Айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангахад хөршийн холбооны системийг сэргээх хэрэгтэй
БГД-ийн 5 дугаар хорооны Засаг дарга Х.Төмөрхуяг
2016.03.16

Айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангахад хөршийн холбооны системийг сэргээх хэрэгтэй

VIP76.mn сайтаас дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзаж, хорооны түвшинд тулгамдаад буй асуудлууд, ололт амжилтын талаар ярилцдаг билээ. Энэ удаа Баянгол дүүргийн тавдугаар хорооны Засаг дарга У.Төмөрхуягтай уулзсан юм.

Багийн статустай хороо

Манай хороо нь анх 1987 онд Октябрийн районы “Орон сууц” гудамжны 34 дүгээр хороо болж байгуулагджээ. Харин 1992 онд БГД-ийн тавдугаар хороо болсон байна. Нийслэлийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2001 оны хоёрдугаар сарын 22-ны 33 дугаар тогтоолоор хүн амын тооноос шалтгаалан тус хороог хоёр хувааж, Баянгол дүүргийн 5, 20 дугаар хороо болсон юм. Тус хороо үйл ажиллагааныхаа үндсэн үзүүлэлтээр 1990-1991, 1993-1995, 1997 онд район, дүүрэгтээ тэргүүн байрт шалгарч, улмаар Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 360 жилийн ойгоор дүүргийн тэргүүний хороо болж байв. Мөн 2015 онд "Нийслэлийн шилдэг хороо"-гоор шалгарсан. Одоогоор тус хороо нийт 2668 өрхийн 10114 хүн амтай байна.

Хорооны байршил:

Хороонд тулгамдаад буй асуудлын хувьд төсвийн бие даасан байдал байдаггүй талаар У.Төмөрхуяг ярилаа. Түүний ярьснаар иргэд голдуу ногоон байгууламж, явган болон авто зам, гэрэлтүүлэг, цахилгаан шат, дээврийн засвар, цэцэрлэг, сургуулийн засвар зэрэг их төсөв шаардсан ажлын санал ирүүлдэг хэдий ч хороо захиран зарцуулах төсөвгүй учраас дүүрэг, нийслэл, УИХ-ын төлөөллөөр дамжуулж асуудлаа шийдүүлдэг.

Баянгол дүүргийн нэг хороонд дунджаар 10 мянга гаруй хүн амьдардаг. Гэхдээ хороо Үндсэн хуулинд зааснаар багийн статустай. Харин нэг сум дунджаар 2500 хүн амтай.

... Сумын хувьд Тамгын газартай, захиран зарцуулах төсөвтэй байдаг бол 10 мянга гаруй хүнтэй хорооны удирдлага гудамжинд хогийн сав байрлуулах, 5 м явган хүний зам тавихын тулд дүүргийн захиргаа руу хүсэлт явуулах хэрэгтэй болдог ...

Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хороо өөрийн хөгжлийн сантай байж болно гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл иргэд, ААН-ээс хандив, тусламж авах байдлаар тодорхой ажлуудыг санхүүжүүлж болно гэсэн үг. Гэтэл “Ашиг, сонирхлын зөрчлийн тухай”  хуулиар энэ боломжийг хаачихсан.

Бүтээн байгуулалт, айл өрх бүрийг хариуцах эзэнтэй хороо

2013-2016 онуудад дүүрэг, нийслэл, улсын төсвөөс 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил тус хороонд хийгдсэн байна. Үүнд:

  • Саппорогийн уулзвар
  • Гуравдугаар эмнэлгийн өргөтгөлийн их засвар
  • 12 байрны дээврийн их засвар
  • 6 байрны цахилгаан шатны их засвар,
  • Цэцэрлэгийн 3 ангийн өргөтгөл
  • 10-р хорооллын байрнуудын шугам сүлжээний засвар
  • 51 ш гэрэлтүүлэг
  • Бичил цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүд оржээ.

Саппорагийн уулзвар

Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн бүлгүүд багагүй ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус хороонд явган аяллын, цэцэг тарьдаг, ажилгүй иргэдийн бүлэг зэрэг хэд хэдэн бүлэг ажилладаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн таван бүлэг ажилласан. Үүнд усан оргилуурын нэг бүлэг, ногоон байгууламжийн хоёр бүлэг, хайс хашлагын нэг бүлэг, хүүхдийн тоглоомын нэг бүлэг байх жишээтэй.

Иргэдийн бүлгийн хүчээр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь чанартай ажил болж чаджээ. “Иргэдийн бүлгээр ажил гүйцэтгүүлэхдээ дараа нь харж, хандах эзэнтэй байхаар тооцоолж, тохижилтын ажил хийлгэдэг” гэж тус хорооны Засаг дарга У.Төмөрхуяг ярилаа. Тухайлбал “Тэмүүлэл-10” хотхоны тохижилтын ажлыг СӨХ-д хариуцуулж үлдээсэн байна.

... Түүнээс гадна цаашдаа иргэдийн бүлгийг тодорхой хэмжээнд урамшуулж, ялангуяа ахмад хүн хорооны ажилд оролцох боломжийг бүрдүүлэх шаардлага байгаа тухай дурдлаа ...

Хорооны айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангуулахын тулд социализмын үед хэрэгжиж байсан хөршийн холбооны системийг сэргээх ажлуудыг хэрэгжүүлж байна. Ингэснээр орон байрны хулгай, ахуйн гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлж, хөршдөө нөхөрсгөөр тусалдаг уламжлалыг сэргээж байна.

Одоо бол тус хороонд тулгамдаж буй хамгийн гол асуудал бол хороолол дундах авто замын асуудал байна. Зураг төсөв бүрэн хийгдэх нь хийгдсэн. 2016 он 2-р улиралд багтааж зарим замын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.