Г. Түвшинжаргалыг хорьж байгаа нь улс төрийн зорилготой гэж хардаж байгаа
2016.03.30

Г. Түвшинжаргалыг хорьж байгаа нь улс төрийн зорилготой гэж хардаж байгаа

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт сэжигтнээр татан, саатуулан шалгаж байгаа билээ.

Тэгвэл хууль зөрчиж, хөхүүл хүүхэдтэй эхийг хорьж, шалгаж эхэлсэн нь эмэгтэй гишүүдийн анхаарлын төвд орсон. Өмнө нь Г.Уянга гишүүн хорих ангид очиж, холбогдох хүмүүстэй газар дээрээс нь холбогдож байсан бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шаардлага хүргүүлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр урьдчилан хорих 461 дүгээр ангид очсон юм. Ингээд хорих анги дээр очих үеэр нь түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та Г.Түвшинжаргалтай уулзаж чадав уу. Биеийн байдал нь ямар байх шиг байна?

-Би Г.Түвшинжаргалтай уулзах хүсэлт тавьсан. Улмаар Эрүүгийн цагдаагийн газраас “Уулзах зөвшөөрлийг олгож байна гэсэн” хариу өгсөн. Гэтэл өдөрт нэг л хүнтэй уулзуулдаг юм байна. Өнөөдөр түүнийг ар гэрийнхэнтэй уулзуулах гэнэ. Тиймээс маргааш /өнөөдөр/ өглөө 10:00 цагаас уулзуулах зөвшөөрлийг өгье гэж байна. Сая би өмгөөлөгчтэй нь уузлаа. Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 50 гаруй цаг болж байгаа болохоор тэр бүр босоод явж чадахгүй, толгой нь эргээд хэцүү байна гэсэн юм байна. Тиймээс маргааш /өнөөдөр/ надтай уулзахаар гарч ирж, чадах эсэхийг хэлж мэдэхгүй юм.

-ЦЕГ-аас Г.Түвшинжаргалыг өлсгөлөн зарлаагүй гэх мэдээлэл өгч байсан шүү дээ?

-Цагдаагийн байгууллагаас түүнийг албан ёсоор өлсгөлөн зарлах мэдэгдлээ холбогдох байгууллагад өгөөгүй гэх зүйл яриад байгаа юм байна. Уг нь өлсгөлөн зарлах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал шүү дээ. Албан ёсоор зөвшөөрлийг нь өгөөгүй байгаа ч гэсэн өөрөө өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Түүний хувьд одоо тэмцлийг өөр байдлаар хийх ямар ч арга зам байхгүй байгаа гэдэг нь ойлгомжтой. Учир нь хоригдож байгаа болохоор хэвлэл мэдээллээр нийтэд үгээ хэлж чадахгүй байна.

Одоогийн байдлаар түүний орыг камерын дор байрлуулаад хоол идэж байгаа эсэхийг 24 цагийн турш хянаж байгаа юм байна. Өлсгөлөн зарлахаас өмнө хөхүүл хүн болохоор юм идэхээр л хөхнөөс нь сүү гоожоод хэцүү байсан юм билээ. Харин одоо хоол идэхгүйгээр 50 гаруй цаг болж байгаа учир биеийн байдал нь муудах төлөвтэй болсон гэсэн. Тиймээс асуудлыг шийдэхгүй удах, өлсгөлөнгөө зогсоохгүй цааш үргэлжлүүлэх бол түүний биеийн байдал хүндрэх нь харагдаж байна. 

-Уг нь хуулиараа бол хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг цагдан хорих ёсгүй биз дээ?

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68.9-д зааснаар хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно гэсэн байдаг. Тэгээд ч бид хоёр нас хүртэлх хүүхдээ асарч буй эмэгтэйчүүдээ нийгмийн халамжид хамруулж, цалинтай болгоё гэж яриад байдаг. Тэгсэн хэрнээ 1.4 настай хөхүүл хүүхдээс нь салгаад, хориод байж болохгүй биз дээ. Эрүүгийн шинэ хуулиар бол зорчих эрхийг нь хязгаарлах гэдэг зүйл заалт батлагдаж гарсан. 

Энэ заалт бусад бүх орнуудад ч байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарч болохгүй, гэртээ ирж болохгүй, тэдээс тэдэн цагийн хооронд гарч болохгүй гэх зэргээр заачихсан байдаг. Тухайлбал, Мяньмар улсад Ан Сан Су Чийг гэхэд л бүхэл бүтэн 20 жилийн турш гэрээр нь хорих ялтай байлгаж байсан. Тухайн хүн гэртээ хоригдоод л байж байдаг. Энэ мэт олон арга зам байхад яагаад хөхүүл хүүхэдтэй хүнийг гэрт нь хориод мөрдөн байцаалтаа авч болохгүй байгаа юм бэ. Ер нь цаашдаа хэрэг хийсэн, хийгээгүйгээс үл хамааран эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах эсэх асуудлыг бид цаашид ярьсаар байх болно. 

-Г.Түвшинжаргалын хоригдох хугацаа дуусах дөхөж байна. Яг одоо 13 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэдэн удаа байцаалт авсан юм бол. Танд мэдээлэл өгсөн үү?

-Өнгөрсөн хугацаанд ганцхан удаа л байцаасан гэсэн. Харин өнөөдөр /өчигдөр/ хоёр дахь удаагийнхаа байцаалтыг авах гэж байгаа юм шиг байна. Гэхдээ хэргийн талаар огт байцаагаагүй гэсэн мэдээллийг надад өглөө. Би өөрөө биечлэн уулзаж чадаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй байна. Бүхэл бүтэн 13 хоног хүүхдээс нь салгаж, хорьчихоод байцаалтаа ч аваагүй байгаа юм. 

-Байцаалт ч авахгүй зүгээр хориод байгаа нь ямар зорилготой юм бол?

-Зүгээр хориод байна гэдэг нь цаанаа ямар бодол санаатай, зорилготой л байгаа байх. Гэхдээ үүнийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд улс төрийн зорилго агуулж байгаа болов уу гэсэн хардлага төрж байгаа. Бүр Тавантолгойн асуудалтай ч холбоотой байж болзошгүй. Би өөрөө Тавантолгойн ажлын хэсгийг ахлаж байсан хүний хувьд Тавантолгойн гэрээг батлаагүйгээс болж энэ мэт асуудлууд ар араасаа хөвөрч байгаа болов уу гэж харж байгаа.   

-Г.Түвшинжаргалыг үргэлж­лүү­лэн хорих эсэх асуудлыг шийдэх шүүх хурал маргааш /өнөөдөр/ болох уу?

-Маргааш /өнөөдөр/ шүүх хурал болно гэсэн. Гэхдээ хэдэн цагт болох нь тодорхойгүй байна. Шүүх хурал нь хэдхэн минут үргэлжилдэг юм билээ. Өмнөх шүүх хурал дээр бид очих гэтэл аль хэдийнэ дуусчихсан байсан.