Монгол Улсыг дэлхий хүсч байна
"Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн анхдугаар чуулга уулзалтын хаалтын үеэр
2016.04.22

Монгол Улсыг дэлхий хүсч байна

 

Маш олон сонирхолтой илтгэл сонслоо. Залуу гишүүдийн илтгэл маш сонирхолтой санагдлаа гэсээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дэд дарга Рандолф С.Каппа “Монголын бизнесийн зөвлөл”-ийн анхдугаар чуулга уулзалтыг дүгнэж, уулзалтын турш экспертүүдээс гарсан саналыг  нэгтгэн танилцуулсан юм. 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дэд дарга Рандолф С.Каппа

Анхдугаар чуулга уулзалтын хаалтын арга хэмжээний үеэр “Монголын Бизнесийн Зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайерт хүндэтгэл үзүүлж, ажлаа хүлээлгэн өгч байгааг нь албан ёсоор мэдэгдлээ.

“Монголын Бизнесийн Зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер

Тэрээр “Би Жим Двайертай сүүлийн 6 жил хамтран ажиллах боломж надад тохиосон. Тиймээс Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын даргын хувьд хамтын ажиллагаа маш сайхан байлаа, сайхан анд нөхөд боллоо гэдгээ энэ дашрамд хэлэх нь зүйтэй. Маш олон асуудлыг даван туулах, ялангуяа компанийн орлого буураад ирэхээр аливаа холбоо, эвслийн гишүүнчлэлийн төлбөрүүдээ танаж эхэлдэг. Энэ бэрхшээлтэй нөхцөлд Жим Двайер маш хичээл зүтгэл гарган ажилласан байдаг. Тийм учраас энэхүү гарын бэлгийг дурсгаж байна.“ хэмээн алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт бэлэглэсэн юм.

Монголын Бизнесийн зөвлөлийг маш амжилттай удирдаж ирсэн ноён Жим Двайер “Баярлалаа. Дараа жилийн хоёрдугаар чуулга уулзалт дээр уулзацгаая.” гэж маш товчхон үг хэлсэн юм. Түүний ажлыг н.Мэргэн хэмээх залуу боловсон хүчин үргэлжлүүлэх юм байна.

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер

Бид арга хэмжээний төгсгөлд Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайераас товчхон тодруулга авсан юм.

“Монголын Бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт маш амжилттай болж, өндөрлөлөө. Хоёрдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах нь ч тодорхой боллоо. Бизнесийн байгууллагын төлөөллийн байр суурийг сонссоны үндсэн дээр улс төрийн намууд, УИХ, Засгийн газарт хандан санал, зөвлөмж хүргүүлэх юм. Энэ уламжлал ч дараа дараагийн жилд хадгалагдана. Чуулга уулзалтаас гарсан  санал, зөвлөмжийг бичгээр албан ёсоор холбогдох газарт хүргүүлэх болно. “

"Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан дүгнэлт, улс төрийн намууд, Шинээр байгуулагдах Засгийн газарт хүргэх санал зөвлөмж

-Монгол Улсыг дэлхий хүсч байна.

-Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Олон улсын харилцаа өргөжиж буйн хэрээр эмч нар туршлага солилцож, орчин үеийн эмчилгээний арга, технологийг оруулж ирэх нь зүйтэй.

-25 жилийн турш хөгжиж ирсэн ардчиллаа улам хөгжүүлж, батжин бэхжүүлэх хэрэгтэй.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ онцгой анхаарч, бизнесийнхний дуу хоолойг тусгаж ажиллах нь зүйтэй. Олон улсын сайн туршлага, компанийн засаглал, компанийн нийгмийн хариуцлага зэргийг ярьж байгаа тохиолдолд эдгээр асуултад анхаарч ажиллаж буй бизнесийн байгууллагууд, компаниудаа оролцуулах нь зүйтэй. Аль нэг салбар гэлтгүй бүх салбарт энэ бүхэн нь ач холбогдолтой. Тухайлбал, боловсролын салбарыг улс орны эрэлт хэрэгцээнд илүү мэдрэг болгох нь туйлын чухал байна. Эдийн засгийг солонгоруулъя гэж байгаа бол ямар чиглэл рүү бодлогоо чиглүүлэх нь зүйтэй юм бэ гэдгээ сайтар харж чаддаг байх хэрэгтэй. Сибирь, Казакстанаас авахуулаад тэднээс үлгэрлэн нэг салбарыг үлгэр жишээ хөгжүүлж, хэрэглэгч, хөрөнгө оруулагчийг татах хэмжээнд аваачиж чадах бол үндэс нь боловсролын салбарт оршиж байна.

-Урьд өмнө хүн төрөлхтөн бодож олоогүй зүйлийг хэрхэн, яаж олох юм бэ гэж цоо шинэ зүйлийг гаргаж ирэх тухай асуудал биш. Урьд нь байсан зүйлийг сайжруулах, шинэлэг байдлаар дахин гаргаж ирэх тухай асуудлыг нь бид яриад байгаа юм. Тиймээс аль ч салбарт судалгаа, шинжилгээ хэрэгтэй байна. Энэ нь эргээд боловсролын салбартай холбогдож байгаа юм.

-Бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах чиглэлд сүүлийн жил хагасын хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ бүү зогсоогоосой. Өрийн удирдлагын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг хуулиас авахуулаад Олон улсын валютын сангаас сайшааж буй зүйлийг үгүй болгох хэрэггүй болов уу гэж бодож байна. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр олон шинэчлэл хийгдэх цаг нь ирсэн. Давхар бүртгэлээс эхлээд өөр бусад альтернатив сонголтуудыг авч ашиглах нь нээлттэй байх ёстой л гэж бодож байна.

-Монгол Улсын хувьд нүүрсний ч бай, ямар ч бизнес бай сонголт, татварын асуудал маш чухал гэж харж байна. Зөвлөлийн гишүүд дундаас гарч байсан санал дээр үндэслээд ярихад хөрөнгийн өгөөжөөс татвар авах нь зүйтэй юу, үгүй юу гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ асуудал дээр эхлээд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байж төдий хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөж гарч байгааг тооцоололгүйгээр шууд татварын бодлого хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай санагддаг.

-Тэтгэвэр, тэтгэмжийн хувьд олон шатлалтай болгох, олон давхаргат тогтолцоог бий болгох зэрэг хувилбаруудыг өнөөдрийн чуулга уулзалтаар мөн ярилцлаа. Компаниуд нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэтгэврийн шинэлэг сайхан шийдлүүдийг гаргаж ирэхэд татвараар дэмждэг байх нь чухал болов уу. 2020, 2021 оноос эхлээд Монгол Улсын төсөв ашигтай гарч эхэлтэл улсын төсвийн хөрөнгө оруулалт зогсонги байх магадлалтай. Энэ завсар үед чуулга уулзалтын үеэр гаргаж ирсэн саналуудыг үндэслэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Эдийн засгийн төрөлжилтийн асуудал. Зөвхөн уул уурхайдаа найдаад явж болохгүй юм байна гэдгийг сүүлийн жилүүдийн нөхцөл байдал хангалттай харууллаа шүү дээ. Тийм учраас эдийн засгийн төрөлжилтийг ярьж л байгаа бол компанийн засаглал, олон улсын стандартыг нэвтрүүлэх ажиллах хэрэгтэй. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт гэхэд олон улсын жишигт нийцсэн алхмуудыг хийж хэрэгжүүлээд эхэлбэл маш олон боломж нуугдаж байгааг өнөөдрийн илтгэлүүдээс харлаа.

-Монгол Улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэрлэлүүд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа нь эерэг өөрчлөлтийн эхлэл гэж харж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд логистик, зам тээвэр, эрчим хүчний найдвартай хангамж зэрэг асуудал хөндөгдөн гарч ирдэг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг чанаржуулах, иргэдийн эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд шинэ шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх нь зүйтэй талаар чуулга уулзалтын үеэр ярилцлаа.

-Валютын нөөцийг багасгадаг салбаруудаа эргүүлэн Монголдоо татах боломж байна. Ингэхийн тулд салбар бүрийг чадавхижуулах, олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байна.

-Дэд бүтцийн салбарт гэхэд өнөөдрийн чуулганаар олон зүйл яригдлаа. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийнхан ч дурдлаа. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт хэд, хэдэн хийж хэрэгжүүлэх төлөвлөж буй төсөл, хөтөлбөр байгаа юм байна. Гэхдээ улс орныхоо түвшинд ярихад төмөр замын асуудлаа л нэг тийш нь шийдчих хэрэгтэй байна. Хэт удаан ярьж байна. Богино хугацаандаа нүүрсний өрсөлдөх чадварыг алдагдуулж байна шүү дээ. Мөн ДЦС-V байна. Бас л гацсан харагдаж байна. Энэ бүхэнд Монголын ард түмэн шийдвэрлүүлэх тал дээр идэвхгүй байна гэж боддог.

-Бизнесийн ёс зүйн талаар хэд хэдэн зүйл хэлэхэд компанийн засаглал, олон улсын жишгүүдийг нэвтрүүлэхэд олон зүйл хийж байна. Гадаадын компаниудыг ялгаварлах гэж хууль зүйн болоод бодлогын баримт бичигтээ тусгасан байдаг боловч бодит байдалд ялгаварлах явдал байдаг гэдгийг хаа, хаанаа мэдэж байгаа байх. Тийм учраас хуулиа сахиж, биелүүлэх тал дээрээ анхаарах ёстой. Салбарын сахилга бат хийгээд Засгийн газрын сахилга бат ч энд яригдах байх.

-Засгийн газар олон ажил хийх ёстой гэж олон нийт шахдаг, Засгийн газар ч олон зүйл хийж байгаагаа олон нийтэд хүргэдэг. Гэхдээ эдгээрээс аль нь үр дүнтэй юм, юу нь бодитой юм гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

-Одоогийн УИХ, Засгийн газар үлдэж буй хоёр сарын хугацаандаа хөнгөн алхам битгий хийгээсэй гэж хүсч байна. Нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэдэг шиг урагшаа алхаж байгаад ухарч болохгүй шүү гэж хэлмээр байна. 

Ингэж "Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн анхдугаар чуулга уулзалт өндөрлөсөн юм. Чуулган уулзалт дараа жил "хоёрдугаар" гэсэн тодотголтойгоор дахин өрнөх болно.