Үе үеийн батлан хамгаалахын сайдууд
2016.03.18

Үе үеийн батлан хамгаалахын сайдууд

Монгол Улсын сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл нь батлан хамгаалах салбар, түүний алба хаагчид болсон цэрэг, дайчид билээ.

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын энэ өдөр 2006 оноос хойш эл салбарыг толгойлсон сайд нарын хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас чухлыг онцоллоо.

Төрийн бодлогын залгамж чанар энэ л салбараас хамгийн их ханхлах учиртай. 2006-2014 он хүртэл Батлан хамгаалахын сайдаар ажилласан таван эрхэм юу хийж, амжуулсантай элдэв дүгнэлт, чимэг, хачиргүй танилцах боломжийг уншигч танд олгож байна.

М.СОНОМПИЛ /2006-2007/

БХЯ-ны сайдаар 2006-2007


Төсөв, хөрөнгө оруулалт: -Түүнийг сайдаар томилогдоход манай батлан хамгаалах салбарын урсгал төсөв 27 тэрбум, хөрөнгө оруулалт 360 сая төгрөг байв. 2007 онд урсгал төсөв 40, хөрөнгө оруулалт 2.7, 2008 онд урсгал төсөв 66, хөрөнгө оруулалт 16 тэрбум төгрөг болж өссөн.

Ийнхүү төсөв нэмэгдсэн нь алба хаагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэх таатай нөхцөл болж, 800 гаруй алба хаагчийн цалингийн хэмжээг нэг шатлалаар ахиулсан байна.

Тус салбарт хамаарах орон сууцнуудыг 1998 оноос үе шаттайгаар хувьчилсан нь нэг талаас эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан алхам байсан ч салбарын дараагийн үеийнхний нийгмийн хамгаалал, байр, орон сууцны хангамжийн асуудлыг орхигдуулж болохгүйг ойлгуулсан гэхэд болно. Тиймээс 011 дүгээр ангийн байрлалд энхийг сахиулагчдад зориулсан 50 айлын орон сууц ашиглалтад оруулав.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 48, 2008 онд 4.1 тэрбум төгрөгөөр, 089,065 дугаар ангийн болон Монгол цэргийн музейн дэргэд 200 айлын орон сууц барив.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүрээ өргөжсөнтэй уялдуулан 330 дугаар ангийг  шинээр байгуулж, 200 айлын орон сууц бүхий, иж бүрэн хороолол ашиглалтад оруулсан. Түүнчлэн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэг, техникийг шинэчлэхэд 3.6 тэрбум төгрөг төсөвлөв.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа: -Чад улсад албан хаагчдаа энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх боломж бий болгох ажлыг эхлүүлсэн. 50 гаруй улсын алба хаагч оролцсон “Хааны эрэлд” хээрийн сургуулилалтыг 2006, 2007 онд амжилттай зохион байгуулав. Түүнийг сайдаар ажиллах хугацаанд нийт 150 гаруй хүн 21 улсад суралцсан байна.

Хууль, эрх зүй: -1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахад 6.2 тэрбум төгрөг зарцуулав. Үүнээс гадна 2006 онд “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” батлуулж, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.

Мөн Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, Нөхөн төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолтой боллоо.

Л.БОЛД /2008-2012/

БХЯ-ны сайдаар 2008-2012

Төсөв, хөрөнгө оруулалт: -Батлан хамгаалах арга хэмжээний төсөв 2009 онд 54.1 тэрбум төгрөг байсан бол тасралтгүй өссөөр 2012 онд 155.2 тэрбум төгрөг болж гурав дахин нэмэгдэв. Хөрөнгө оруулалтын хэмжээ ч даруй өсөж, 2009 онд ердөө хоёр тэрбум төгрөг байсан нь 2012 онд 27.8 тэрбум болжээ. Энэ нь түүнийг ажил хүлээж авах үеийн төсвийн хөрөнгө оруулалтаас 13.7 дахин нэмэгдсэн дүн юм.

Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр томоохон асуудлуудыг шийдэх бололцоо нээгдэв. Тухайлбал, цэргийн “Багабаян” амралтыг түшиглэн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны 40 сая юаны буцалтгүй тусламжаар “Энхийн төлөө” цогцолбор байгуулав.

Мөн улсын төсвийн 12 тэрбум төгрөгөөр Цэргийн төв госпиталын шинэ барилгын ажлыг эхлүүлэв. Үүнээс гадна Батлан хамгаалахын их сургуульд 2.5 тэрбум төгрөгөөр 300 сонсогчийн дотуур байр, 200 хүний суудалтай номын сан-мэдээллийн төв, 500 хүний суудалтай гал тогоо, 100 хүний цайны газар, 30 хүний халуун ус ашиглалтад оруулав.

Салбарын төсөв, хөрөнгө оруулалт сайдын хүчин чармайлтаар эрс нэмэгдсэн нь алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулахад том боломж олгосон юм. Ингэхдээ 25 жил цэргийн алба хаасан хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээг цалин хөлснөөс тооцох, алслагдсан анги салбарт ажиллаж буй цэргийн албан хаагчдын хөдөлмөр эрхлээгүй гэр бүлд улирал тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгөн тэтгэмж олгох зэрэг амьдралд нь наалдацтай, амин зуулгад нь нэмэртэй олон хууль, шийдвэр гаргасан юм.

