Улс төр хамгийн тунгалаг байх ёстой
2016.03.30

Улс төр хамгийн тунгалаг байх ёстой

Та бол гэр бүл, найзуудынхаа төлөө бизнесийн салбар, алба ажилд хар залуугаасаа л хөдөлмөрлөж, Монголынхоо төлөө олон жил төрд зүтгэсэн халуун, гал цогтой амьдралыг туулж байгаа хүн юм. Сурвалжлахгүй, асуухгүй байх аргагүй цөөн хүмүүсийн нэг гэж би сэтгүүлчийн хувьд үздэг. Иймд таныг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн урсгалд үзэл бодлын тань орон зайд хэн бэ гэдгийг цөөн хэдхэн асуултаар мэдэхийг хүслээ.

-Та хүүхэд насаа, өөрийн өссөн газар орчны талаар дурсана уу?

-Миний бага нас 40 мянгатад л өнгөрсөн. Өнөөдрийн улс төр, бизнест энэ үеийнхнээс цөөнгүй хүн байгаа шүү. Бусад хүүхдийн адил гадаа тоглож, муудалцах сайндахын туйлд гүйсэн хүү байсан. Мод чулуу барин дэггүйтэж явсан үе ч бий. Хүний амьдралд маш жижигхэн мэт санамсаргүй тохиолдлууд цөөнгүй байдаг агаад тэр тохиолдлуудын зарим нэг нь хувь заяа, бодол санаа, байр суурийг тэр чигт нь өөрчилдөг тал бий. Нэгэн удаа чулуу шидэж явахдаа тэр үед маш ховор байсан хувийн машины цонхыг онож хагалсан юм. 


Айж хулгасандаа гэртээ орж нуугдсан ч хэзээ ч илчлэхгүй гэж найдаж явсан найзууд маань гэрчилснээр баригдаж томоохон хэрэг мандаасан даа. Аав ээж минь намайг аашилж загналгүйгээр төлбөрийг нь барагдуулах явцад хорвоогийн жамыг нэлээд ухаарч билээ. Цагаа тулахаар эцэг эх л үрээ өмгөөлдөг, анд нөхөд бол яаж ч мэдэхийн учрыг анзаарсан тул гэртээ суудаг, аав ээждээ ханьсдаг, ном сэтгүүл тойруулдаг нэгэн болон хүмүүжсэн. Бүх юм өссөн төрсөн орчинтой, багын хүмүүжилтэй л очиж холбогддог юм шиг санагддаг. Бид чинь Монголын их хэлмэгдлийн дараахь анхны үеийн сэхээтнүүдийн хүүхдүүд шүү дээ.

Оюутан цаг, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхээ хуучлаач?

-Тэр үеийн миний аав, ээжийн залуу нас гэдэг чинь гайхамшигтай цаг үе байсан. Монголд дахиад 100 жилдээ тохиохгүй, гайхамшигтай үеийнхэн гэж би боддог. Тэдний бидэнд өгсөн хүмүүжил бол үнэхээр өөр хүмүүжил байжээ. Хоёр нүүртэй, хоёр мөн чанартай байх энэ тэрийг багаас нь үзэж чадахгүй болгосон. Үнэхээр бидний үеийнхнийг тэгж л хүмүүжүүлсэн. Мэдээж хүн хүний хувьд янз бүр. Гэхдээ үнэхээр ажлын төлөө, улс орныхоо төлөө төрчихсөн юм шиг. Ямар нэгэн жүжиглэл байхгүй, давхар санаа байхгүй тийм л агуу үеийнхэн шүү дээ. Тийм болохоор хар нялхаасаа бид тэр хүмүүжилд баригдчихсан.

 Манай гэрт аавын өрөөгөөр ороход үндсэндээ номон дунд л өдөр шөнөгүй нэг хүн сууж байдаг, юм бичиж байдаг тийм л дүр зураг маш тод байна. Бид ч гэсэн багаасаа номтой маш ойрхон өссөн. Аав минь “Чи юу ч хийж болно. Хүн туг ч барина, тугал ч хариулна. Тэр бүх ажлаа бүх насаараа хийх юм шиг л хийж бай” гэдэг зарчмыг багад минь суулгаж өгсөн юм. Багануурын уурхай дээр ч анхан шатанд ажиллаж байлаа. Ерөөсөө ямар ч ажил хийсэн би ингэсгээд болино доо гэж хагас хүчээр хийхийг би хэзээ ч өөртөө зөвшөөрч байгаагүй. 
Аливааг ерөөсөө энэ миний ойрын 30, 40, 50 жилийн хийх ажил юм шиг ханддаг суурийг суулгаж өгсөн. Тэр нь надад их тус болдог. Ажилдаа сэтгэлээ зориул гэж ярьдаг шүү дээ. Тэрнийг л маш ойлгомжтой хэлбэрээр зааж сургасан. Сэтгэлээ зориул гэдгийг жаахан хүүхэд ойлгохгүй болохоор бүх насаараа энэ ажлыг хийх юм шиг хий гэдэг байсан юм. Тэгээд мэдээж хэрэг аливаа ажлыг хүн сайн хийхээр дороо дэвшдэг юм билээ л дээ. Өөрийн эрхгүй шинэ зорилго, шинэ үүрэг хариуцлага ногдоод явчихдаг юм. Энэ бол залуучуудад тохирох зөв амьдралын байр суурь байж мэдэх юм

-Бизнесийн замнал, амжилтын түүх бүр залуу үеийнхний сонирхдог, мэдэхийг хүсдэг, үлгэрлэчих боломжийг хайдаг сэдэв юм. Амьдралаа эхэлж буй залууст юуг зөвлөмөөр байна вэ?


-Монголд анх 1980-аад оны сүүлээр хоршоо байгуулахыг зөвшөөрөхөд ээж аав маань “Бодь” хоршоог байгуулсан. Аав маань нэр өгөөд эмблемийн санааг гаргаж байлаа. Одоо энэ “Бодь” группын маань лого шүү дээ. Анх би тэдэндээ тус нэмэр болж чадаагүй ээ, үнэнийг хэлэхэд. Би төрийн ажил хийж байсан. Ээж минь жижигхэн дэлгүүр, цех ажиллуулан, арилжаа наймаа хийж тухайн үедээ бололцооныхоо хэрээр л хөдөлж байсан. Яг сонгуульд ялагдсны дараа бүгд гудамжинд гараад ажилгүй, орлогогүй, тийм нөхцөлд би ээж аав дээрээ очоод та нарын бизнест оролцье, өргөжүүлье, дэмжье л гэсэн, тэгээд гүнзгий ороод илүү сонирхолтой санагдаад ирсэн. Шинэ шинэ санаа гараад, үйл ажиллагаа илүү тэлээд, ингэж л бизнес рүү эргэлт буцалтгүй орсон. Үнэхээр огт өөр орчноос цоо шинэ сорилтууд бий болсон. Цаашдаа хүн амжилттай амьдаръя гэвэл ийм сорилтуудыг давж чаддаг байх нь чухал.

Бидний бизнесийн гол нууц бол дандаа улс орноо хөгжүүлэх, сайн сайхан шинэ юм нэвтрүүлэх, аль болох олон залуусыг хамруулах, нэг тийм сайхан, ариун зорилго тавьж байсан, тэр нь ч их зөв байсан юм билээ. Жишээ нь: компьютер, компьютерийн шинэ систем нэвтрүүлэх, янз бүрийн картын систем ч гэдэг юм уу дандаа дэвшилттэй зүйлийн төлөө явдаг. Герман, Америкт байдаг юм яагаад Монголд байдаггүй юм, яагаад бид энэ бүгдийн гадна хоцрох ёстой гэж гэдэг тийм үзэл бодол их нөлөөлдөг. Оюун сэтгэмжээрээ бид асар их мөнгө баялаг бүтээх боломжтой. Бид ингэж л мөрөөдөж тэрийг туршсан бизнес их хийсэн. Мэдээжийн хэрэг зарчим ч байх хэрэгтэй, ухаалаг байх хэрэгтэй гээд олон зайлшгүй шаардлагууд бий. Ажлаа сайн төлөвлөдөг байх, хүмүүст анхааралтай ханддаг гэх мэт. Миний хувьд нэг зүйл надад их тус болдог. Би хов живнээс их хол байдаг, хов живийг огт авч хэлэлцдэггүй. Энэ бол аливаа хамт олныг удирдахад, эрүүлжүүлэхэд их тустай юм. Хүмүүст аль болохоор эрх мэдэл, ажлаа хийх чадвар, итгэл өгөхөд их анхаардаг, юм л бол өөр дээрээ төвлөрүүлэхийг огт хүсдэггүй. Би хэзээ ч бизнесийн акул байж чадахгүй юм билээ. Ашгаас өөр юу ч бодохгүй байж чадахгүй юм билээ.

