УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
УИХ-ын ээлжит бус чуулганы Баасан гаригийн хуралдаанаар дараах хуулиудыг хэлэлцэв.
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулсан юм.
Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь нь дэмжсэнээр Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдсан юм.
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.
Баасан гаригийн хуралдаанаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан юм.
Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө.