“Нүүдэлчдийн аялал жуулчлал” форумыг УБ-т зохионо
БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг
2016.03.11

“Нүүдэлчдийн аялал жуулчлал” форумыг УБ-т зохионо

Сайд Н.Батцэрэг нь НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифайтай гурав дахь удаагаа уулзаж, энэ оны 1 дүгээр сард Испанийн Мадрид хотноо хийсэн уулзалт дээр үндэслэн дараахь асуудлуудыг эцэслэн тохирлоо. 

“Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан тус арга хэмжээний товыг тогтоож, форумыг 2016 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ДАЖБ-тай хамтран зохион байгуулахаар тохиров. Уулзалтын үеэр арга хэмжээний концепци, хөтөлбөрийг боловсруулах, ажлын хэсэг байгуулах зэрэг форумын бэлтгэл ажлыг эртнээс хангах талаар санал солилцов. Уг форумыг зохион байгуулснаар Монгол Улс “Нүүдэлчдийн замаар аялахуй” аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.

Мөн НҮБ-ын ДАЖБ-ын төвийн Ази-Номхон далайн орнуудын газарт Монгол Улсаас аялал жуулчлалын салбарын хоёр мэргэжилтэнг 6-12 сарын хугацаатай дадлагажуулан ажиллуулахаар хоёр тал тохиролцлоо.

Уулзалтын үеэр аялал жуулчлалаас байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах, аялал жуулчлалын тандалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал дахин санал солилцлоо. Мөн ноён Талеб Рифай энэ оны 4 дүгээр сард Иран Улсад болох Ажлын хэсгийн 6 дугаар уулзалт, Хятад улсад 5 дугаар сард зохион байгуулагдах “Аялал жуулчлалын сайд нарын анхдугаар уулзалт”-д сайд Н.Батцэрэгийг оролцохыг урилаа.