Миний удирдаж байсан компаниуд олон нийтийн байгууллага шинжтэй, бүгдээрээ хамт хожно, хамтдаа хөгжинө, гэдэг. Энэ бол миний хувьд амжилтын зөв жор байжээ.
Одоо би өмнөх том компани, банкнаасаа тусдаа гарсан шүү дээ. Гэр бүлийн бизнес бол явж байгаа. Гэр бүлийн хүмүүс, гишүүд хийгээд л явж байгаа. Би хуулийнхаа дагуу үндсэн ажлаа хийж байна. Улс төрийн ажлаа, төрийн ажлаа хийгээд явна. Аливаа зам нийлнэ, сална. Тодорхой бизнестэй хүмүүс зам салах өдөр ирээд л салсан. Анх эхлэхдээ залуучууд, оюутнуудтай хамт ажиллаж байсан. Яваандаа сургууль соёлоо төгсөцгөөгөөд, ерөнхийдөө миний хажууд хүн болцгоогоод, туршлагажаад, хариуцлага үүрэх чадвартай болоод, өргөжөөд бие даагаад бүрэн боловсорсон хүмүүс бий болж байна. Аргагүй шүү дээ хэн ч гэсэн тухайн үедээ өөрийгөө мэддэг болохын төлөө явдаг байх.

-Ардчилсан хувьсгалыг та хийлцэж, ардчилсан хувьсгал таныг бүрмөсөн өөрчилсөнд би эргэлзэхгүй байна. Тэр үед айдас, эргэлзээ, дарамт, хориг байгаагүй гэж үү?

-Оюутны холбоог 1989 онд бие даасан байгууллага болгоё гэсэн асуудал гарч байлаа. Эвлэлийн байгууллагын хавсрага мэт байсанд оюутнууд дургүй байсан. Ингээд Оюутны холбоог бие даалгая гээд оюутны чуулганыг хийсэн. Тэндээс даргыг мөн орлогч даргаар намайг сонгосон. Гэтэл манай дарга Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга болоод дэвшээд явсан учраас би үндсэндээ тэр байгууллагыг даргалж ажиллаж таарсан. Яг тэр үед Ардчилсан хувьсгалтай ч золгосон. 1990 оны гуравдугаар сарын 4-нд улс төрийн шинэ хүчнүүд тохирсны дагуу урьд өмнө үзэгдэж байгаагүй сүрт жагсаал боллоо.

Эхлээд Монголын оюутны холбоо Залуучуудын соёлын төвийн үүдэнд жагсаж, тэндээсээ жагсаалаар Эрх чөлөөний талбайд улс төрийн шинэ хүчинтэй нэгдэн нийлж, Сүхбаатарын талбай, Төрийн ордонг олон мянган жагсагчид хэдэнтээ горооллоо. Тэр үед Оюутны холбоонд хоёр зам байсан. Нэгд, хуучин системийнхээ эрэг шураг болоод тэр хөдөлгөөнийг саармагжуулах, эсвэл бүх хүч, нөөцөө дайчлаад оюутнуудын хөдөлгөөнийг манлайлаад тэмцэх зам байсан. Бид тэмцлийн замыг сонгосон. Тэр олон айлын амьдралын туршлагагүй хүүхдүүдийг тэргүүлээд зөв юмны төлөө, зөв шаардлага тавьж, зөв үр дүнгийн төлөө ойлголцож зөвшилцөөд явъя, хүний амь нас бүү эрсдээсэй, монголчууд бид дуусашгүй зөрчил рүү бүү ороосой гэдэг айдас хүйдэстэй ч итгэл найдварыг өвөртөлж явсан. Маш их хариуцлага, үүрэг ногдож байсан. Ер нь гэртээ ч харих завгүй, үндсэндээ ажил дээрээ хоноод л өдөр шөнөгүй хувьсгалт ажил өрнөж байлаа. 

