Тэдний орлогын нэг эх үүсвэр нь авлига...
СЭЗДС-ийн багш, судлаач Түвшинжаргалтай авлигын асуудлыг эдийн засгийн өнцгөөс ярилцсаныг хүргэж байна.
- Авлигыг эдийн засагтай холбож үзсэн судалгаанууд хэр хийгддэг вэ?
ШУ-ны олон салбар, чиглэлийн судалгааны нэг сэдэв нь бизнесийн үйл ажиллагааны зардал. Зардал талаас нь авч үзэхэд, авлига нь хэлцэл хийх явцад гардаг зардлын нэг хэсэг болдог. Жишээ нь та бизнес эрхлэхийн тулд төрийн байгууллагуудтай харьцах хэрэг гарна. Ингэхдээ зарим нэг харилцаан дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл авах явцад авлига өгөхөөс аргагүй тохиолдол бий.
Үйлдвэрлэгчдэд тавьдаг олон төрлийн стандарт байдаг ч харамсалтай нь тэдгээрийг Монголын нөхцөлд мөрдөөд явахад маш хэцүү. Мөрдөхийн тулд тухайн компани өндөр зардлаар технологио шинэчлэх, хөрөнгө оруулах хэрэгтэй болно. Технологио шинэчлэх эсвэл стандарт зөрчсөнөөс үүсэх торгууль, авлигыг төлүүлэх үү гэдгээс сонгох хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийснээс бага өртгөөр авлига өгч, хууль зөрчиж байна гэсэн үг.
Энэ нь эдийн засгийн агуулгаараа, авлига нь хэлцэл хийх явцад гардаг зардал болж таарч байна. Авлига өндөр байна гэдэг нь хэлцлийн зардлыг нэмж хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй үр өгөөжийг эрсдэлд оруулдаг. Авлига ихэссэнээр өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлдөг. Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгдээд явж байтал хөндлөнгөөс хэн нэг нь таны бизнес рүү дайрдаг, булаах гэж оролдох тохиолдол гарч болно. Таны бизнес рүү нэг бол төр, нөгөө бол бизнесийн хүчтэй бүлэг дайрдаг. Ийм байдалд орсон бизнесийнхэн улс төрчидтэй наймаалцах, авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг.
Асуудлыг нөгөө талаас нь авч үзвэл, нэг нь авлига өгч зардал гаргаж байхад нөгөө нь авлига авч орлого олж байна. Авлига нь зарим хүнд орлогын чухал эх үүсвэр болчихоод байгаа учраас авлигыг байлгах сонирхол тэдэнд бий.
“Албан тушаал, эрх мэдэл гэдэг ашиг олох том зах зээл болчихоод байна. Нэг ёсондоо тэд гарын үсгээ зарж, хөрөнгийн хойноос хөөцөлдөж байна гэсэн үг. “
- Авлигаас болж хөрөнгө оруулалтуудад ямар эрсдэл үүсч болох вэ?
Хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгө оруулагчдыг татахад татварын таатай орчноос гадна өмчийн эрхийн хамгаалалт хамгийн чухал. Олон улсын эрсдлийн үнэлгээний байгууллага 5 янзын үзүүлэлтээр улс орнуудыг үнэлдэг.
“Монголын хувьд гэрээний эрсдэл, хөрөнгө хураах эрсдэл хамгийн өндөр. Монголд хөрөнгө оруулсан хүн дараа нь ашгаа хүртэнэ гэдэг эргэлзээтэй.”
Ялангуяа удаан хугацаанд ашгаа өгөх хөрөнгө оруулалт маш том эрсдэлтэй. Энэ утгаараа авлига нь хөрөнгө оруулалтыг багасгаж эдийн засгийг тогтворгүй болгодог.
- Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтын шугамаар урсдаг их хэмжээний мөнгө эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ?
Энгийнээр томъёолвол, санхүү, хөдөлмөрийн зах зээл гэдэг шиг “Улс төрийн зах зээл” гэж байдаг. Зах зээл болсон хойно эрэлт, нийлүүлэлттэй. Эрэлтийг хоёр субъект үүсгэдэг. Нэг нь сонгогчид, нөгөө нь компаниуд, нийлүүлэлтийг улс төрчид үүсгэдэг. Ард иргэд аль нэг хүнийг сонгосноороо нийтийн бараа захиалдаг. Компаниудын хувьд шийдвэр гаргагчдыг өөрсдийн талд үйлчлүүлж, өрсөлдөгчийг нь шахах дүрэмтэй. Энэ зорилгоор компаниуд улс төрчдийг санхүүжүүлдэг. Улс төрч ард түмэн, компани хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Хэрэв ард түмний талд орвол нэр хүндээ хадгалж үлдэнэ. Гэхдээ Монголын нөхцөлд компанитай наймаалцах нь ашигтай, алдах зүйл бага учир авлига авсаар байна. Нэг ёсондоо ард түмэн төр засгаа компаниудад алдчихсан гэсэн үг.
- Үүссэн нөхцөл байдлыг яаж өөрчлөх, зохицуулах вэ?
Олон нийт, төрийн бус байгууллагыг чадавхижуулах, идэвхжүүлэх хэрэгтэй. Төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын дундаас хохирсон, эрсдэл хүлээсэн иргэд нийлж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах дундын жижиг байгууллагатай болох хэрэгтэй.