Ази-Европыг найдвартай холбох гүүр нь залуус мөн
Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр УИХ-ын Лувсанвандангийн Болд “Ази-Европыг найдвартай холбох гүүр нь залуус мөн” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрээр илтгэлдээ:
- Хүмүүн болж төрсний утга учир нь үр удмаа үлдээх, хүн төрөлхтөн болж иргэншсэний утга учир нь дараа үеэ бэлтгэх нь үнэн юм.
- Ази, Европын залуус боловсрол, соёл, шинжлэх ухааны солилцоогоор чөлөөтэй харилцан суралцдаг үүд хаалгыг бид нээх ёстой. Үүн шиг баталгаатай, нандин холбоос хаана ч үгүй.
- Залуус ажлын байраар чөлөөтэй хангагдахыг бүс нутгийн хэмжээний асуудал болгох учиртай. Залуус л ирээдүйд энэ хоёр тивийг холбох гагнаас нь гэдгийг мартаж үл болно.
- Юу ч алга болдоггүй, бүх зүйл эргэж ирдэг гэж хүн бүр итгэх албагүй ч холбоотой, харилцан уялдаатай байх үзэл мөнх юм.
- Залууст ирээдүйгээ илүү өөдрөг харах итгэлийг парламентчид бид бий болгох учиртай. Ази-Европыг найдвартай холбох гүүр нь залуус мөн.
зэрэг залуучуудтай холбоотой асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.
АЗИ-ЕВРОПЫГ НАЙДВАРТАЙ ХОЛБОХ ГҮҮР НЬ ЗАЛУУС МӨН
Эрхэм хүндэт хатагтай, ноёдын энэ өдрийн мэндийг эрье.
Ази, Европын өнцөг булан бүрээс манай хоёр тивийг бат найдвартай холбож, олон талт, үр дүнтэй ажил хэргээр бат гагнахыг чин сэтгэлээсээ эрмэлзэгч эрхмүүд энд цугласныг хараад сэтгэл үнэхээр сэргэж байна.
Парламентын гишүүн андууд аа.
АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дүгээр уулзалт миний нарлаг Монголд удахгүй долоодугаар сард болох гэж байна. АСЕМ-ийн 20 жилийг тэмдэглэн бүс нутгийн төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудлаар нээлттэй, чөлөөтэй санал бодол, байр сууриа солилцож, бүр магадгүй, энэ уулзалтуудыг илүү албан ёсны, тодорхой хэрэгжилттэй болгоход чухал алхам хийгдэх өдрүүд ойртсоор байна. Монголчууд бид энэ уулзалтад чадах ядахаараа бэлтгэн, хамгийн гол нь сэтгэл зүрхээрээ хичээн чармайж байгаа энэ үед та бүхэнтэй өөрийн санаа бодол, санаачилгаас хуваалцах боломж олдсонд би тун таатай байна.
Өнөөдрийн гол сэдэв бол харилцан уялдаа буюу холбоос юм. Зах зээлүүд холбогдохгүйгээр, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр хөгжиж бизнес, худалдаа, санхүү, эдийн засгийн холбоосууд үүсэхгүйгээр бидний хамтын ажиллагаа хүсээд ч, зүтгээд ч үр ашигтай болж чадахгүйг бид бүгд ухаардаг. Тийм ч учраас энэ сэдвийг түлхүүр үг болгон ярилцаж байна.
Би хэлэх үг бэлтгэх гээд бодож суухдаа холбоосын тухай сэдэв бол Монголчуудаас хүн төрөлхтөнд анхлан өлгийдэж өгсөн үзэл санаа байсныг эргэцүүлсэн юм.
Дэд бүтэц, эдийн засаг, санхүүгийн ил холбоосын (бид заримдаа “хатуу” холбоос гэдэг) зэрэгцээ боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, аюулгүй байдлын салбарт бий болгох шаардлагатай институт хоорондын дэвшилттэй сүлжээг үүсгэх асуудлыг сүүлийн үед бид ярих болсон нь тун сайшаалтай юм. Ийм ил харагдалгүй далд байдаг, бидний хэлж дадснаар “зөөлөн” холбоос нь орчин цагт ил холбоосоосоо дутахгүй чухал болж байгааг өнөөдөр би хоёрхон чиглэлээр ярихыг хүслээ.
Гол санаагаа гаргахаас өмнө бага зэрэг уянга, түүхийн халил хийхийг зөвшөөрнө үү. Би хэлэх үг бэлтгэх гээд бодож суухдаа холбоосын тухай сэдэв бол Монголчуудаас хүн төрөлхтөнд анхлан өлгийдэж өгсөн үзэл санаа байсныг эргэцүүлсэн юм. Японы нэрт түүхч эрдэмтэн Окада Хидэхирогийн“Дэлхийн түүх мэндэлсэн нь” номын мөрүүдийг ч саналаа. “Түүх бол соёл юм. Газар дундын тэнгисийн буюу Европын соёл иргэншил болон Хятадын соёл иргэншлийн аль аль нь эрт цагт өөрсдийн гарамгай түүхийг бүтээсэн байсан ч тус тусын газар орондоо хамаатай байсан билээ. Гагцхүү XIII зуунд Монголын эзэнт гүрэн байгуулагдснаар энэ хоёр соёл анх нүүр тулсан төдийгүй Евро-Азийн эх газрыг хамарсан дэлхийн жинхэнэ түүхийг XIV зуунд Монголын эзэнт гүрний ид сэргэн мандалт, хөгжлийн оргил үед бичигдснийг” бид мэддэг билээ. Шуудан холбооны саадгүй, бүрэн эрхт сүлжээ болон итгэлцэл өндөр, ханш тогтвортой, хэрэглээ саадгүй анхны цаасан мөнгийг бий болгосон нь Монголчууд дэлхийн хөгжлийг урагшлуулж өнөөдрийн бидний ярьж суугаа сэдвийн зохиогчид нь байсныг давхар нотлох мэт ажгуу.
