Ирээдүйн тэтгэврийн санд жилдээ 250 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ
Ирээдүйн тэтгэврийн санд жилдээ 250 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ
2016.01.15

Ирээдүйн тэтгэврийн санд жилдээ 250 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ

Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. 

Дундаж наслалт нэмэгдэж нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрөв, 2030 он гэхэд долоо, цаашид есөн тэтгэвэр авагч болох судалгаа гарч байгаа юм. Харамсалтай нь, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүй өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй аж.

Ийм нөхцөлд 2013 оны зургаадугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас /2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг/, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийг шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж албаныхан үзжээ.

Мөн Ирээдүйн тэтгэврийн санд жилдээ 250 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, хүүгийн орлого төвлөрөх бөгөөд цаашдаа сангийн орлого өсөх тооцоо гарчээ. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 78 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг иргэдийн тоо нэмэгдсэн ч хүрээ нь тэлээгүй байна. Малчдаас 9-10 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Малчдыг НДШ-ээ төлөх боломжийг нь нэг удаагийн хуулиар шийдэж өгье гэсэн төсөл өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл шийдсэнгүй. Малчдаа тэтгэвэрт гарах нөхцлийг хангаад насыг нь урагшлуулж 55-аар тогтооё гэсэн одоо хэр нь ярихгүй байна. Хэрвээ 250 мянган малчин НДШ-ээ төлдөг болбол Нийгмийн даатгалын сангийн бааз суурийг нэмэгдүүлнэ.

Гэтэл малчид НДШ-ээ сар бүр төлөх боломжгүй байгаа. Өвөл идэш хийсний дараа, ноос ноолуураа тушаасных нь дараа жилд хоёр удаа НДШ-ээ нөхөөд төлчихдөг байхаар асуудлыг цогцоор оруулаад ирээч. Сангийн хөрөнгийг яаж захиран зарцуулах асуудал нь хамтын хяналттай явах нь зөв байх. Эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ. Гурван жил ярилаа. Хэлэлцэх эсэх асуудал нь байнгын хороогоор дэмжлэг авсан. Мал аж ахуйн салбар Монголыг авч явж байгаа, эдгээр асуудлыг УИХ шийдчихвэл ирээдүйн малчдын залуу халааг тасралтгүй бэлтгэх суурь болно. Залуучуудыг мал аж ахуйн салбарт татаж оруулахын тулд төр чамд ийм дэмжлэг үзүүлнэ гэдэг хандлагыг хуульчлаад өгчихвөл нийгмийн баталгаа нь цогцоороо шийдвэрлэгдэнэ” гэв. 

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хариулахдаа” Малчдын НДШ-ээ төлөхтэй холбоотой хөнгөлөлттэй хуулийг баталсан. Шимтгэлээ улирлаар төлөх боломж олгосон хууль хэрэгжээд жил болж байна. Ноос ноолуур, мах бэлтгэх үеэр шимтгэлээ төлөх боломжтой. Хувираа хөдөлмөр эрхлэгчид ч ийм боломж байгаа. Тэтгэврийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох тухай хууль батлагдсан. Нийгмийн хамгааллын тухай хуульд малчдын нийгмийн даатгал дээр өөрчлөлт оруулахаар судалгааны ажил хийгдэж байна.

Малчдын тэтгэврийн насыг бууруулах нь эрсдэлтэй. Дэлхий нийтийн чиг хандлага нь хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа үед насыг бууруулах нь эсрэг явах үйлдэл гэж харж байгаа. Малчдын хөдөлмөрийн онцлог гээд олон зүйл дээр судалгаа хийсний үндсэн дээр авч үзэх шаардлага бий. Цэргийнхэн тэтгэвэртээ эрт гардагтай адилхан малчны хөдөлмөрийн онцлогийг судалж тодорхой дүгнэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гарагхгүй бол “Малчин” гэж хэнийг хэлэх юм, малаа хүнээр маллуулчихаад өөрөө хотод амьдардаг иргэд олон бий. Ийм хүнийг малчин гэх үү гээд асуудлууд бий” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Тлейхан хэлэхдээ “3.4 их наяд төгрөг гаргаж 75 мянган айлыг орон сууцтай болгож. Найман хувийг таван хувь болгоно, эдийн засгийн сайн тооцоо хийхгүйгээр амлалт өгөх нь макро эдийн засагт хор авчирна. Эдийн засагч нарын мэргэжилтнүүдийн тооцооллыг сайн хийх.

Инфляци буурсан учраас таван хувь болгох боломж бүрдлээ гэлээ. Малчны, тэтгэврийн, цалингийн зээл бүгд буурах ёстой. Ийм боломж байна уу. Банкны хүүгийн зөрүүг олгоход хэдий хэмжээний мөнгө болох вэ. Эх үүсвэр байна уу. Хэвлэж гаргах гээд байна уу. Эргэлтээр 28 тэрбум орж ирнэ гэнэ. Харин албаныханы хэлж буйгаар 10 гаруй их наяд төгрөгийн өр авлагын асуудлыг шийдэх ёстой. Монголын төр байршуулах даатгуулагчдад олгох ёстой мөнгөнийхөө тодорхой хувийг олгох ажил хийгдэж байна.

Бүгд тэтгэвэрт гарна, өнөөдрийн төдийгүй ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн эрх ашиг энэ хуулиар хангагдахаар зохицуулжээ. Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Б.Болд “Банкны системийн хэмжээнд дундаж хүүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд олон. Маш олон жилийн турш асар өндөр инфляцитай явж ирсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд инфляци 14-2.9 хувь болж буурсан. Зээлийн хүү буурахын тулд эдийн засгийн эрсдэл буурах ёстой. Эх үүсвэрийн өртөг нь бага байх учиртай. Гадаад тэнцвэр хангагдах боломжтой орчин руугаа орж ирсэн. Нөгөө талаас банкны системийн зээлийн өртөгт барьцаа хөрөнгөтэй холбоотой орчин чухал.

Сангийн хөрөнгө орлогын эх үүсвэр Монголбанкнаас шилжүүлсэн 1.8 их наядын бонд. Өмнөх хугацаанд олгосон 650 тэрбум төгрөгийн актив хөрөнгө шилжинэ. Энэ хөрөнгөөс шинээр ипотекийн зээл олгоно. Харин ямар шалгуураар ипотекийн зээл олгох вэ гэдэг журмаа Засгийн газар батална. Жил бүр 250 тэрбумаар сангийн орлого бүрдэнэ. Ипотекийн зээлээр барьцаалсан актив хөрөнгөө барьцаалж зээл авч болно” гэсэн юм. Эцэст нь гишүүд эл төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.