УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага, үндэслэл
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 15-нд эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулан 2 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт нээхээр товлосон юм.
Өнөөдөр /2016.02.18/ өглөө 09.00 цагт Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн МҮАН-ын хоёр гишүүн, Иргэний Зориг Ногоон намын нэг гишүүн буюу нийт 37 гишүүн хүрэлцэн ирсэн ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн МАХН-ын гишүүдээс нэг ч гишүүн танхимд орж ирээгүй учир ээлжит бус чуулганы хуралдааны нээлтийг хийх боломжгүй болсон юм.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтийг үдээс хойш 14 цаг хүртэл хойшлуулсан боловч хуралдааны ирц мөн бүрдсэнгүй.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд 17 цаг 11 минутад хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн гишүүдэд хандаж хэлэхдээ, “Намрын чуулганаар баталсан эцсийн найруулга уншигдаагүй хэд хэдэн хууль байна. Эдгээр хуулиудын эцсийн найруулгыг уншихгүй бол хавар хүртэл хууль хэрэгжих боломжгүй болж байгаа. Ирц 37 хэвээр байна. Ээлжит бус хуралдаан эхлэхэд эцсийн найруулга уншихаар бэлтгэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Барилгын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай, Зөрчлийн тухай зэрэг олон хууль байна. Иймд ирц бүрдэж хуралдаанаа эхлэхгүй бол эдгээр хуулиудын эцсийн найруулгыг 4 дүгээр сарын 5-нд эхлэх хаврын ээлжит чуулган хүртэл бүтэн хоёр сар шахуу хүлээх хэрэгтэй болж байна” гэлээ.
Ингээд Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг нээхэд хоёр гишүүнээр ирц дутаж байна. Одоогийн байдлаар Ардчилсан намын гишүүдийн ирц 35-аас 34 буюу 97.1 хувь, МАН 26-аас О буюу тэг хувьтай, Шударга ёс эвсэл 10-аас 2 буюу 20 хувь, Иргэний Зориг Ногоон Нам 2-оос 1 буюу 50 хувь, бие даагч 3-аас тэг хувьтай байна гэдгийг танилцуулсан юм. Мөн Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганыг товлосон цагт нь хуралдуулахаар Даваа гарагт бүтэн өдөр хүлээсэн, мөн өнөөдөр өглөө 09.00 цагаас хойш хүлээж байна. Иймд бусад намын гишүүдийг танхимд ирэхийг урьж байна гэлээ. Ингээд 10 минут хүлээсний дараа Улсын Их Хурлын дарга цалин авдаг ч ажилдаа ирэхгүй байгаа гишүүдийн нэрсийг тойрог, намын жагсаалтаар нь уншиж танилцуулсан юм. Үүнд: Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүд О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Г.Уянга, Л.Цог, Ц.Цолмон нар ажилдаа ирээгүй байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва чөлөөтэй, Ч.Улаан гишүүн өвчтэй гэж ирцэнд орсон байна. Бие даагч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мөн ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй байгааг сануулсан юм.
Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ээлжит бус чуулган хуралдсангүй. Харин хүрэлцэн ирсэн гишүүд семинарын горимд шилжиж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага, үндэслэлийн талаар үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны 2 дугаар сарын 15-наас 26-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулахаар УИХ-ын даргын захирамж гарсан. 2 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы танхимд бүрэн сууж байна. МАН, МАХН-ын бүлгээс АН-ын бүлгийн гишүүдийг бүрэн цугларч ирц бүрдүүлсний дараа УИХ-ын чуулганы танхимд орж ирнэ гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөлийн хурал УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийг хүртэл буюу Пүрэв гараг хүртэл түр хүлээгээч, гадаадад томилолттой явсан гишүүдээ дуудья гэсэн. Үүний дагуу АН-ын бүлэг бүх гишүүдээ дуудаад өнөөдөр бүлгийн 35 гишүүд бүгдээрээ хуралдаанд ирээд бүтэн 2 өдөр хүлээж байна. Бусад намуудын тавьсан шаардлагыг биелүүлсэн. Бусад намууд хуралдаа оролцохыг уриалж байна.
