Дэлхийн жишигт хүрсэн лабораторитой боллоо
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.12.17

Дэлхийн жишигт хүрсэн лабораторитой боллоо

Манай улсын эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил авчирсан нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Энэ нь  “Бона вита” эмнэлзүйн лаборатори юм.

Энэхүү лаборатори нь ХБНГУ-ын стандартаар, биохими, иммунологи, гематологи, цус бүлэгнэлт, клиник хими, молекул биологи, генетик-удам зүй, эмгэг судлал, бактериологийн лабораториудын бүх төрлийн шинжилгээ оношлогоог 24 цагийн турш нэг дор цогцоор үзүүлэхийн зэрэгцээ нэгдсэн цахим сүлжээ, дүүрэг, орон нутгийн салбаруудаараа дамжуулан хаана байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэн бүр тухайн оршин суугаа газраасаа ижил чанар бүхий шинжилгээ оношлогоо хийлгэх боломжийг бүрдүүлсэн анхдагч бие даасан, монголын хамгийн том хэмжээний эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори юм байна.

 Хамгийн сүүлийн үеийн технологиор хүний гар ажиллагааг халсан автомат төхөөрөмжүүдээр тоноглогдсон учраас шинжилгээ оношилгооны явцад хүний гар ажиллагаатай холбоотой алдаа гарах эрсдлийг бууруулж шинжилгээний чанарт эргэлзэх зүйлгүй болгосон байна.

Лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ, эрүүл мэндийн салбарт шинэ хуудас нээсэн сайхан үйл ажиллагаа болж байна. Бид гадны өндөр хөгжилтэй улс орнуудад үйлчлүүлдэг тэр тоног төхөөрөмжөөр эх орондоо оношилгоо хийлгэх боломжтой болж байна.

Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Манай улсын эмнэлгүүд харилцан бие биенийхээ шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүйгээс цаг хугацаа алдах асуудал байдаг.  Тийм учраас эмнэлгүүд шинжилгээгээ аваад энд ирүүлснээр нэгдсэн нэг хариу гарна гэж ойлгож байна. Ингэснээр иргэдийн цаг мөнгийг хэмнэсэн үйлчилгээ болно. Монголын эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад  УИХ ихээхэн анхаарч буй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо бүрэн шинэчилсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Ойрын ирээдүйд Монголын эрүүл мэндийн салбарт үсрэлт бий болно” гэв. 

/UBS/

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль иргэдийн дунд судалгаа хийхэд жилдээ 45-50 мянган иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар гадаад улсыг зорьдог. Тэдгээр нь зөвхөн нэг жилд 600 сая ам.долларыг зарцуулдаг бөгөөд 88 хувь нь зөвхөн оношлогоо хийлгэж, 12 хувь нь л эмчлүүлдэг гэсэн тоо судалгаа гарчээ.  Харин “Бона Вита” эмнэлзүйн лаборатори ашиглалтад орсноор гадаадыг чиглэх мөнгөний урсгалыг Монголдоо үлдээх боломж бүрдэж байгаа юм.