Гамшгийн аюулыг зарлан мэдээлнэ
Маргааш 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах билээ.
Тэгвэл уг ажилтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өгөхөөр болсон байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт болно.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана гэж заасан байдаг.
Өнөө жил энэ сарын 24-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна.
Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй, яаж оролцох талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгөх аж. Түүнчлэн, өнөөдөр 08.00- 11.00 цаг хүрэл Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтын хүрээнд дүүргийн ажилтан албан хаагч нарыг ажлын байрнаас нэгдсэн журмаар гаргаж, тодорхой цагийн байдал өгч, гамшиг осолд өртсөн таван хүнийг аврах тоглолт зохион байгуулах юм байна.
Дүүргийн улаан загалмайн хорооны сургагч багш нар эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Улаанбаатар цахилгаан түгээх төвийн мэргэжлийн анги, Хэрэглэгчид үйлчлэх төвийн мэргэжлийн ангиуд ирж учирсан гамшиг ослыг арилгаж, гал унтраах тархалт тактикийн бүрэн хэмжээний үзүүлэх тоглолт хийх аж.