УИХ-ын гишүүн А.Бакей: -Намрын чуулганы төгсгөлд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиуд батлагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гээд дурдаж болно. Эдгээр хууль тогтоомжийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы эхэнд сонсох ёстой. Гэтэл ирц бүрдэхгүй байгаагаас болоод эцсийн найруулгыг сонсож чадахгүй, эдгээр хуулиудын хэрэгжих хугацаа ирэх 4 дүгээр сар хүртэл хойшлох болоод байна. Энэ бол дэндүү хариуцлагагүй асуудал. Түүнээс гадна ээлжит бус чуулганаар улс орны амьдралд хэрэгтэй татварын багц хуулийн шинэчлэлийг хийхээр оруулж ирсэн. Үүнийг бизнес эрхлэгчид, ард түмэн хүлээж байгаа.
Боловсролын тухай хууль байна. Ийм хуулиудын хэлэлцэх асуудал хойшлогдоод байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн төрийн ажилд хэрхэн хандаж буйн илрэл юм. Үүнд харамсч байна. УИХ-ын гишүүд биднийг сонгогчид бидний өмнөөс хууль тогтоох ажиллагаанд оролц гэж илгээсэн. Тэд төлөөлөх эрхээ биднээр дамжуулан хэрэгжүүлж байгаа. Гэтэл гишүүд зөвхөн өөрөө өөрийгөө төлөөлж буй мэтээр хандан хуралдаанд оролцохгүй байгаагийн цаана олон мянган сонгогч иргэдийн эрх ашиг шууд хохирч байна. Ядаж үүнийг ухамсарлаач, эрхэм гишүүдээ.
Хэдэн гишүүдийн хооронд үүсэн маргаан бол асуудал биш, гол нь цаана нь сонгогч иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй нь үнэхээр харамсалтай байна. Тэгээд ч төрийн ажлыг нэг нь гуйж нөгөө нь гуйлгаж хийдэггүй. Хуулийн дагуу явах ёстой. Хууль тогтоогч бид үлгэрлэх ёстой. Ажлаа таслаад цалин авч байгааг жирийн иргэд юу гэж бодох вэ. Ийм асуудал байж таарахгүй. Тиймээс гишүүд хуралдаа орж ирээч. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд үүнийг шаардах эрхтэй гэж бодож байна. Бид хууль дээдлэх ёстой. Хуулиа дээдлээч гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүхий л байгууллагын хүмүүстэй хамтран ажилласан. Энэ хууль бол маш олон хүний хүсч мөрөөдөж байгаа, манай нийгмийн хамгийн эмзэг давхаргын айл өрхүүдэд шууд үйлчлэлээ үзүүлж эхлэх хууль юм. Хуулийг батлах, хэлэлцүүлэх, ажлын хэсэгт ажиллах гээд бүхий л хүнд хүчир ажлуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамтран нугалчихаад байсан. Одоо ирцээ бүрдүүлж суугаад эцсийн найруулгаа сонсон алх тогшиход Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэдний үр хүүхэд, асран хамгаалагчдын эрхтэй холбоотой амин чухал хууль хүчин төгөлдөр болж, эргэлтэнд орох гээд байна. Гэтэл энэ хүмүүст хуралдаа ороод ирэх сэтгэл байхгүй байгаад харамсч байна. МАН-ын гишүүд төр барьж сурсан, засаглаж сурсан гэж гайхуулдаг. Засаглана гэдэг бусдын төлөө ажиллахыг хэлдэг. Засаглаж сурсан нам төрийн ажлыг хаяад хэчнээн хоног алга болох юм бэ. Төрийн ажлын ард хүний эрх, хувь заяа, амьдрал байгаа. Тэдний төлөө кнопоо дарах гэж төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүмүүс шүү дээ, бид. Гэтэл намынхаа далбаанд тангараг өргөсөн мэт аашилж байна. Бид бүгд улс орон ард түмний төлөө ажиллана гэж тангараг өргөсөн. Ард түмнийхээ төлөө танхимдаа орж ирээч гэж шаардаж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Би эмнэлэгт хэвтэж байгаад