100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэллээ
Энэ сарын 20-24-ны өдрүүдэд 100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Тивийн аваргыг шалгаруулах энэхүү тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Монголын даамны холбооны Ерөнхийлөгч, Тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ж.Батсуурь үг хэллээ.
Жамъянсүрэнгийн Батсуурийн хэлсэн үг
Эрхэм хүндэт зочид оо,
эрхэм хүндэт тамирчид аа,
хатагтай, ноёд оо!
Та бүхэнд Монголын даамын холбооны нийт гишүүд, холбооны удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Ази тивийн төлөөлөл болсон орон орны тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, албаны хүмүүс та бүхнийг манай сайхан эх оронд тавтай морилохыг хүсье.Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Азийн даамын холбоо, Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний олимпийн хороо, “Мон лаа” ХХК болон бусад байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Ази тивд 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа 100 буудалт даамын тэмцээн нь эмэгтэйчүүдийн хувьд анхных болж байгаа онцлогтой бөгөөд энэ тэмцээнд Хятад, Казакстан, Узбекстан, Лаос, Вьетнам, Япон, Камбоже, Афгенстан, Монгол орны нэр хүндтэй 28 шилдэг тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөх гэж байна. Энэ тэмцээн нь нийт даамын тамирчид, дэмжигчдийн хувьд сайн туршлага болж, оюуны спортын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Тэмцээнд оролцогч нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн нээснийг мэдэгдэе.