Батлан хамгаалах, гадаад хэргийн гээд үндэсний аюулгүй байдлын чухал салбаруудыг тодорхой хугацаанд удирдаж явсны хувьд Монголын өнөөгийн байдлыг улс төр, тусгаар тогтнолын утгаар дүгнэж хэлнэ үү?

-Надад улс төрийн итгэл үзүүлж батлан хамгаалах болон гадаад бодлогын эрхэм чухал, харилцан уялдаатай хоёр салбарыг хариуцуулж ажиллуулсныг их хувь заяа гэж боддог. Олон улсын энхийг сахиулах цэргийн хамтын ажиллагаанд оролцох замаар гадаад харилцаагаа хөгжүүлэх, аюулгүй байдлаа баталгаажуулах, олон улсын хүрээнд санаачилгатай, идэвхитэй үйл ажиллагаа явуулснаар гадаад орчны тэнцвэртэй, аюулгүй байдал үүсч батлан хамгаалах ажил сайжирдгийг эдгээр өндөр албыг хашиж явахдаа мэдэрч энэ бодлын үүднээс албаа, баг, хамт олноо удирдсаны хүчинд нэр хүндтэй хашсан гэж бодож явдаг. Эргээд харахад миний үед бүтээж хийсэн, эхэлж санаачилсан олон ажил, үр дүн байгаад сэтгэл өег явдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, оршихуйн үндэс нь эрүүл чийрэг, ухаан сэргэлэн залуу үе маань гэдэгт итгэлтэй явдаг. Хөрш улс орнууд төдийгүй олон улсын хэмжээний сэтгэлгээтэй, үндэснийхээ эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж чаддаг, яагаад ингэж тавьдгаа бусдад ухааруулж ойлгуулж чаддаг хандлага, бодлого манай оршихуйн үндэс суурь нь юм. Иргэдийн баталгаатай ахуй, амьдрал, улс орныхоо төлөө гэсэн чин эрмэлзэл, идэвхитэй байр суурь л аль ч улс орны аюулгүй байдлын баталгаа нь болж байдаг.

-Ардчилсан нам засаг барихаараа л эвээ алдаж, эвдрэлцэн мууддаг гэсэн яриа байдаг. Өнөөдөр Монгол минь эмзэг, улс төр нь ороо бусгаа байгаа биш үү?

-Ардчилсан нам засаг барихаараа дампууруулдаг гэсэн үгийг санаатай тараадаг. Популист, халамжийн бодлогыг хэтэрхий туйлшруулж улс орноо унагасан бусармаг үйлдлийг засах гэж АН засагладаг. Үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, заримдаа бүр хатуу тэмцэл өрнүүлдэг тул АН-ыг эв нэгдэлгүй гэдэг. Уг нь бол улс орны амин чухал асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, байр суурь, үнэт зүйлсээ хамгаалан тэмцэх нь эрүүл зүйл л дээ. Үүнийг дөвийлгөж харлуулах хэрэггүй, шаардлагагүй юм. Монголын улс төрд үзэл санаа, сэтгэлгээний үе солигдож буй онцгой цаг үе тохиож байна. Ардчиллын суурь зарчмын ялалтууд, ардчиллын үнэт зүйлсийн бэхжилтээс бодит ардчилал, хувь хүний эрхийг хангах тал руу хандсан шилжилт, шинэчлэлт хийгдэх шаардлагатай, тийм ч учраас хийгдэж байгаа цаг үе юм. Хувь хүний эрхийг бодитой хангахгүй бол эрх чөлөө хумигдана. Бүх шатанд хуулийн засаглал тогтохгүйгээр бид цааш ахих, ардчиллаа гүнзгийрүүлэх боломжгүй болох төдийгүй нам дамжсан олигархи, улс дамжсан компаниудын эрхшээл, сонирхолд атгуулах болно.