ээлжит бус чуулган хуралдана гэж дуулаад гарч ирээд хоёр өдөр хүлээж байна. Бидэнд, улстөрийн бүх намуудад, УИХ-ын гишүүдэд нэг дээд эрх ашиг байдаг. Энэ бол ард түмний эрх ашиг. Ард түмний эрх ашиг хуулиудаа хугацаанд нь, яаралтай батлаач гэж шаардаж байна. Эхнээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийгээд, захиа бичээд явж байна. Миний ширээн дээр Хүүхдийн эрхийн тухай хууль байна. Бид хүүхдийн төлөө за гэж хэлцгээе гэдэг хүмүүс. Хүүхэд хамгааллын тухай хууль байна. Барилгын сезон эхлэх гээд байхад Барилгын тухай хууль нь энд байж байна. Монгол Улсад нийт татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэд хандаж хэлмээр байна. Монгол Улсын татварын системийг өөрчлөх гэж энэ УИХ-ын хугацаанд ажлын хэсэг хоёр жил гаруй ажиллаад, Засгийн газар өргөн бариад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хүн амын орлогын албан татварын гээд татварын иж бүрэн шинэчлэх хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ээлжит бус чуулганаар шийдэх ёстой байгаа. Ээлжит бус чуулган хийж энэ чухал хуулиудыг батлахгүй бол бидэнд цаг алга байна. Бид нийтлэг дээд эрх ашгаа боддог бол Монгол Улсын эдийн засгийг эрх зүйн хувьд сэргээж өгөх хуулиудыг батлах шаардлагатай байна. Тийм учраас УИХ-ынхаа үндсэн ажилдаа орохгүй, цалинг нь авдаг хүмүүст хандаж хэлэхэд, намуудынхаа хоёрдугаарт эрэмблэгддэг эрх ашгийг түр огоороод, нэгдүгээрт эрэмблэгддэг Монгол Улсын иргэдийн эрх ашгийг бодоод хуралдаа орж ирээд, ажлаа сайн хийж өрсөлдөөч гэж гэж уриалмаар байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Парламентын засаглалтай улсын хувьд УИХ-ын 76 гишүүн бол бүгд эрх баригчид. Сонгуулиар олны итгэл хүлээж сонгогдон гишүүний тангараг өргөснөөр гишүүд төрийн эрх барилцаж байгаа. Гэтэл МАН-ын гишүүд өөрсдийгөө эрх бариагүй гэж байгаад гайхаж байна. Тэгвэл эрх бариагүй юм бол УИХ-ын гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээж суухгүй ёсгүй.
Харин парламент дотроо олонх цөөнх болж маргалдах нь өөр асуудал. Бие даагч ч бай, олонх цөөнхөд хамрагдаж байгаа аль ч гишүүн бол төрийн эрх барилцаж байгаа төрийн түшээ, ард түмнээс сонгогдсон парламентын гишүүн. Тэр ч утгаараа энд сууж буй 76 гишүүн бүгд эрх баригчид юм. Түүнээс биш манайх олон гишүүнтэйгээрээ хариуцлагаа хүлээ, манайх цөөн гишүүнтэйгээрээ хариуцлага хүлээхгүй гэж болохгүй. МАН-ын бүлгийн гишүүд ингэж ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал. Тиймээс улс төрийн бүх хүчнүүд хуулийн хүрээнд ажиллаж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн шийдлээ хүлээж буй олон асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх үүднээс хуралдаандаа оролцож үүрэг, хариуцлагаа хүлээж ажиллахыг уриалж байна.
УИХ-ын гишүүн М.Зоригт:-Хэдхэн хоногийн өмнө намрын ээлжит чуулганыг хаагаагүй байхад МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах хүсэлт гаргахад уг асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх тохироотойгоор хурал даргалагчийн зүгээс МАН-ын бүлэгт завсарлага өгсөн. Ингэж тохирчихоод одоо тэр асуудлыг нь хэлэлцэх гэхээр тойрч зугатаад байгааг гайхаж байна.
