С.Одонтуяа Холливуудын уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.03.02

С.Одонтуяа Холливуудын уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа

Америкийн кино зураглаачдын холбооны дарга Saul Molina болон түүнтэй хамтран ажилладаг Ricardo Stanley Mejia нарын уран бүтээлчдийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүлээн авч уулзлаа. Тэд манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтэд уригдан ирсэн байна.

“Хувьсал“ продакшны жүжигчин МУГЖ У.Уранчимэгийн бүтээл тус кинонд дээрх уран бүтээлчид зөвлөгөө өгч, хамтран ажилласан бөгөөд киноны эцсийн шатны ажлыг Холливуудад хийсэн байна. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, манай улсын кино урлаг болон уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаад талархаж байгаа илэрхийллээ.

Киноны эцсийн шатны ажлыг Холливуудад хийсэн байна

Saul Molina “Монголын соёл, урлагийг дэлхийд сурталчлах нь чухал. Монгол Улсад морин хуураас эхлээд дэлхийд таниулах маш олон үнэт зүйл байна. Заавал Холливуудад гаргах нь чухал биш. Ямар ч киног анхнаасаа зөв хийж чадвал түүний урт, богино, мөнгө их орсон эсэхээс үл хамаарч амжилтад хүрдэг. Хэрэв Холливуудад гаргах сонирхолтой байгаа бол хамгийн гол нь стандартыг нь мөрдөх хэрэгтэй. Тэгж чадвал таван минутын кино ч дээд амжилт тогтоох боломжтой. Дэлхийн аль ч улсын уран бүтээлчид анхнаасаа Холливуудын стандартыг мөрдөж хийдэггүйн улмаас том алдаа гаргадаг. Монголын уул ус, байгаль үнэхээр сайхан, мөн уран бүтээлчид нь чадвартай. Тиймээс боломж их байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

Мөн тэрээр Монгол Улсад ирж, амжилттай ажиллаж байгаа маань залуу уран бүтээлч Д.Ангараг, Э.Сант-Амарын хичээл зүтгэл их байгаа. Монгол Улсаа дэлхийд сурталчилан таниулах зорилготой залуучуудтай хамтран ажиллахад таатай байдаг гэлээ. “Атганд үлдсэн эрдэнэ” кино гуравдугаар сарын таванд “Хүннү мол”-д нээлтээ хийх юм байна.