Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Казахстаны парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын эхэнд Казахстаны парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Казахстаны парламентын доод танхим Мажилисын ээлжит бус сонгуулиа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Энэ зун Монгол Улсад болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд болж буй хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буйд талархал илэрхийллээ.
\
Мөн тэрээр, манай хоёр орон 1992 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлж ирсэнд баяртай байгааг цохон тэмдэглэв. Дээрх хугацаанд хоёр орны хоорондын харилцааны эрх зүйн үндэс жилээс жилд бэхжиж, өнөөгийн байдлаар 50 гаруй гэрээ, хэлэлцээр үйлчилж байна. Хоёр талын харилцаа өргөжин хөгжихийн хэрээр эрх зүйн үндсийг нь үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлага мөн тавигдсаар байгааг онцоллоо.
Түүнчлэн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт бидэнд хамтарч ажиллах нөөц бололцоо бий гэдгийг хэлээд энэ оны 11 дүгээр сард Астана хотноо зохион байгуулагдах Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 7 дугаар хуралдаанаар манай хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагаанд үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх боломж тохионо хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
Казахстаны парламентын гишүүн Кайрат Ищанов тусгайлан цаг гаргаж хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дэд даргад талархаад Ази, Европын парламентчдын энэхүү өндөр хэмжээний уулзалтыг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаа Монгол Улсын парламентад талархаж байгаагаа илэрхийлэв. Манай парламентын төлөөлөгчид ч энэхүү чухал арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна гээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш улстөр, эдийн засгийн харилцаа идэвхтэй сайн хөгжиж байна. Тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлж уул уурхай, хөдөө аж ахуй, цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа онцлов. Мөн тэрээр парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хувьд Монгол-Казахстаны Парламентын бүлэг байгуулагдан тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг харилцааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн юм.
\
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах боломж олдсонд баяртай байна. Манай хоёр орон бол бүс нутгийн болон олон улсын хэмжээнд бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид энэ уламжлалаа хадгалан харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байдаг тухайгаа дуулгалаа.
Казахстаны парламентын төлөөлөгчдийн тэргүүн бид бие биеэ түшиж, дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч бид бие биеэ байнга түшиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд Монголын ард түмэнд хөгжил, дэвшлийг хүсэж, Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөн дэлгэр болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Ази-Европын парламентын төлөөлөгчдийн энэхүү уулзалт Та бидний хамтын чармайлтаар үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд Казахстаны парламентын төлөөлөгчдөд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.