай эсэхийг шүүх л эцсийн байдлаар тогтооно. Шүүх гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байхад энэ хүнийг буруутгаж ярих нь өрөөсгөл.Хуулийн байгууллага шалгаж шүүхээр асуудлыг шийдэх биз. Наана нь улстөржсөн, үгүй гэж дүгнэлт хийх эрх хэнд ч байхгүй.
-Сонгуулийн өмнө баривчилсан нь улс төрийн зорилготой гэдгийг нь батлаад байгаа юм биш үү?
-Хардах эрх хэнд ч байгаа. Харин үнэн зөвийг нь тогтоох эрх шүүхэд л байгаа.
-Тухайн үед хамт байсан дөрвөн гишүүн халдашгүй эрх нь зөрчигдсөн гэж гомдол гаргасан. Үүнийг гишүүд зарим нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буй. Таны хувьд нэр бүхий гишүүдийн эрх нь зөрчигдсөн эсэхийг юу гэж үзэж байгаа вэ?
-Нэр бүхий гишүүд өргөдөл гомдлоо гаргасан. Нэгэнт Их хурлын гишүүн өргөдөл гомдол гаргасан бол Их хурал түүнд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо холбогдох дүгнэлтээ гаргах байх.