Шүүхэд ээлтэй эрхэм
Шүүхийн шинэтгэл бартаатай зам туулсаар...Магадгуй, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ямар том “хувьсгал” амалж авснаа мэдэрч суугаа ч байж болох. Гэвч жинхэнэ шинэтгэл ийм л жамтай ч үнэт зүйл, үзэл баримтлал, эр зориг, итгэл найдвар, бас дажгүй хань түшиг байсны хүчээр саадыг сөрж, урагшилсаар байна. Шүүхээ мэргэших зам руу оруулчихаж. Шүүгчдээ боломжийн цалинтай, эдийн засгийн хувьд хараат бус болгоод, хариуцлага нэхэх бололцоотой болгочихож. Шүүхийнхээ үүд хаалгыг нээж, сайн муугаа нуулгүй харуулдаг болчихож. Болоош дээ. Энэ мэт арваад үр дүн гарсныг Тасганы овооноос мэдээлээд л байна. Ард түмний ам сайжрах ханддага ч бас цухалзаж байна. Үүнийг шинэтгэл биш гэж хэн хэлэх юм бэ.
Энэ мэтийг нэгэнт дурьдсаных хууль, шүүхийн байгууллагын шинэтгэлд сэм сэмхэн том хувь нэмэр оруулсаар яваа эрхэм гишүүн Д.Ганбатын тухай хэдэн үг хэлхмээр санагдлаа. Бид чинь бие биеийнхээ ололт, амжилтыг олж харахдаа тун маруухан улс. Харин өөлж, гоочлохдоо өдрөөс өдөрт л сайжраад байх шиг. Одоо сонин хэвлэлд үг хэлэх бүү хэл үсэг ч тавихын аргагүй боллоо гэж олон хүн ярьдаг болж. Ам ангайв уу, үгүй юу л аймшигтай доромжлол, үзэн ядалтаар бүхний эсрэг бүгдээрээ дайн зарладаг болж. Энэ бол манай үндэстний том эмгэнэл л дээ.
Хэдийгээр олон түмнийг буруутгахад бэрх ч бас юуны төлөө уулгалан уралцаж байгаагаа дор бүрнээ бодох, тунгаах ёстой. Хагарал бутрал сайн сайханд хөтөлж байсан түүх нэгээхэн ч үгүй. Бидннйг тийм байдал руу түлхээд байгаа шалтгаан бас байна. Харамсалтай нь, учир ухааныг нь судалдаг, засч залруулах тухай боддог хүмүүс алга. Уг нь энэ бол зайлшгүй хийх ажил. Одоо энэхүү хөрөг нийтлэлийн дараа ч хичнээн хараал, зүхэл урсах юм, бүү мэд. Ямартаа ч би түүнийг үл ажран өгүүлсүү.
Д.Ганбат гэж хэн бэ?
Баянхонгор аймгийн Галуут сумын багшийн өнөр бүлд төрж өссөн говийн бор хүү. Сурлага сайтай сурагчид тэр үед ЗХУ-д явж сурдаг цагийн аясаар Киев хотод цэргийн инженерийн сургуульд 5 жил суралцан төгсөж, ажлын гараагаа салаан даргаар эхэлж, улмаар төр, нийгмийн салбарт хариуцлагатай албан тушаалуудад шат ахисаар ард түмний элч төлөөлөгчийн нэн хариуцпагатай албанд сонгогдон ажиллаж байна. 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцаж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн нь хууль, шүүхийн салбарын шинэтгэлийн бодлогыг манлайлан хэрэгжүүлэх хөрс суурь болсон нь лавтай.
Түүнтэй хамт 10 жил хамт суралцсан нэгэн найз нь манай Ганбаа хүүхэд байхаас л бүх юманд үнэн сэтгэлээсээ ханддаг, тууштай зан чанартай хүүхэд байсан. Ясны тэр чанар нь одоо ч өөрчлөгдөөгүй гэж дурссан юм. Цагийн аяс хүнийг өөрчилдөг хэдий ч Ганбат гишүүний тууштай зан харин ч түүний давуу тал болон тогтжээ. Тэр чанар нь хууль, шүүхийн салбарын шинэтгэлд туссан нь эргэлзээгүй.
