УИХ-ын дэд дарга М.Энхболд Сингапурын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Сингапур улсын парламентын төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын төлөөлөгчид та бүхэнтэй уулзаж, танилцаж байгаадаа таатай байна гээд энэ зун Монгол Улсад болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Бүгд Найрамдах Сингапур Улс парламентын төлөөллөө оролцуулж буйд баяртай байна гэв. Тэрээр, аливаа улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа маш чухал байр суурьтай. Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын гол зорилтын нэг бөгөөд Монгол Улс Сингапур Улстай харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, хоёр улсын хууль эрх зүйн орчны зөрүүтэй байдлыг арилгах талаар санаачилга гарган ажилладаг гэдгийн онцлоод бидний өнгөрсөн хугацаанд хөгжүүлж ирсэн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглан хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн эрдэс баялаг, эрчим хүч, уул уурхайтай холбоотой дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах нөөц, боломж их байгааг цохон тэмдэглэсэн юм.
Бүгд Найрамдах Сингапур улсын парламентын төлөөлөгчид Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохыг урьсан явдалд талархлаа илэрхийлээд 5 жилийн өмнө Ази, Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтад оролцохдоо анх танай улсад ирж байсан. Хоёр орны харилцааг бүхий л талаар түүний дотор эдийн засаг, худалдаа, санхүүгийн асуудлаар харилцаагаа улам хөгжүүлж, бэхжүүлэх сонирхолтой байгаагаа тэд илэрхийллээ.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад идэвхтэй оролцож хурлаас гарах шийдвэрт өөрсдийн санаа бодлоо тусган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын төлөөлөгчдөд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.