-Хардаж сэрдэхээрээ барьж хорьдог, нотолж батлаагүй байж яллах, буруутгах хандлагыг олонтаа гаргадаг байдал ажиглагдсаар байгааг та УИХ-ын чуулганы индрээс зоригтой хатуу шүүмжилдэг. Ажаад байхад таны тэмцэл, улстөрчийн замнал хүний эрхийг хангахын төлөө, эрх чөлөөг нь бодитой болгохын төлөө байсан нь тод ажиглагддаг. Таны үндсэн зарчим уу?


-
Анхнаасаа Германд Үйлдвэрчний сургуульд явсан маань тохиолдол хэдий ч энэ насаараа л хүний эрхийн төлөө дуугардаг, хүний эрхийн төлөө хамгийн их санаа зовдог болон төлөвшихөд минь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн биз ээ. 1990 оны Ардчилсан хувьсгалд МОХ-г манлайлан оролцохдоо ч хүний эрхийн асуудлыг тэргүүн зорилт болгож байлаа. Өнөөдөр ч би УИХ-ын гишүүний хувьд үүнд онцгой анхаардаг. Аливаа үйл явдал, шийдвэрийг хүний эрхийн өнцгөөс харж, хүний эрхийн шалгуураар дүгнэдэг хүн болж дээ /инээв/.

-Та шударга хүн үү, өнөөдрийн амжилтаа хангалттай гэж боддог уу?


-Шударга хүн байх шалгуурт нийцнэ л гэж боддог. Шударга байх ганцхан шалгуур бий. Тэр бол шударга биш явдлыг хэлэх, анхааруулах, илчлэх чадвар, эр зориг юм. Би хэлдэг л дээ, тийм ч учраас улстөрч болсон гэж. Шударга бус байдал үүсэх бүрт би үг хэлэх эрхээ эдэлж анхааруулдаг, хэлдэг. Шударга байна гэж цаг үргэлж орилж, чанга дуугарч, хэвлэлийн бага хурал хийхийн нэр биш юм. Хаана зарчим алдагдаж байна, хэзээ ардчилал эмзэг болсон, яагаад хүний эрх зөрчигдөх болов гэдгээр шударга байдал хэмжигддэг. Аар саархан хар сэр, хов жив, ташаа мэдээллээр мэдэгдэл хийж шударга дүр эсгэх хамгаас хортой. Шударга дүр эсгэх нь улстөрчийн хориотой үйлдлийн нэг юм. Нэг хүний амьдралд баймгүй их үйл явдал, түүхэн явдалд оролцсон хувь тавилангаараа би бахархдаг, надад энэ боломжийг олгосон сонгогчид, монголчууддаа талархаж явдаг. Тийм учраас олсон амжилт, хүрсэн өндөрлөгтөө сэтгэл өндөр явдаг ч хамаагүй хөндлөнгийн муу улс, туршлага мэдлэггүй үл бүтэх этгээдүүдийн гарт улс орон, залуу үеийнхнийхээ хувь заяаг атгуулах, сулд нь орхих боломжгүй, тийм хариуцлагагүй, ёс суртахуунгүй байж болохгүйгээ гүнээ ухамсарлаж, зүтгэж явдаг даа. Монголчууд намайг боль, чи хэрэггүй ээ, Болд оо гэж хэлэх хүртэл өөрийн мэдлэг туршлага, ёс суртахуунаа Монголдоо зориулах болно.

