2015 онд өргөдлийн байнгын хороонд 48399 иргэнээс өргөдөл иржээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлангийн талаар мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, 31 асуудлыг хэлэлцэж, 5 удаа салбарын сайдын мэдээлэл сонсч, Байнгын хорооны хуралдаанаас 15 тогтоол гаргаж, 7 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна. УИХ-д 2015 онд 48399 иргэнээс 1335 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 223 буюу 16.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1112 буюу 82.3 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна.
Энэ хугацаанд 14209 иргэний өргөдлийг 12 удаа багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 840 хүсэлт буюу 69.3 хувийг судлан шууд хариу өгч, 372 хүсэлт буюу 30.6 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 1258 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 77 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.
Байнгын хорооны хуралдаанаас 2015 онд нийт 15 тогтоол, 7 хуралдааны тэмдэглэл гаргаж, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэний зэрэгцээ Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэжээ.
2015 оны 2, 3 дугаар саруудад хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, боомтуудын үйл ажиллагааны талаар хилийн боомтуудад хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын санал, иргэдийн өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай танилцсан байна.
Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, 2015 оны 06 сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэсэн байна.
Мөн тус компани нь зам тавих талаар гэрээгээр хүлээсэн үүргээ 25 жилийн турш биелүүлээгүй байсныг хэрэгжүүлэх шаардлага тавьж ажиллан замын ажлын 50 хувийг гүйцэтгэсэнтэй газар дээр нь танилцжээ. Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах, өргөдөл гаргах талаар зөвлөмж өгөх, өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг 2015 оны 3,6,10,11-р сард Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Орхон аймгийн зарим сумдад зохион байгуулжээ.