Би бас нэг зүйлд дургүй хүрээд байна. МАН-ын бүлгийн гишүүд өрөөндөө байна гэх боловч зарим нь далайн эрэгт халуун оронд амарч байгаа зургаа олон нийтийн сүлжээнд оруулчихсан байна. Бас өчигдөр нэг гишүүнтэй нь таарахад Н.Энхбаярыг Шадар сайдад нэрийг нь оруулж ирэхгүй бол хуралд орохгүй гэж байх юм. Гэмт хэрэг хийчихсэн тэр хүнийг Шадар сайд болгохгүй бол хуралдд оролцохгүй гэж МАН-ын бүлгийн гишүүд ярьж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Намын жирийн гишүүд нь ч үүнд дургүйцэж байгаа, би ч дургүйцэж байна. Үүнийг л хэлье гэж түрүүнээс хойш бодсон юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Эцсийн найруулгыг нь уншихаар олон чухал хуулиуд хүлээгдэж байна. Ер нь чухал хууль, чухал биш хууль гэж байхгүй. Харин энэ хууль нь хичнээн хүний эрх ашгийг хөндөж байна вэ гэдгээр нь тухайн хуулийн ач холбогдлыг үнэлж харж болдог. Бидний хувьд анхаарал хандуулах, эрхийг нь хамгаалах, амьдрах нөхцөлийг нь дэмжиж өгөх гурван гол бүлэг байдаг. Энэ нь ахмадууд, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалахтай холбогдсон хэд хэдэн хуулийг намрын чуулганы сүүлчээр хэлэлцэж баталсан. Гол нь эдгээр хуулиуд нь ердийн журмаар хэрэгжих юм. Тиймээс эцсийн найруулгыг нь өнөөдөр уншиж чадахгүй бол 4 дүгээр сарын 20-ноос хойш дагаж мөрдөхөд хүрнэ. Үүнийг манай гишүүд анхаарч ойлгох ёстой.
Мөн эрх барих тухай ойлголтыг гишүүд хөндөж байгаа нь зөв зүйтэй асуудал юм. Эрх барина гэхээр засагт орж дарга цэрэг болохыг ойлгодог, тэгээгүй бол эрх баригч биш гэж үздэг ойлголтоосоо салах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Арвин:-Ирц бүрдэхийг хүлээсээр цаг хугацаа алдаж байгаад их харамсаж байна. Энэ бол урд хожид байгаагүй муухай явдал юм. Намууд яаж ялзарсныг үүнээс харж болно. Гэтэл Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж батлах асуудлыг завсарлага авч хойшлуулсаар эцэст нь дэмжээгүй. Ер нь улс орны хөгжилд садаа болж, Монгол Улсын ирээдүйг баллаж байгаа намыг татан буулгах хэрэгтэй. Иймээс ийм хариуцлагагүй намыг татан буулгах асуудлыг зохицуулах Улс төрийн намын тухай хуулийн төслийг дахин өргөн барьж хурдан батлах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарласан. Хоёр,гурван өдөр МАН болон МАХН-ын гишүүдийг чуулганд орж ирэхийг хүлээж, харж сууж байна. Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулсан МАХН-ын гишүүдийг ирц бүрдүүлэхгүй байгаад буруутай гэж харж байгаа. МАН-ын хувьд сөрөг хүчин дандаа сөрдөг зогсоодог учраас энэ намын тухай нэг ч үг хэлэхгүй. Улсын Их Хурлын даргад нэгэн хуулийн төсөл өргөн барьж байгаа. Ажлаа тасалсан хүмүүсийг ажлаас нь халдаг, Улсын Их Хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байгаа Улсын Их Хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хуулийн төслийг миний бие болон Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьж байгаа. Энэ хуулийн төслийг үтэр түргэн хэлэлцүүлэгт оруулах шаардлагатай. Ардчилсан нам олонх болоогүй олон болсныхоо зовлонг өнөөдөр эдэлж байна. Дараагийн сонгуулиар сонгогчид маань аль нэг намыг олонх болгоорой.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Үнэхээр ийм байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс уучлалт хүсмээр байна. Хамгийн олдохгүй зүйл бол цаг хугацаа. Цаг хугацаа бол эргээд хэзээ ч олддоггүй. Өнөөдрийг ингэж алдаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Парламент гэдэг бол бүгдээрээ орж ирээд буруу зөвөө ярилцаад хуулиа баталдаг зүйл. Үүнийг МАН, бие даагчид, МАХН бодох хэрэгтэй. Ардчилсан намын бүлгийн дарга МАН 35- уулаа бол гэсэн шаардлагыг хэлсэн гэдгийг танилцуулсан . Бид өнөөдөр 35 -уулаа тэр шаардалгыг нь биелүүлчихээд байхад орж ирэхгүй байна. Ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэх ёстой. Түүний 12 нь Хууль зүйн байнгын хороогоор яригдах ёстой. Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд хууль батлах үйл явцдаа хурдан орж, цаг хугацаагаа алдмааргүй байна гэдгийг хэлье. Нөгөө талаар улс орны байдал хүнд, хүмүүсийн амьдрал хэцүү, дэлхийн эдийн засаг хүнд байгаа энэ үед МАН, МАХН, бие даагч гишүүд байхгүй байгаад харамсалтай байна. Монгол Улсаа хөгжүүлье гэж байнга ярьдаг. Үүнийгээ харуулахын тулд хуралдаа орж ирж хуулиа батлаад, Монгол Улсаа хөгжүүлж байгаа байдлаа харуулмаар байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Монгол Улсад нэг л эрх ашиг байх ёстой. Түүнийг дээдлэх улсууд нь бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгуулага, түүнийг бүрдүүлж байгаа нь Улсын Их Хурлын гишүүн юм. Тэгэхээр сүүлийн үед Улсын Их Хурлын цөөнх ажилдаа ирэхгүй байх байдал газар авч байна. Улсын Их Хурлын гишүүд яагаад Монгол Улсын эрх ашгийг дээдлэх ёстой вэ гэхээр Улсын Их Хурлын гишүүн болохдоо тангараг өргөдөг. Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэнэ. Нийт иргэдийн эрх ашгийг дээдлэнэ гэдэг. Гэтэл Улсын Их Хурлын гишүүд энэ тангарагаа мөрдөхгүй, ажлаа хийхгүй, ажилдаа ирэхгүй болохоор маш хүнд нөхцөл байдал үүсч байна. Улсын Их Хуралд олонх, цөөнх гэж байдаг. Олонх болохгүй бол ажил хийхгүй эсвэл Засгийн газарт орохгүй бол ажил хийхгүй ийм байдалтай асуудалд хандаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цөөнх болгосных нь төлөө Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэхгүй тэднээс хариугаа авч байна гэж үзэхээр болоод байна. Уг нь Улсын Их Хурлын даргын зөвлөлөөр ээлжит бус чуулган зарлах асуудлаа шийдсэн. Зөвлөлд бүх бүлгийн удирдлага, байнгын хорооны дарга нар байдаг. Тийм учраас ээлжит бус чуулгандаа оролцох ёстой. Өнөөдрийн хуралдаа ирэхгүй байгаа нь тангарагаасаа няцаж, хууль зөрчиж байна гэж үзэхээс өөр аргагүй болж байгаа юм. Чуулгандаа орж ирээд тухайн асуудлаар хуульд заасны дагуу завсарлагаа аваад явж болно. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Өнөөдөр Ардчиллын замаар бид 26 жил явж ирлээ. Монголын сонгогчид бол юмыг ялгахтайгаа болсон. 1996-200 онд 45 хоног ч билүү 60 хоног ч билүү Улсын Их Хурлын чуулганыг хуралдуулахгүй байдалтай байсан. Энэ бол үнэхээр үеэ өнгөрөөсөн. Хоцрогдсон арга байна л гэж хэлмээр байна. “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ын гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд бүгд албан тушаал авсан. Энэ чуулгандаа орж ирэх хэрэгтэй шүү дээ. Улсын Их Хуралд цөөнх байна гэдэг ажил хийхгүй байна гэсэн үг биш юм. Ийм байдалтай ажлаа хийдэггүй, тангарагаа биелүүлээгүй байж байгаад сонгуульд дахиж нэр дэвшээд, нэр дэвшүүлээд нам нь оролцоно гэдэг бол хариуцлагагүй. Ийм байдлыг монголын сонгогчид, ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй гэж ойлгож байгаа. 