Зах хязгаар нутгаас Монголын хөгжил эхэлнэ
“Хан Хэнтийн хүү” хөгжлийн сан, “Сумандаа сайхан амьдаръя” төслийн удирдагч Н.Учрал
2016.01.12

Зах хязгаар нутгаас Монголын хөгжил эхэлнэ

Үндсэн мэргэжил эрх зүйч, хууль, бизнесийн ухааны магистр, түүхийн ухааны доктор, хэд хэдэн мэргэжил дээшлүүлсний хувьд би өөрийгөө улс төрд ороход тодорхой түвшинд бэлтгэгдсэн гэж үздэг.

- Залуу хүний хувьд өнөөгийн үүсэн бий болсон нөхцөл байдлыг шинэ, соргог нүдээр харж, шийдэх гарц гаргалгааг хайж байна уу?

Компани байгуулж, баялаг бүтээе гэсэн хүмүүс багасаж, олонхи нь улс төрд орохыг эрмэлздэг болсон. Бага цалинтай өдөр хоногийг аргацааж байснаас орж, түргэн хөлжөөд авъя гэсэн хандлага давамгайлах болсон. Үүнээс болж мэдлэг, чадвартай залуус үзэл бодлоосоо ухрах, өнөө маргаашийн ашиг, хонжооны төлөө худалдагдах вий гэсэн эмзэглэл миний дотор байдаг.

... Улс төрд орохгүйгээр асуудлаа дэвшүүлж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцох боломж хараахан бүрэлдээгүй юм шиг санагддаг ...

Нийгмийн өндөр идэвхтэй, сэхээтэн хүмүүс өөрийнхөө чадлаар нийгэмд тустай олон ажил санаачилж, хийж хэрэгжүүлэхийг оролддог боловч төдийлөн амжилтад хүрч чадахгүй байх шиг. Энэ нь хэн бүхэн улс төр лүү хошуурдаг нэгэн том шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл улс төрд оролгүйгээр өөрийн чадавхийг бүрэн ашиглах боломж хомс байдаг. Миний хувьд хэн нэгэнд худалдагдах, бусдын үзэл бодлоор амьдрах нь утгагүй гэсэн үзэл бодол, байр суурьтай нэгэн. Тодорхой хэмжээнд бизнес эрхэлж, олон чиглэлд ажилласаар ирсэн болохоор надад нийгэм, ард түмний төлөө өөрийгөө зориулж ажиллах орон зай хэрэгтэй.

Өнөөдөр Монголын улс төрийн амьдрал дархлаагүй болсон, гадаадын тохирох, тохирохгүй бодлого, туршлагуудыг нэвтрүүлэхийг оролдож байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл нөлөөлөх нөхцөл байдал үүсээд байна. Энэ нөхцөлд миний болон над шиг залуус өөрийн үгийг хэлэх ёстой гэж боддог.

Залуу хүнийг туршлагагүй гэж олон зүйлд оролцоог нь хязгаарладаг тал бий. Гэвч залуу хүн үргэлж урагшаа харж, цаг үеийн шаардлагыг мэдэрдэг, зоригтой алхам хийж чаддаг.

- Тэгвэл та төрд ороод бусад залууст улс төрд оролгүй хийж бүтээх боломжийг олгохын тулд юу хийж чадах вэ?

Надад бодож санаж явдаг, өөрийн гэсэн дэвшүүлэх санаа, гаргалгаа бий.

... Улс төр, шинжлэх ухаан хоёр давхацдаггүй ч нэг нэгнээ нөхөж явдаг салбарууд гэж ойлгодог. Өнөөдөр төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагдсанаар тогтолцоо нь бүх түвшиндээ ганхаж эхэлсэн гэж боддог. Өнөөгийн парламентад шинжлэх ухаанч баг үгүйлэгдэж байна ...

Судалгаанд үндэслээгүй, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан шийдвэрүүд  үнэ цэнэгүй болж, тухайн салбарынх нь бодлого унадаг. Боловсрол, соёл, ШУ-д суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж чадвал Монгол улсын ирээдүй дархлаатай болно. Боловсролын бодлого нь улс үндэснийхээ соёлын онцлогт тохирсон байх ёстой гэж боддог. Энэ гурвын хэлхээ холбоог алдахгүй явах хэрэгтэй.

Компани болгонд алсын хараа гэж байдаг шиг салбар бүрт, улс орны хэмжээнд алсын хараа гэж байх хэрэгтэй. Улмаар шинээр байгуулагдсан парламент түүнд захирагдаж байх ёстой.

Аливаа бодлого хүн рүү чиглэсэн байх ёстой гэж үздэг.