Энэ хугацаанд дутуу барьсан 250 орчим айлын орон сууцыг гүйцээж, шинээр 400 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Ингэхдээ батлан хамгаалах салбарт нэгэн зэрэг 300 айлын сууц барьсан түүх үгүй юм билээ.

Үүнээс гадна төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй зээлээр 285 айлыг орон сууцтай болгосон байв. Энэ хүрээнд цэргийн алба хаагчдад зориулж, улсын хэмжээнд нийт 953 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна.

Хууль, эрх зүй: -2010 онд Зэвсэгт хүчний тухай хуультай болсноор зэвсэгт хүчний бүтцэд барилга, инженерийн гурван батальон байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Ингэснээр Монголын ардын армид байсан хуучны барилгын цэргийн уламжлалыг шинэ агуулгаар сэргээж, бүтээн байгуулах чиг үүрэг бүхий барилга,  инженерийн гурван шинэ батальоныг Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймагт байгуулсан.

Мөн онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль баталснаар зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн орчин боловсронгуй болсон.

Мөн онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль баталснаар зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн орчин боловсронгуй болсон. Үүнээс гадна Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг 2010 онд баталснаар цэргийнхний тэтгэврийг цалингийн 60 хувиар тогтоодог байсныг 80 болгож, 36 сарын тэтгэмжийг элдэв шалтгаан зааж хасдаг байсан явдалд цэг тавив.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа: -Анх удаа хамгийн том бүрэлдэхүүнтэй буюу 850 энхийг сахиулагч бүхий батальон Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэв. Ингэснээр манай улс энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч дэлхийн 120 орноос ТОП-20-д багтлаа. Цэргийн баг илгээж эхэлснээс хойш Монгол Улс жилд 50 тэрбум төгрөг олж, зэвсэгт хүчнийхээ хөгжилд зарцуулдаг болсон юм.

Энэ хугацаанд ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНТУ, БНЭУ, БНСУ зэрэг улсын тусламж, дэмжлэгтэйгээр зэвсэг, техникээ амжилттай шинэчилж, авто-хуягт техник, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл, энхийг дэмжих болон олон талт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний зэвсэг, хэрэглэлийн чанар, хангамж шинэ шатанд гарав.

Цэрэг-иргэний харилцаа: -Энхийг сахиулагчдын болон Төрийн далбааны өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж, цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулдаг боллоо.

Энэ хүрээнд цэргийн ёслолын жагсаал, үзүүлэх тоглолтууд, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж, ард иргэд, хүүхэд, залуучуудад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг тайлбарлан таниулах лекц уншиж, цэргийн эмч нар үнэ төлбөргүй оношилгоо, эмчилгээ хийн, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа явуулж ирэв.

МҮОНТ-тэй хамтран “Тусгай салаа” телевизийн 60 ангит уран сайхны, монгол цэргийн урлаг, сүр хүч, сүлд хийморь, түүхэн уламжлалыг харуулсан “Догшин хар сүлдний нууц” бүрэн хэмжээний баримтат кино бүтээсэн нь цэргийн албыг сурталчлах, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулсан арга хэмжээ болсон. 

Ж.ЭНХБАЯР /2012/

БХЯ-ны сайдаар 2012

Төсөв, хөрөнгө оруулалт: -Зэвсэгт хүчний 016 дугаар ангийг тайван цагт үүрэг гүйцэтгэхэд үргэлж бэлэн байдалтай, ажиллах нөхцөл, ахуй хангамжийн хувьд олон улсын жишигт ойртуулан, өргөтгөн зохион байгуулж, бригад болгон шинэ техник, хэрэгслээр хангав.

Мөн тусгай томилгоот 084 дүгээр ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдад нь хэрэгцээт тусгай зориулалтын хувцас, хэрэглэл болон зэвсэгт хүчний тамирчдад шаардлагатай хувцас, хэрэглэл худалдан авах зардлыг шийдвэрлэв.

Мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс ахлагч нарын цалинг нэг шатлалаар ахиулж, Засгийн газраас “Ахлагч” амины орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 108 ахлагчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгов. Мөн “100 мянган айлын  орон сууц” хөтөлбөрт 1600 гаруй алба хаагчийг хамруулсан байна.

Генералуудын эрх зүй, нийгмийн хамгаалалтай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор танилцуулга бэлтгэн Ерөнхийлөгчид өргөн барив. Үүнээс гадна 22 генералд зуслангийн эдлэн газар, хаус өгөх, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгох батламж олгов. Мөн 23 жил завсарласан, шилдэг офицер ахлагч, шалгаруулах тэмцээнийг сайдын нэрэмжит болгон зохион байгуулж, шилдгүүдийг хоёр өрөө байр, гадаадад суралцах эрхээр шагнав.

Цэрэг-иргэний ажиллагаа: -Тавдугаар сарын 29-нийг Монголын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэхээр Засгийн газраас тогтов. Салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг “Соёмбо” сонин, “Дуулга” теле студийг нэгтгэн чиглүүлж, техникийн шинэчлэл хийв.