Тосон бумбын нуруунд 250 айл амьдарч байгаа учир дархан цаазат газраар авах боломжгүй
2016.04.07

Тосон бумбын нуруунд 250 айл амьдарч байгаа учир дархан цаазат газраар авах боломжгүй

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Байнгын хорооны хуралдаан болон хэлэхцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд хэд хэдэн санал хэлж байсан. Энэ талаар хууль санаачлагч Л.Эрдэнэчимэг гишүүнээс тодрууллаа. 

-Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлэхийг дэмжлээ. Өмнө нь энэ асуудлыг Засгийн газарт нэлээд хэдэн удаа хүргүүлж байсан юм билээ. 

-Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн бараг 90 гаруй хувь нь энэ тогтоолын төслийг гаргах нь зүйтэй гэсэн саналаа өглөө. 

Орон нутгийн удирдлагын зүгээс сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хөөцөлдөж байгаа. Харамсалтай нь Байгаль орчны яамнаас хэд хэдэн удаа Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч буцаасан. Засгийн газар энэ асуудлыг оруулж ирэхгүй байсан учраас УИХ-ын есөн гишүүн нийлээд бүрэн эрхийнхээ хүрээнд энэ тогтоолын төслийг өргөн барьсан. 

-Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар гишүүд нэлээд асуудлыг хөндөж байсныг тодруулахгүй юу?

-Чуулганы хуралдаанаар гишүүдийн зүгээс хэд хэдэн асуудлын хөндөж байна л даа. Тухайлбал, уул уурхайн компаниуд тусгай хамгаалалтад авах гэж байгаа газар дээр хайгуулын болон ашиглалтын нийт 21 тусгай зөвшөөрөл авсан байдаг. Тусгай хамгаалалттай газраар авчихаар энэ 21 компанид өгөх нөхөн төлбөрийг яах вэ гэдэг асуудлыг ярьж байна. 

Ер нь бол тухайн газрын лицензийг гадаадын компаниас худалдаж авсан төлбөрийг Засгийн газар төлөх ёстой эсэхийг босгож ирж ярих ёстой гэж бодож байгаа. 

Дээрх 21 компанид анх тусгай зөвшөөрөл олгоход үнэлгээ хийдэг компаниуд яагаад болно гэдэг үнэлгээ өгсөн бэ гэдэг нь бас л ярих ёстой асуудал гэж үзэж байна. Энэ нутагт хамгийн ховордсон ан амьтанд дээрээс нь бэлчээр, тоорой модон ой, булаг шанд гээд ер нь ашиглалт байтугай хайгуул ч хийж болохооргүй хамгаалах ёстой газар нутаг юм. 
Энэхүү тогтоолын төслийг батлуулсны дараа Засгийн газарт дээр дурдсан асуудлуудыг үргэлжлүүлэн тавих шаардлагатай байгаа. 

-Дархан цаазат газар болгож авах боломжгүй юм уу гэж асуусан хэд хэдэн гишүүн байсан.  

-Улсын тусгай хамгаалалттай газрыг дархан цаазат, байгалийн нөөц, цогцолборт газар гэж ангилдаг. Дархан цаазат газраар авахад УИХ-аас кординатыг нь тогтоодог.

Дархан цаазат газраар авсан нөхцөлд тухайн газар нутагт малын бэлчээр байж болохгүй, малчид нутаглаж болохгүй гэсэн заалттай. 

Гэтэл Тосонбумбын нуруунд 250 айлын бэлчээр, өвөлжөө, хаваржаа, худаг ус байдаг. Тэгэхээр энэ нутагт тухайн иргэд үргэлжлүүлэн амьдарч суухын тулд байгалийн нөөц газраар авах шаардлагатай байгаа. Байгалийн нөөц газраар авахад Засгийн газраас координатыг тогтоодог. 

Тэгэхээр энэ тогтоолын төсөл өргөн барьсан нь бид ажлынхаа 30 хувийг л хийж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тогтоолын төсөл батлагдсаны дараа координатыг тогтоох асуудал дээр Засгийн газартай хамтран ажиллана.