- Хүн рүү чиглэсэн ямар хөгжлийн бодлого байх нь зүйтэй гэж үздэг вэ?

Би оюутан байхаасаа л “Зах хязгаар нутгаас Монголын хөгжил эхэлнэ” гэж үздэг, энэ сэдвээр илтгэл тавьж эрдэм шинжилгээний хурлуудад оролцдог байсан. Энэ бол миний нэгэн том итгэл үнэмшил. Энэ ч утгаараа тодорхой санал, санаачлагуудыг дэвшүүлж, судалгаа шинжилгээний үндсэн дээр үзэл бодол, байр сууриа идэвхитэй илэрхийлсээр байна.

Жил ирэх тусам малчдын тоо буурах хандлагатай байна. Энэ нь мал аж ахуйн салбарыг хүнд байдалд оруулах магадлалтай байна. Тиймээс жил ирэх тутам эзэнгүйрч байгаа газруудад хүмүүс аваачиж ажиллуулах ёстой. Тэнд хүмүүсийг тогтвортой ажиллуулахын тулд "Бүсийн нэмэгдлийн тухай" хуулийг баталж тэнд амьдрах иргэдийн амжиргааны түвшинг баталгаажуулах замаар боломж, нөхцлийг нь сайжруулах хэрэгтэй. Тухайлбал,  Баян-Өлгий аймгийн багшийн цалин хоёр сая төгрөг, Ховдынх 1,8 сая төгрөг гэх мэтээр цалингийн хэмжээг тогтоож өгвөл хүмүүс цалингаа дагаад зах хязгаар нутагт очиж ажиллаж, амьдрах болно.

... Хүн амын нягтрал багатай алслагдсан сум, сууринд олон сургууль, цэцэрлэг барилаа гээд орон нутаг хөгжихгүй. Тиймээс эрдэм мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчнээр сэлбэх юм бол аяндаа төвлөрөл үүсч, тэр хэрээр хөгжинө ...

Үүнтэй зэрэгцээд хотын төвлөрөл саарах болно. Ингэснээр тэнд зах зээл бий болно.

Орон нутагт нь боловсон хүчин бэлтгэснээр залуус нь төрөлх нутагтаа ажиллаж, амьдрах бололцоо бүрдэх болно.

Хөдөөд ээлтэй хотын залуу

Энэ чиглэлд би тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Жишээ нь  “Сумандаа сайхан амьдаръя” нэртэй төсөл санаачилж, хэрэгжүүлж байна. Төслийнхөө хүрээнд бид Монголын найман аймгийн  100 гаруй сумаар явж нэвтрүүлэг бэлдсэн. Төслийн хүлээгдэж буй үр дүн гэвэл, сумандаа яаж сайхан амьдардгийг харуулах, орон нутгийн иргэдийг хооронд нь туршлага солилцуулах, Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, сум орон нутгийн хөгжлийг архивт хадгалан үлдээх зорилго тавьсан юм.  

- Таны ярианаас орон нутагт ээлтэй залуу юм байна гэж бодогдлоо. Тэгвэл аавын тань төрж өссөн Хэнтий аймгийн хөгжилд юу хэрэгтэй гэж бодож байна?

Манай аав Хэнтий нутагт багагүй зүйл хийж хэрэгжүүлсэн. Тиймээс би үйл хэргийг нь үргэлжлүүлэх учиртай.

Монгол Улсын иргэн бүр түрээсгүй, өөрийн өмчийн газартай байгаа нь дэлхийн ихэнх улс оронд байдаггүй боломж.

“Сумандаа сайхан амьдаръя” төслийн хүрээнд Хэнтий аймагт судалгааны баг ажиллуулж, Хэнтий аймгийн хөгжлийн концепцийг гаргаж “Ногоон Хэнтий” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад байна. Энэ нь Хэнтий аймаг байгальд ээлтэй хөгжлийн загварыг сонгох хэрэгтэй гэсэн үг. Өрх бүр өөрт оногдсон 0,7 га-гаа ашиглаад өрхийн үйлдвэрлэгч болох боломж байна.

“Ногоон Хэнтий” хөгжлийн хөтөлбөрт импортгүй Хэнтий, ажилгүйдэлгүй Хэнтий гэсэн санаа тусгасан.

Мөн энэ онд Хэнтий аймгийн бүх тосгон, сумаар явж, 7000 гаруй хүнтэй уулзалт хийлээ. Эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтнуудтай голчлон уулзсан. Хэнтийн бүх багшийг сургагч багш болгох зорилт тавьж, эхний ээлжинд 60 гаруй багшийг сургагч багшаар бэлдээд байна.