Хараат бус ажиллаж чадах төрийн түшээ хэрэгтэй байна
“Фридрих Эберт” сангийн суурийн төлөөлөгч Штефан Хробот
2015.12.14

Хараат бус ажиллаж чадах төрийн түшээ хэрэгтэй байна

“Фридрих Эберт” сан нь дэлхийн 100 гаруй оронд өөрийн төлөөлөгчийн газартай.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, шударга нийгмийг байгуулах, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн хамгаалал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах зэрэг өргөн хүрээ, чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

“Фридрих Эберт” сангийн суурийн төлөөлөгч Штефан Хробот

Танай сангийн үйл ажиллагаа УИХ, Засгийн газраас хэр хамааралтай байдаг вэ?

Манай сан ОУ-ын зочин байгууллага. Тиймээс Монгол улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцдоггүй. Монголд “Фридрих Эберт” сан шиг ОУ-ын байгууллагууд үйл ажиллагаа явуулах нөхцлийг маш сайн бүрдүүлж өгдөг. Хэн нэгний хяналтгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцсон гадны зочид, төлөөлөгчид Монгол улсын засгийн газрыг  магтаж, зарим үед шүүмжлэх тал ч бий. Нээлттэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг нь Монгол Улсыг илэрхийлэх бэлэг тэмдэг гэж хэлж болно.

Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ, Засгийн газрын гишүүдийн үйл ажиллагаа ямар байх нь зүйтэй гэж үздэг вэ?

Төрийн түшээ болох гэж буй хүн иргэд, улс орноо сайн ойлгон, нийгэмд буй асуудлыг онцгойлон сайн мэдэж, ойлгодог байх нь чухал. Мөн хүмүүсийг биелэгдэшгүй амлалтаар  хуурч, худал амлалт өгөх ёсгүй. Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхлоор хандаж болохгүй.  Иргэдээ ялгаварлан гадуурхалгүй, ардчиллыг хүндэтгэх нь чухал.

Эдгээр шинж нь улс төрч хүнд байх ерөнхий шинж гэж бодож байна. Үүнээс гадна аль нэг салбарт илүү мэргэшиж, түүнийхээ дагуу ажиллаж чаддаг байх ёстой. “Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Эдгээр тодорхой шинжийг агуулсан хүн төрийн түшээ болвол Монголын ардчилал болон хүн ардад ээлтэй.

Одоогийн бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэр зөв, зүйтэй шийдвэр гаргаж чадаж байна гэж дүгнэх вэ?  

Тэр улс төрч сайн, тэр нь муу гэж хувь хүний талаар үзэл бодлоо илэрхийлмээргүй байна. Харин одоогийн бодлого шийдвэрүүдийг сайжруулахын тулд өдөр бүр үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Улс төрийн амьдрал гэдэг ээдрээтэй. Тиймээс иргэд хэн нь ямар бодлого шийдвэр гаргаж, хэний төлөө ажиллаж байгааг олж харахад хэцүү. Ямар бодлого, шийдвэр гарч байгаа тухай иргэдэд тогтмол мэдээлэл хүргэх шаардлагатай. Хууль зүйн орчин тогтвортой байх хэрэгтэй.

 Өнөөгийн төрийн түшээд илүү сайн ажиллахад юу саад болж байна гэж үздэг вэ?

Энэ тухай бусад орны ижил төстэй туршлагад үндэслэн ярих боломжтой. Улс төрийн албан тушаалд очихын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх болдог. Харин ийм байдлаар албан тушаалд очсон хүн буцаад мөнгөний барьцаа, хэн нэгний хараат байдалд орж, үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болдог. Улс төр, бизнесийн салбар хоорондоо заагтай байх ёстой.

Ингэснээр хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Ардчилал гэдэг үнэгүй зүйл биш. Тодорхой өртөгтэй. Тиймээс намуудын санхүүжилт ил тод байх нь чухал.

Ардчилал гэдэг үнэгүй зүйл биш

Ардчилсан нийгэмд сайн төрийн түшээ хэрэгтэй. Төрийн албан тушаалтныг “төрийн менежер” гэж нэрлэвэл урьдчилсан нөхцлүүд бүрэлдээгүй тохиолдолд хувь хүн хичнээн сайн байгаад ч сайн менежер байхад хэцүү.

Тиймээс нийгмийн бүтцийг сайжруулах тал дээр шинэчлэлт хийх хэрэгтэй. Зөвхөн өндөр албан тушаалтан л болохгүй байгаа мэтээр хандах нь буруу. Нийгмийн хөрс сайжирснаар тухайн нийгмийн өндөрлөгт байгаа хүн сайн ажиллах боломж бүрдэнэ.

Олон улсад төрийн түшээ хүнд зайлшгүй байх шинжүүд гэж тодорхойлсон байдаг уу?

Улс орон бүр төрийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин зэрэг олон хүчин зүйлээс хамаараад өөр, өөр шалгууртай байхаар тогтоодог. Тиймээс дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй. Харин олон улсын сонгуулийн ажиглагчдыг урьж ажиллуулан, сонгууль хэр ардчилсан болж байгааг ажиглах боломжтой.