Миний та бүхэнтэй санал солилцох эхний санаа бол цахим засаглалын тухай бодол юм. Ази, Европ тив нь үргэлжилсэн эх газар учраас олон улс орон зэрэгцэн оршдог. Бас харамсалтай нь энэ л газар нутагт маань дэлхийн хоёр том дайн болсон төдийгүй өнөөдөр ч бүс нутгийн мөргөлдөөн, терроризм, хар тамхи, хүний наймаа зэрэг бүс нутаг дамжсан аюулын харанга хангинаастай байгаа билээ. Тиймээс энэ бүгдийг хурдтай, найдвартай анхааруулж, урьдчилан сэргийлж байх засаглал нэн шаардлагатай байна. Энэ бүхнээс сэргийлэх, тархалтыг зогсооход цахим засаглал, интернет технологийн дэвшлийг бүс нутагтаа үр ашигтай олон талаар ашиглахад анхаарах нь чухал болжээ.
Нөгөө талаас, цахим сүлжээ нь үзэл бодол, эрх чөлөөгөө илэрхийлэх индэр болсон төдийгүй өнөөгийн залуус бүгдээрээ энэ сүлжээг ашиглаж хоорондоо харилцаж хил хязгааргүй мэт аялж явдгийг бид бас тооцох учиртай. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 30-аас доош насны залуус байна. Хүмүүн болж төрсний утга учир нь үр удмаа үлдээх, хүн төрөлхтөн болж иргэншсэний утга учир нь дараа үеэ бэлтгэх нь үнэн л юм бол бид, парламентчид үүнийг онцгой анхаарч үзэх ёстой юм. Залуусын боловсрол, хүсэл зориг, идэвхи санаачилга, ажлын байр, идэвхитэй байдлыг өөгшүүлэн дэмжин бий болгоход бид онцгой анхаарч ажиллах ёстой. Ази, Европын залуус боловсрол, соёл, шинжлэх ухааны солилцоогоор чөлөөтэй харилцан суралцдаг үүд хаалгыг бид нээх ёстой. Үүн шиг баталгаатай, нандин холбоос хаана ч байхгүй. Залуус ажлын байраар чөлөөтэй хангагдахыг бүс нутгийн хэмжээний асуудал болгох учиртай. Залуус л ирээдүйд энэ хоёр тивийг холбох гагнаас нь гэдгийг мартаж үл болно.
Залуустай холбоотой өөр нэгэн санаа бол 2016 оны 3 дугаар сард хуралдсан Олон Улсын Парламентын Холбооны 34 дүгээр ассамблей дээр яригдсан “Ардчиллыг залуужуулах” тухай асуудал юм. Улстөрд байгаа хүмүүсийг шинэчлэх, улстөрийн орчныг шинэ үзэл санаагаар баяжуулах, залуучуудын квотыг хэрэгжүүлэх замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, улстөрд орох, сонгуульд өрсөлдөх насны хязгаарыг дахин авч үзэх, залуучуудад улстөрийн намууд нээлттэй болж, тэдний дэмжлэгийг хүртэх, залуу гишүүдийг удирдлагын албан тушаалд дэвшүүлэх итгэлийг бий болгох, залуу гишүүдийг бусад залуустаа үлгэр дууриал болгох явдлыг идэвхжүүлэх, орчин үеийн технологи хэрэглэхийг дэмжснээр ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг чухал санаачилгуудыг бид мөн Ази-Европын Парламентын Түншлэлийн хүрээнд дэмжиж ажил хэрэг болгоход хамтран ажиллах шаардлагатай байна.
Эрхэм нөхөд өө.
Ази, Европыг анхлан баттай холбож дэлхийн түүхийг эхлүүлсэн өлгий нутагт бид хоёр тивээ улам сайн холбох талаар ярилцаж байгаа нь үнэхээр хувь тавилан мэт утга учиртай сонсогдож байна. Юу ч алга болдоггүй, бүх зүйл эргэж ирдэг гэж хүн бүр итгэх албагүй ч холбоотой, харилцан уялдаатай байх үзэл мөнх юм байна.
Цахим засаглалын үзэл баримтлалыг Ази-Европын Парламентын Түншлэлийн хүрээнд боловсруулах ажлын хэсэг байгуулж, улмаар албан ёсны баримт бичиг болгон хөгжүүлэх санаачилгыг дэмжихийг та бүхнээс хүсч байна. Залуусыг Ази, Европын хэмжээнд дэмжин тэтгэх бодитой, олон талт хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирээдүйгээ илүү өөдрөг харах итгэлийг бид бас бий болгох учиртай. Ази-Европыг найдвартай холбох гүүр нь залуус мөн.
Ази-Европын Парламентын Түншлэлийн энэ уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ ажил үйлс, зөв зүйтэй бүхний түүчээ нь болж, өөр хоорондоо хамтран ажиллаж, сэтгэж, бодож, илэн далангүй, тааваараа байхыг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.