Шүүхийг шинэтгэх ажил бараг шүүгчдийн цалингаар эхэлсэн гэж хэлж болно. Энэ ажлыг эхлүүлсний төлөө Шүүхийн ерөнхий зөвлөл гээч байгууллага баахан загнуулж, 15 тэрбум төгрөгийн өрөнд унах дээрээ тулж байв. Харин удирдлагууд нь хүлээцтэй, тулхтай,шантралгүй тайлбарласаар ард нь гарсан. Их хурлын дарга ч чамгүй хатуурхаж байсан. ШЕЗ-ийн даргын өөдөөс Ц.Нямдорж гишүүн шуналтай шүүгчдийн цалинг яасан ч нэмэхгүй гээд "таван хошуу" болчихсоныг түмэн харсан. Ийм л үг барж, үйл үзсэн асуудалтай үед Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга болж, шүүхийн шинэтгэлийн нэг чухал асуудлыг аврах уу, алдах уу гэдгийи заагт тулж очсон юм.
Нийгэм бараг бүхэлдээ шүүгчдийн цалингийн эсрэг байсан гэхэд хилсдэхгүй. Амьдрал ядуу, цалин бага, эдийн засаг муу энэ үед шүүгчид сая саяар цалин өгөхийн цаад утгыг олон нийт ухахгүй. Шүүгчийн цалинг эсэргүүцэгчид нийгмийг ч чадлаараа турхирч “Багш, эмч бас цалингаа нэмүүл, дараа нь цагдаа прокурор цалингаа нэмүүл” гээд уриалж байв. Төсөв муу. Барьцах хүн олон. Шүүгчдийн цалингийн асуудал үнэндээ хүнд байсан. Үүнийг өдөөгч хүч УИХ дотор ч хангалттай их байсан. Хэрэв хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ийм тууштай, зоригтой байгаагүй бол өнөөдөр шүүхийн шинэтгэлийн нэгэн амин чухал асуудал хуучин байран дээрээ очиж, шүүгчид ахар тарчиг амьдрал дээрээ буцаж, амьдрах аргаа өөрсдөө олох байсан биз. Хамгийн харамсалтай нь тэр ухралтаар шүүхийн шинэтгэлийн олон асуудал цувран ухрах байсан нь тодорхой. Энэ талаас нь харвал Д.Ганбат дарга хууль, шүүхийн байгууллагын шинэтгэлийг том ангалын аюулаас аварсан гэж хэлж болмоор.
Энэ асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн зүйн байнгын хорооны хуралдаанд Ганбат дарга маш хүнд нөхцөлд олон талын дарамтыг сөрж, намын даргадаа хүртэл чичлүүлэн байж, шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа бол цалин, тэр талгааг төр хангана гэсэн Үндсэн хуулийн заалтыг дахин дахин сануулж, санал хураалгаж чардайн байж авч гарсныг шүүх засаглал тэр аяараа нүд, чих тавин харж суусан гэдэг.
Эндээс шүүгч өндөр цалинтай болсныг онцдох гээд байгаадаа гол нь биш юм. Мэдээж шүүгч өндөр цалинтай байдаг гэж дэлхий даяар ярьдаг, тийм байхгүй бол мөнгөтэй хүнд худалдагддаг, бага цалинтай шүүгчтэй улсад азилга өндөр байдаг гээд түмэн нотолгоог дэлхий нийтээр ярьдаг. Хамгийн чухал нь шүүгчдийн цалин өндөр болсны үнэ цэнэ монгол төр тэднээс хариуцлага нэхэх эрхтэй болсонд оршино гэж олон хүн ярьж байна. Шударга ёс үнэтэй гэж хуулийнхан их ярьдаг. Үнэн байж мэднэ. Хэдэн тэрбумын хэргийг оайргүй, ядуу, өр зээлэнд автсан байсан ч шүүгч шударга шийдэх үүрэгтэй гэдэг ч амьдралд байдаг амьтны араншинг аль ч үндэстэн даван туулаагүй гэдэг. Энэ утгаараа Д.Ганбат гишүүн монгол төрийг эрүүлжүүлэхэд шударга ёсны *мар том хувь нэмэр оруулсан юм гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ажаад байхад шүүгчид их даруухан ч юм уу, хэзээ юу хэлэхээ мэддэггүй ч юм уу, төв голч байх ёстой болохоороо тэгдэг я юм уу, бүү мэд. Ямарч байсан шүүхэд ээлтэй гишүүнд дотроо лав талархсан биз ээ.