-Та бизнесээс хөндийрч улстөрчийн хувь тавиланг сонгож байгаагаа зарласан. Улс төрөөс буухгүй, чин сэтгэлээсээ энэ улсынхаа төлөө зүтгэнэ гэж амласан. Хийх, төлөвлөсөн зүйлтэй, улс төрийн нарийн ширийнийг гадарласан хүний л андгай байх даа?


-
Би өмнө цухас хэлсэн. Бид ардчиллыг авчирсан үеийнхэн, нас явлаа гээд хойш сууж боломгүй үе тулгараад байна. Ардчиллын суурь зарчмуудын ялалт эргэлт буцалтгүй ирсэн ч бодит ардчилал, иргэн, айл өрхийн хэмжээнд энэ ялалт ирээгүй байна. Энэ ялалтыг бид л хөтөлж авчирна. Бусад нь ардчиллаас буцах, зугтаах замаар явдгийг Монголын ардчиллын 25 жилийн түүх харуулсан. Иргэн хүн өмчилсөн газар дээрээ бизнесээ өргөжүүлж, тав тухтай, эрх чөлөөтэй амьдрах эрхийг бий болгохын тулд ардчиллыг улам гүнзгийрүүлэх учиртай. Түүнээс буцах, зугтаах буруу. Эрх чөлөөнөөсөө айсаар байвал түүнийг ерөөсөө бидэнд өгөхөө больдог зүй тогтолтой юм.

-Та улс төрийг тунгалаг, цэвэрхэн байлгах “хов, хор, хог” гурваас чөлөөлөх уриалга, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, манаж явахын тулд МоАН санаачилгыг гаргасан. Хэр амжилттай явж байна даа?


-
МоАН санаачилга гэж байгаа нь оюутнуудаа сэрээх зорилготой юм. Оюутнуудаас та нар эргээд нийгмээ хараач ээ. Та нар маргааш ажил дээр гараад энэ улс орныг авч явна. Гэр бүлээ бий болгоод энэ нийгэмдээ идэвхтэй иргэн болно. Ардчилал ялснаас хойш бүхэл бүтэн нэг үе өнгөрөөд байна. Яг одоогийн байгаа байдлыг та нар зөвшөөрч байна уу гэж асуумаар байна. Ээлжилж засагт гардаг улс төрийн хүчнүүд, эсвэл засагт ороогүй үлдэгчид, гомдогсод, хэлмэгдэгсэд тэдний хоорондын тэмцэл л өнөөгийн улс төрд байна. Энэ нийгмийг одоо сурч байгаа 200 гаруй мянган оюутан нуруун дээрээ аваад явна. Энэ нийгэмд амьдарна. Тэд өнөөдөр эвдрээгүй байгаа. Өнөөдөр аливааг шинжлэх ухаанч талаас харж байгаа. Тийм болохоор хоорондоо яриад болохгүй байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Заавал хувьсгал хийж, байшин сав шатаах шаардлагагүй. Ардчиллын үр дүнд сонгуульд оролцож, зөв үзэл санааг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлж, хоорондоо эвлэлдэн нэгдэж нийгмээ өөрчлөх бололцоотой болчихсон цаг шүү дээ. Ийм өөрчлөлтийг 1990 оны оюутнууд хийсэн, одоо үеийн оюутнууд маань ч чадна. Тэгэхээр МоАН санаачилга бол Монголын оюутны холбоог удирдаж явсан тэр үеийн үзэл санааны минь үргэлжлэл гэж ойлгож болно. Ердөө л тэр. Өнөөдрийн МоАН гэдэг бол өчигдрийн МоАХ. Энэ хувьсгалаас юу ч хүртээгүй, энэ хувьсгалыг улс төр, эдийн засгийн зорилгоор хийгээгүй хүчин бол Монголын ардчилсан холбоо, Монголын оюутны холбоо юм. Нийгэмд ийм хүч байсан учир манай ардчилал дэлхийд үлгэр жишээ ардчилал болсон юм.. 
МоАН санаачилгыг АН доторх бас нэгэн бүлэг, фракц гэж харах хүмүүс байдаг. МоАХ, МОХ-ны хувьсгалд оролцож байсан, тухайн үеийн үзэл санаа, үнэ цэнээ хадгалаад явж байгаа олон гишүүн АН-д байгаа. Бид нам гэдгийн цаана багш, эмч, албан хаагч, оюутан гээд энэ нийгмээ тээж яваа хүмүүсээсээ салчихсан. Тэр хүмүүс намын гадна үлдчихээд байна. Өнөөдөр намууд аажим аажмаар хувьчлагдчихжээ. Цөөн хэдэн хүн зөвхөн өөрсдөдөө хууль хийгээд, өөрсдөдөө албан тушаал хуваарилдаг болчихоор нийгэм мухардалд ороод байна. Үүнийг эргээд задлах цаг болсон. Яагаад төрийн албан хаагч намын гишүүн байж болдоггүй юм. Яагаад багш, эмч, оюутан намын үйл ажиллагаанаас гадуурхагдах ёстой юм. Энэ чинь өөрөө маш буруу. Ингэж энэ улс төрийн систем оюуны охио тайраад хаячихаж байна. Гэтэл улс төр гэдэг чинь наймааны хэрэгсэл биш. Улстөр бохир юм биш. Энэ чинь хамгийн цэвэр, тунгалаг байх ёстой зүйл. Яагаад гэвэл улс орноо хөгжүүлэх, сайн сайхан авч явах, шударга ёс тогтоох гэдэг чинь муухай зүйл биш шүү дээ. Ард түмэн улс төрдөө дургүй болохоор төрдөө дургүй болж эхэлж байна. Ардчиллын боловсрол гэдэг зүйл Монголын тусгаар тогтнолын үндэс болоод байна. Яг газар шороо, хэл, соёл шиг. 