2012 оны 8 сараас 2014 оны 12 сар хүртэл Улсын Их Хурлын нийт чуулганы хугацааны 60 хувийг хэн нэгнийг огцруулах асуудлыг ярьсан байдаг. Үнэхээр энэ бол Улсын Их Хурлын цөөнх, Ардчилсан намтай хамтарч эрх барьж байгаа зарим хүмүүс Монгол Улсын эрх ашгийг огоорч байна. Тийм байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Иргэд сонгогчид бас Улсын Их Хурлын болон монгол төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа энэ гишүүддээ хэлж, ярьж өгөөчээ гэж олон түмнээсээ хүсмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Гишүүд нэлээд олон талаас нь ярьж байна. Төрийн ажил гацаанд орчихлоо л доо. Би гайхаж байна. Энэ танхимд суудаг гишүүдийн тэн хагас нь эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэж шоволзоод, бусдад үг хэлэх бололцоо олгодоггүй л шахам байдаг. Сонгууль дөхөж байна. Тун бага хугацаа үлдлээ. Бидэнд нэг өдөр, нэг цаг, нэг минут ч үнэ цэнэтэй байна. Улс орны өмнө тулгамдаж байгаа олон чухал асуудлыг шийдэх шаардлага байна. Байнгын ажиллагаатай парламент улс орны өдөр тутмын ажиллагааг явуулдаг. Гэтэл төрийн ажлыг ингэж гацааж байна гэдэг үнэхээр харамсмаар байдаг. Бид хийх, хэлэхээ олж ядсандаа ингээд цуглачихсан улс биш. Сонгууль болоход бага хугацаа үлдсэн. Энэ хугацаанд ард түмэнд, улс оронд хэрэгтэй хууль батлахсан гэдэг санаагаар ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулах гэж байна. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтад эсэргүүцээд байхаар хуулийн төслүүд байгаа гэж бодохгүй байна. Боловсролын тухай хууль гэхэд л манай малчдын байнга ярьдаг асуудлыг шийдвэрлэнэ. Хүүхдүүд нь 6 настай сургуульд ордгоос болж залуу халаа байхгүй боллоо гэдэг, иймээс Боловсролын тухай хуульд өөрчлөлт хийж байна. Хөдөө орон нутаг, сумын хөгжил гэж гишүүд байнга ярьдаг. Сумын сургуулиудын хувьсах зардлыг аймгийн төвүүдийн сургуулиудаас илүү байлгах өөрчлөлтийг бид хийж байгаа ш дээ. Үүний юу нь болохгүй гээд эсэргүүцээд байгааг би ойлгохгүй байна. Манайд улс төрийн тогтолцооны нэг гажуудал байна. Эрх барьж байгаа нам шүүмжлүүлээд зүтгэдэг, сөрөг хүчин нам нь ямар ч байсан харлуулдаг, гутаадаг. Муу болгож харагдуулж байж сонгуулиар оноо авч, дараа нь эрх мэдэлд хүрэх гэдэг улс төрийн буруу тогтолцоо байгаад байна. Үүнийг бүх улстөрчид нь ярьдаг. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулья гэж сүүлийн найман жил ярьсан. Улсын Их Хурлын гишүүд нь хөдөө орон нутагтаа очих болгондоо засаглалын хямрал нүүрлээд байна, энэ бүхнээ нэг мөр шийдэж авья гэж ярьдаг атлаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцдэг. Түрүүн гишүүд ч дурдаж байсан, Улс төрийн намын тухай хуулийг бас шүүмжилдэг. Суманд хэдэн улс төрийн нам нь ард иргэдийг намын гишүүнчлэлээр нь хуваагаад авчихсан, гэр бүл, жалга довоор нь хооронд нь талцуулдаг. Бүгдийг нь талцуулсан энэ улстөржилтөөс чинь залхаж байна гэж ард иргэд ярьдаг. Үүнийг хэн ярьдаг юм бэ, Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө очиж ярьдаг. Улс төрийн намын тухай хууль ярихаар эсэргүүцдэг, хэлэлцэхээс татгалздаг. Энэ юу нь болохгүй байгаа юм бэ. Суманд улс төрийн нам байгуулахыг хориглоё, сумын иргэд нь Засаг даргаа сонгодог өөрчлөлтийг хийх гэхээр юу нь болдоггүй юм. Өнгөрсөн чуулганы төгсгөлд олон чухал хууль батлагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан, улс орон даяар асар их хүлээлт үүсгээд байсан. Өчигдөрхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэвлэлийн бага хурал зарлаж "Ирцээ бүрдүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганаа эхлүүлж, энэ хуулийн эцсийн найруулгыг сонсоод өгөөч. Энэ хуулийн хэрэгжилт бидэнд чухал байна" гэж ярьж байхыг сонссон. Үнэхээр харамсаж байна. Үүнийг бид сонсмоор байна. Бүгд хүүхдэд хайртай, за гэдэг гээд л байсан. Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсан. Энэ хуулиудын эцсийн найруулгыг сонсч, хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна. Энэ юу нь болохгүй байна.
