Иргэдийн хийсэн ажил тендерт ялсан компанийхаас чанартай байдаг
Өнөөдөр хороо иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд ямар бэрхшээл байна вэ?
Өнөөдөр хорооны хариуцах асуудлын хүрээ социализмын үеэс хамаагүй өргөн болсон. Гэтэл хорооны талаарх иргэдийн ойлголт хоцронгуй байна. Зөвхөн оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн халамж үйлчилгээний зөвлөгөө, мэдээлэл өгөх төв төдийхнөөр ойлгодог хүн цөөнгүй.
... Манай хороо л гэхэд 9 чиглэлээр 88 төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэ нь төвлөрлийг сааруулах зорилгоор хороонд төрийн анхан шатны бүх үйлчилгээг даалгасантай холбоотой. Гэхдээ жил ирэх тутам хороогоор үйлчлүүлдэг иргэдийн тоо өсч байна ...
Хороонд ажилладаг төрийн албан хаагч нарын хувьд хүндрэл бэрхшээл байна уу гэвэл байна. Хуулийн дагуу хороо нь сумын нэг багтай ижилхэн статустай ажилладаг. Засаг дарга нар нь адилхан цалин авдаг. Харин үүрэх ачааллын хувьд эрс ялгаатай. Дундаж хүн амтай нэг багт 100 өрх, 400 хүн амьдардаг байхад, манай хороонд 3000 өрх 12 000 хүн амьдарч байна. Өөрөөр хэлбэл нэг хороонд дөрвөн сумын хүн амтай тэнцэх тооны хүн ам харъяалагддаг.
Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа зайлшгүй өөрчлөх болсон нь харагдаад байна. Үндсэн хуулийг өөрчлөх тухай яригдаад байгаа бас нэг шалтгаан нь энэ.
Засаг захиргааны нэгжийн энэхүү тэгш бус хуваарилалтаас болж төсвийн зарцуулалтад ч асуудал үүсдэг.
... 4000 хүнтэй сумын Засаг дарга тамгын газар, төсвөөс 500 сая төгрөгийн татаас авч ажиллаж байна. Харин 12 000 хүн амтай хорооны Засаг даргын тамгын газарт хуваарилсан төсөв гэж үгүй, хорооны өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай цаас, саван, угаалгын нунтаг хүртэл авахын тулд дүүргийн захиргаа руу хандаж, хүсэлт гаргадаг ...
Тиймээс хороонд зарим нэгэн төсвийн эрх мэдэл байх хэрэгтэй.
Хороон дээр иргэдийн саналыг авч, дүүргийн захиргаа руу уламжлаад, тэндээс шийдвэр гартал хэр хугацаа ордог вэ?
Сүүлийн жилүүдэд хороо иргэдээсээ санал аваад ажлынхаа төлөвлөгөөнд оруулах эрхтэй болсон. Гэхдээ хэрэгжүүлэх эсэхийг нь дүүрэг шийддэг. Дүүрэг, нийслэлийн захиргаа руу явуулсан саналууд голдуу усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Улсын төсвийн хөрөнгөөр шийдэх асуудал бол бүүр удаашралтай шийдэгдэнэ.
Хорооны нутаг дэвсгэрт төрөл бүрийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэйгээ хамтраад хороондоо ажил гүйцэтгэх боломж бий юу?
Энэ бас л бодмоор асуудал. Манай хороонд үйл ажиллагаа явуулдаг 136 ААН нэгж 2014 онд л гэхэд 36 орчим тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. ын тодорхой хувийг хороонд хуваарилбал хорооны хөгжилд том хөрөнгө оруулалт болно. Одоо бол улсын төсөв гэсэн том тогоонд татварын бүх мөнгө орчихдог. Тийшээ нэгэнт орсон мөнгөнөөс шанагадаж байтугай халбагадаж авч чадахгүйд хүрдэг. ААН-үүд зөвхөн Нийслэлийн татварын газартай л харьцдаг.
Сүүлийн жилүүдэд хороодын иргэд бүлгийн зохион байгуулалтад орж, тохижилтын ажлууд хийдэг болсон. болсон. Танай хорооны хувьд?
Энэ бол маш олзуурхууштай зүйл. Өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тодорхой ажлууд хийгдсэн. Иргэдийн бүлгийн ажил хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, иргэд өөрсдөө хийж байгаа учраас чанартай хийдэг. Хоёрдугаарт, хийсэн ажил нь иргэдийн байнгын хяналт, арчилгаанд байдаг, доголдол гарвал хариуцах эзэнтэй. Иргэдийн бүлгийн хийсэн ажил, хөндлөнгийн тендерийн компанийн ажлаас илүү чанартай байдаг.
Цаашид танай хороонд хийгдэх шаардлагатай ямар ажлууд байна вэ?
- Хороолол дундах хуучирсан авто замыг засах шаардлагатай
- 12 дугаар хороо нь нэлээд хуучирсан хороолол учир байшингуудын фасадны засварыг дулаалгатай нь хамт хийж өнгө үзэмжийг нь сайжруулах хэрэгтэй байна
- Орчин үеийн гараэ, авто зогсоолууд бий болгомоор байна.
Эдгээр ажлаа бид урт хугацааны төлөвлөгөөндөө оруулчихсан. Энэ оноос хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.