-Та манлайлагч мөн үү, манлайлагч байж чадах уу?

-Би албан тушаал, зэрэг дэв хөөдөггүй. Улстөрчийн хувьд тодорхой мөрийн хөтөлбөр дэвшүүлээд яг ийм юм хэрэгжүүлнэ гээд л зүтгэдэг. 1990 онд нийгмийн өөрчлөлтийг хийнэ гээд орсон. 1992 онд гараад явсан. 1996 онд бүтээн байгуулалт, эдийн засгийн шинэчлэл гээд том реформын асуудал дэвшүүлээд орж байсан. 2008 онд баялгаа ард түмэнтэй нь холбож өгье гэсэн. Дараа нь 2012 онд Монгол хүнийг газар, соёл, хэлнээс нь холдуулсан нь бидний ирээдүйн хамгийн том дайсан байна гээд газар иргэн хоёрыг холбох асуудлыг дэвшүүлсэн. Энэ ажлууд сайн явж байгаа. Түүнээс биш дарга болох зорилго байхгүй. Хуваарилалтууд явагдаад намын даалгавраар хоёр ч удаа сайд хийсэн. Буцаагаад авлаа л гэсэн, асуудал байгаагүй. 25 жил улс төрд ялагдаж ялж явна. Манлайлагч байх нь зорилго байдаггүй юм. Түүхэн нөхцөл байдал, боломж, шаардлага нь өөрөө манлайлагчаа сонгодгийг ч мэднэ. Улстөрч өөрийн итгэл үнэмшлээ дааж явахаас цаг хугацаа, орон зайг эзэмшигч биш юм даа.

-Улс орны маань ойрын төлөв байдал, өнгө төрхийг яаж төсөөлж байна вэ?

-Монголд дутуу зүйл байхгүй. Цөөхүүлээ ч санаа зорилготой, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад зүтгэхэд хялбархан босох боломжтой, босох ёстой, золтой золбоотой л доо, бид. Хөөсөн эдийн засаг, уул уурхайн баялгийн гэнэтийн ашгийн сөрөг нөлөөллийн хий гарч хойшдын хөгжлийн замыг засч байгаад итгэлтэй байна. Залуу үе итгэлтэй, идэвхитэй, ирмүүн байваас Монгол дорхноо л босохыг өнгөрсөн 25 жил, миний үеийнхний залуу нас нас харуулсан даа.