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн найруулгыг сонсох гэтэл Барилгын сайд нь хурал хаяад орж ирдэггүй. Үүнтэй зэрэгцээд нэг зүйл хэлэхэд хамтарсан гэж байгаа нам, тухайлбал МАХН, Шударга ёс эвсэл 10 гишүүнтэй, 10 гишүүнд нь 6 сайд оногдож байгаа. УИХ-ын албан тушаалтайгаа нь тоолох юм бол бүгд албан тушаалтай байгаа шүү дээ. Одоо ямар шантааж, ямар барьцааны улс төр хийгээд байна вэ. Хэн нэгэн хүний хувийн ашиг сонирхолын үүднээс монгол төрийг барьцаалдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Монгол төрийн ажлыг явуулмаар байна. Эсвэл тэр Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар нь Ерөнхий сайддаа өргөдлөө бичиж өгчихөөд, хурлаа хаяцгаа. Монгол Улс, Улсын Их Хурал, Засгийн газрын түүхэнд Засгийн газрын гишүүд нь парламентын чуулганаа хаяад хурлын ирц бүрдүүлэхгүйгээр бойкотолж байсан түүхийг би мэдэхгүй юм байна. Одоо Барилгын тухай хуулийн эцсийн найруулгыг сонсьё гэхээр З.Баянсэлэнгэ сайд алга, Ц.Цолмон сайд алга, Д.Оюунбаатар сайд нь алга. Орж ирэх хэрэгтэй, эсвэл өргөдлөө өгцгөө. Монгол төр бол та нарын тоглоом биш. Сонгууль дөхсөн байгаа учир улс төрийн намын гишүүд, УИХ-ын гишүүд нь ухамсраараа чуулганы хуралдаандаа оролцож, батлагдсан хуулиудынхаа эцсийн найруулгыг сонсчихьё, чадвал хэдэн хууль баталчихья. Цаг хугацаа алга байна. Бид ч гэсэн амарья гэвэл амрах хэрэгтэй л байна. Амралт хэрэгтэй. Үнэхээр аргаа ядсандаа, хэлэх хийхээ олж ядчихаад энд зугаагаа гаргаад сууж байгаа хүн алга байна. УИХ-ын дарга болоод эрхэм гишүүдэд хэлмээр байна. Хэдий хүртэл энэ хүмүүс УИХ болоод төрийн ажлыг гацаах нь вэ. Харья, өдөр бүхэн сууя.
