Сүүний салбарын чуулга уулзалт боллоо
2016.04.27

Сүүний салбарын чуулга уулзалт боллоо

Сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгох зорилго бүхий “Сүү үйлдвэрлэл-тогтвортой хөгжил” сүүний салбарын чуулга уулзалт боллоо.

Чуулга уулзалтад ХХААЯ, МХЕГ, ОУ-ын болон ТББ, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон сүү үйлдвэрлэлийн сүлжээний төлөөлөл болсон 150 хүн оролцож, сүү үйлдвэрлэл, жигд тогтвортой нийлүүлэлтэд салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтуудын талаар хэлэлцлээ.

Мөн малын тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, үржлийн асуудлууд, саалийн үнээний фермийг кластераар хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, санал санаачлагыг өрнүүлсэн юм.

 

Чуулга уулзалтыг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын Хүнсний тухай хуулиараа стратегийн хүнс хэмээн онцолж сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажилладаг. Тухайлбал: Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 2012-2015 оны хооронд сүү үйлдвэрлэгч, боловсруулагч нийт 47 аж ахуйн нэгжид 38.4 тэрбум төгрөг, “Сүүний чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуйг шинээр байгуулах, өргөжүүлэх”-д зориулж 74 аж ахуйн нэгжид 1.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Цаашид сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, мөн сурагчийн үдийн цай хөтөлбөрт олгож байгаа нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг сүү сүүн бүтээгдэхүүн болгох, үйлдвэр цехэд өгч байгаа сүүнд урамшуулал өгөх гэх мэт тодорхой арга ажлуудыг зохион байгуулах бодлого баримталж байна” хэмээн  онцоллоо.

2015 онд улсын хэмжээнд эрчимжсэн аж ахуйн сүүний чиглэлийн үнээ 61.9 мянган толгой тоологдсон байна. Мөн үйлдвэрийн аргаар 70.3 сая литр сүү боловсруулж, 52.5 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Харин 3.1 мян.тн хуурай сүү импортолсныг шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 27 сая литр орчим байгаа нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний 40 хувь, нийт хэрэгцээний 5.5 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оныхтой нь харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлт юм.

Чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн банкны групп ОУСК ажиллаж, “Глобал Коммунитиес” ОУБ, “Монголын Хүнсчдийн холбоо”, “Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо”, “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЭСО” групп, “Нүүдэлчин агро ферм” ХХК хамтран зохион байгуулсан байна.