“Хангай хотхон” “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах боломжтой
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн бүртгэл өнгөрсөн 3-р сард явагдаж дууссан билээ.
Хөдөө орон нутгийн иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт бүртгүүлж орон сууцандаа орсон талаар өмнө нь мэдээлсэн. Харин Нийслэлийн иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа буюу сугалааны өдрийг хүлээсэн хүмүүс олон байгаа юм.
Мөн энэ хүү хөтөлбөрийн бас нэгэн хүлээлт нь түрээсийн орон сууцыг иргэд өмчлөлдөө авах хүсэлтэй байгаа юм. Одоогоор хөтөлбөрийн журамд өмчлөлд авах боломж байхгүй байгаа ба цаашид үүнийг боломжтой болгох талаас нь зохицуулахаар ажиллаж байгаа аж.
Үүнээс гадна “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууц хотын төвөөс зайдуу тул иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа талаар тэд хэлж байна. Мөн хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэхийг иргэд асуусаар байгаа билээ.
Тэгвэл энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломж байгаа гэдгийг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ хэлсэн юм. Тэрээр өчигдөр /2016.04.12/ салбарынхаа зарим ажлын явц байдлыг газар дээр нь үзэж, танилцлаа.
Тэрбээр “Дэд бүтэц” төслийн хүрээнд хийгдсэн Хан-Уул дүүрэг дэх цэвэр усны эх үүсвэрийн байгууламжийг шалгасан бөгөөд энэ үеэр тэрээр өмчлөлийн асуудлыг шийдэж өгөх тал дээр удахгүй арга хэмжээ авна гэдгээ хэлсэн.
Мөн гэр хороололын дахин төлөвлөлтийн ажилтай танилцаж 7-р хороолол буюу “Хангай хотхон”-ын тодорхой хэсгийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж болно. Энэ асуудлаар Ерөнхий сайд болон Засгийн газар, Сангийн яам, ТОСК-тай хамтарч тодорхой хувийг нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оруулж өгөх тал дээр ажиллахаа хэлсэн юм.
Харин 7-р хороолол буюу “Хангай хотхон”-ын барилгын гүйцэтгэгч буюу Бэрэн группын ерөнхий инженер М.Хуат “Нийт 3800 айлын орон сууц байгаа. Түүнээс эхний хоёр болох 1500 айлын орон сууц нь ашиглалтад ороод байгаа.
Оршин суугчдын ихэнх нь буюу 80 хувь нь ипотекийн зээлээр орон сууцанд орсон. Барилгын хамгийн дээд тал нь 41.1 мкв байгаа бөгөөд метр квадратыг сая 800-гаар тооцож байна. Дараагийн орон сууц ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 720 айлын 40-50 хувь нь хамрагдах боломжтой” хэмээв.