Орж иртэл нь сууя. Тэгээд сонгуулиар очоод ард иргэддээ юу гэж худлаа ярих юм. Саяхан "Жудагт Монгол" гэж хөдөлгөөн байгуулагдсан гэж сонссон. Тэнд манай нэр бүхий УИХ-ын гишүүд ороод, үг хэлээд, төрийн ажил, улс төрийн намууд, улс төрчдийг шүүмжлээд явж байна гэж сонссон. Ороод ир л дээ, орж ирээд юмаа ярь л даа. Байнгын ажиллагаатай парламентын ажил гэдэг бол шүүмжлэх, дэмжихээ илэрхийлээд, эцэст нь кнопоороо, саналаараа "хагалаад" явдаг журамтай. Хуралдаа орж ирцгээе, хурлаа хийцгээе.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -Өнөөдөр бол МоАХ-ны анхдугаар хуралдаан хуралдсан түүхт өдөр юм. Өнгөрсөн 26 жилд Ардчилсан нам МоАХ, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөний суурин дээр суурилагдаж бий болсон Ардчилсан нам Монгол Улсын төлөө олон зүйлийг хийсэн байна гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Энэ бүх асуудлыг гацааж, зогсоож, байхгүй болгох гэсэн нам хүчнүүд хэн бэ гэдэг нь өнөөдөр улам тодорхой байна гэдгийг албан ёсоор хэлье. Энэ бол Цэцтэй хамтарсан МАН, намынхаа даргыг Шадар сайд болгох гэсэн МАХН, дээр нь парламентад шинээр орж ирсэн, намын дарга нь ХҮН-ын төлөөллүүд энэ ажлыг гацаахын төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна. АН энэ бүхний эсрэг тууштай тэмцэж, ажиллана. Эрх ашиг, үзэл бодлоо хамгаална. Тийм учраас парламентад сууж байгаа нам хүчнүүд ширээний ард суугаад, өөд өөдөөсөө харж байгаад үнэхээр асуудал байгаа бол цэгцэлж, ярихыг манай бүлгийн үг хэлсэн бүх гишүүд хүсч байна. Энэ бүх гишүүд бол ард түмний төлөөлөл юм. Тийм учраас МАН, МАХН, ХҮН-ын төлөөллүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирж бидэнтэй хамт сууж, болохгүй байгаагаа ярьж, зөв зүйтэй асуудлуудыг дэмжээсэй гэж хүсч байна. Ардчилсан нам цаашид 2020 хөтөлбөр хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй байгаа. Үүнийгээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнийг албан ёсоор хэлье гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү: -Байнгын ажиллагаатай парламентын ажил таслалдаад байгаа бол, үнэхээр тэр нь нэг хүнээс шалтгаалж, нэг хүнийг албан тушаалд тавих, эсвэл хэсэг бүлэг хүний сонирхол яваад энэ бүхэн гацаж байгаа бол манай нам улс төрийн хувьд манлайлал үзүүлж, энэ байдлаас хэрхэн яаж гарах талаар бодох хэрэгтэй байх. Энэ хэвээрээ үргэлжлээд, энэ их цаг хугацааг ямар ч үр дүнгүй алдаад, хэдэн сарыг өнгөрөөх гэж байгаа бол бид манлайлж байгаагийнхаа хувьд УИХ-ыг тараах санаачилга гаргаж, дараа нь ард түмэн дүнгээ тавьж, биднийг гацаадаггүй парламентыг бий болгох тал дээр ард түмэн анхаарч байгаа байх. Бид энэ байдлаас манлайлал хийж гарах хэрэгтэй байх. Үнэхээр нэг хүнийг албан тушаалд тавих асуудал төрийг тэр чигт нь гацаагаад, ирц нь бүрдэхгүй байгаа бол үүн дээр манай намынхан уриалга гаргаж, ямар нэгэн зүйл хийж улс орныхоо төлөөх ажлуудыг амжилттай цааш хэрэгжүүлэх талаар бодох цаг үе ирсэн гэж бодож байна. Урьд, УИХ-д суудаггүй байхад хөндлөнгөөс харахад шүүмжилмээр юм зөндөө харагддаг байсан. Дотор нь ороход манай АН-ын гишүүд өдөр шөнөгүй, нойр хоолгүй эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг юм байна. Би үүнийг чин сэтгэлээсээ мэдэрлээ. Одоогийн гацаатай байдлаас маш хурдан гаргаж, дараагийн алхамуудыг хийвэл яасан юм бэ гэдэг бодол байна.
УИХ-ын дарга З.Энхболд: - Одоо 16 цаг 18 минут болж байна. Маргааш өглөө дахиад 09.00 цагт цуглая. Өнөөдөр яаж цугласан тэр чигээрээ цуглаад, дахиад л хүлээе. Өнөөдрийн семинар дууслаа, хуралдаан биш. Маргааш ирц хүрвэл хуралдаан эхэлнэ, ирц хүрэхгүй бол семинар үргэлжилнэ гэлээ