Онцгой байдлын алба хаагчид 54 иргэний амь насыг аварчээ
Онцгой байдлын алба хаагчид 54 иргэний амь насыг аварчээ
2016.02.17

Онцгой байдлын алба хаагчид 54 иргэний амь насыг аварчээ

Увс аймагт өвөлжилт хүндэрч, цагаан зудтай байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газар ачаалалтай ажилласан байна. Баярын өдрүүдэд цасан шуурганд төөрсөн, цасанд суусан есөн автомашиныг цаснаас гаргаж, 54 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Малчин сумаас Хар тэрмэсийн амралтын чиглэлд цахилгааны шугам засварлахаар гурван хүнтэй ажлын хэсэг Pajero маркийн 29-46 УБН дугаартай автомашинтай яваад Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ний засварчин Г.Э сураггүй болсон гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, цасан шуурганд төөрсөн иргэнийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Түргэн сумын Рашаант багийн нутаг Шургадагийн сай гэдэг газар Түргэн сумаас Улаангом сумын чиглэлд явж байсан Кроун маркийн УВХ 67-69 улсын дугаартай автомашин унаж осолдсон гэх мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, гүүрэнд өлгөгдсөн автомашиныг буулгах ажлыг зохион байгуулжээ. 

Обьектын гал түймрийн дуудлага 2, техникийн холбогдолтой ослын мэдээ 1, хүчтэй цасан шуурганы мэдээ 2, үйлдвэрлэл технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга, байгууламж, шугам сүлжээ эвдэрсэн дуудлага 1, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 1-г тус тус хүлээн авч холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан байна.