Өршөөлийн тухай хуулийн ард тэрээр мөн нэр төртэй, зөв гарч чадсан. Өршөөлийн хуулийг емнө нь дандаа нөгөө "аугаа" их хуульчид буруу хэрэгжүүлж, шүүхийн урдуур орж шүүн таслах ажлыг комиссоор хийлгэж байсан нь мушгин хэлвэл 1937 оныг санагдуулахад хүрэх юм. Гэтэл тэрээр энэ удаагийн хуулийг шүүх эрхмэддийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн Үндсэн хуулийн зарчмыг сануулсаар байж, шүүхээр хэрэгжүүлсэн гэдэг. Үүнийг нөгөө л ТМС-ийн хуульч гэдгээрээ дуудуулдаг Д.Ганбат гишүүн журамлав. Харин бусад том сургуулийн том хуульчид өмнө нь журамлаагүй л байж. Энэ бол бага юм шиг атлаа Үндсэн хуулийг дээдэлсэн, засаг бүр эрх мэдлээ хэрэгжүүлэх, хууль засаглах ёсыг тогтоосон том үйлс байлаа. Энэ мэтээр эмхэлж цэгцэлсээр хууль засаглах ёстой. Үүнийг хэн нэг хүн л бас анхлан тогтоох ёстой. Тэр хүн Д.Ганбат гишүүн байлаа.
Эрхэм гишүүний бас нэг амжуулсан чухал ажил бол Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийг хууль санаачлагчаас авч өлгийдөх ажил байв. Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл хэдийгээр. АН-ын мөрийн хөтөлбөрт орсон, зүтгүүлэх ёстой том ажил нь байсан хэдий ч түүнийг эсэргүүцэн унагах хүч хангалттай байлаа. Монголыг шоронжуулсан “хар хууль” гэдгийг хүн бүхэн ярьдаг атлаа тодорхой бүлэг яагаад улайран хамгаалаад өөрчлөхгүй байлгах гээд байдгийг би мэдэхгүй. Харин өөрчлөхгүй байснаас өөрчилсөн нь дээр гэдгийг олон хүн хэлдэг. Гэтэл нөгөө л Ц.Нямдорж гишүүн “Чам шиг юм эрүүгийн хуулийг батлуулдаггүй юм. Харж байгаарай чи, би энэ хуулийг чинь батлуулахгүй” гэж шаралхаж байсан шиг санана.
Гэвч нөгөө ТМС-ийн хуульч чинь батлуулчихлаа. Хэрэв байнгын хорооны даргын эв дүй, эр зориг, асууддыг авч гарах арга ухаан дутвал энэ байтугай энгийн жижиг асуудал ч явдаггүй. Энэ л хүний хүч оролцоогоор ийнхүү Монголын нийгмийн толгойн өвчин болж, нарийн дээрээ яривал ухаангүй ноёдын урагшгүй боддогын золиосонд гэм зэмгүй олон мянган залуучууд өргөст торны цаана сууж өнгөрөөсөн 20 жилийн гунигт түүх төгсгөл болох зам мөр нээгддээ. Хэдийгээр энэ үйл явдал УИХ-ын гишүүд, Хууль зүйн яамны хамтын том бүтээл боловч амиа хоохойлогч, аялдан дагалдагч, бусдад автамтгай, хойрго нэгэн Хууль зүйн байнгын хороог толгойлж байсан бол түүнийг ашиглан зогсоох хүч мөн ч хангалттай байсныг мартаж болохгүй.
Баянхонгорчууд Д.Ганбат гишүүнийг төрд ард түмнийг төлөөлөх эрх олгосон нь хонгор нутгийнхны монголдоо оруулсан бас нэгэн хувь нэмэр гэж үзмээр санагдана. Төрийн түшээ хүн нутаг усаар явцууран өөрийгөө бодох учиргүй бөгөөд харин улс орныхоо хөгжлийн төлөө санаа чилээж, бодсон санаснаа гүйцээж, том, гэгээн мөр үлдээж явах учиртайг Ганбат гишүүний хууль, шүүхийн шинэтгэлийн хүрээнд оруулсан хувь нэмэр харуулж байна. Шүүхэд ээлтэй эрхэм тодотгол түүнд л тохирно.