Хүнс, ХАА-н салбарын инновацийн үндэсний хэмжээний анхны чуулган болж байна
ХХААЯ-аа ссанаачлан ХААИС, ШУТИС-тай хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” Үндэсний чуулганыг өнөөдөр /2016.03.23/ Корпорейт зочид буудалд зохион байгуулж байна.
Чуулганд УИХ-ын БОНХХХАА-н Байнгын хороо, БОНХАЖЯ, Аж үйлдвэрийн яам, Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, Төрийн бус байгууллагууд, Мэргэжлийн холбоод, Мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна. Чуулганд оролцогчид Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар нэгдсэн хуралдаанд оролцон салбарын илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Мөн энэ үеэр хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнд нийт 500-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ.
Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх суурь байх болно. Ингэж бид бодлогодоо тодорхойлсон, салбарын инновацийн хөтөлбөрийн зорилго, зорилтыг ч түүнд чиглүүлэх болно. Салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой” гэдгийг онцолсон.
Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод “Судалгаа ба хөгжил” гэсэн үндсэн бүлэг заалтыг оруулсан. Энэ утгаараа бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд яаж ажиллах ёстой вэ, ХХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх хүрээнд хэрхэн хамтран ажиллах ёстой вэ, нэмүү өртөг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдэх боломжтой гэдэг тал дээр илүү анхааран ажиллаж байна.
Мөн энэ онд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөр 2016-2020 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд түүнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж өгснөөр шинжлэх ухааны байгууллага болон үйлдвэрлэгч нар цаашдаа холбоо харилцааг хэрхэн нягтруулах тухайд эрх зүйн орчин бүрдэж чадсан юм. Үүнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын ямар ямар оюуны бүтээлүүд гарсныг танилцуулах нь Үндэсний чуулганы бас нэгэн зорилго болно.
Түүнчлэн хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд мэдлэгт суурилсан инновацийг хэрхэн нэвтрүүлэх вэ, цаашдаа гарч буй бүтээгдэхүүнийхээ эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ялангуяа экспортод чиглэсэн бүтээгдэхүүн болгох талаар ярилцаж байгаагаараа илүү ач холбогдолтой юм. Тухайлбал, органик хүнсний тухай хууль батлагдсанаар бэлчээрийн малаа эрүүл гэдгийг нотлон, илүү эрчимжүүлж, тэндээс гарч буй бүтээгдэхүүнээ органик, байгалийн цэвэр гэдгийг баталгаажуулах юм бол илүү боломж байгаа юм. Тухайлбал, ингэний сүүн дээр гадаад, дотоодын эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар ингэний сүүнд чихрийн шижин өвчнийг анагаах чадвартай бодис байгааг мөн хос бөхтэй тэмээнд хорт хавдрыг дарах чадвартай бодис байгааг тогтоогоод буй. Тийм учраас шинжлэх ухаанд суурилсан инновацийг нэвтрүүлснээр хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг өндөр шимтэй, ашигтай гэдгийг нотлох явдал чухал болоод байгаа юм.
Чуулганы төгсгөлд бодлого тодорхойлогчид, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчид цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх , сайжруулах зорилго бүхий зөвлөмж гаргана.