Мал эмнэлгийн салбарт Литва улстай хамтарна
2016.04.20

Мал эмнэлгийн салбарт Литва улстай хамтарна

Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Литва Улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ина Маркулионитыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

ХХАА-н сайд Р.Бурмаа хамтын ажиллагааны хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэл, технологийг Литва улсын туршлагаас судалж, Монгол Улсад нутагшуулах мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг харилцан солилцох боломжтойг онцолсон. Түүнчлэн малын халдварт өвчин түүнийг шийдвэрлэхэд хоёр улс хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.
Литвийн Элчин сайд Ина Маркулионитэ хамтын ажиллагааг өргөжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуйн салбар болохыг онцлон тэмдэглээд харилцан төлөөлөгчид илгээн хамтран ажиллах бүрэн боломж гэлээ.

Уулзалтын үр дүнд цаашид мал эмнэлгийн салбарт хоёр улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулан хамтран ажиллах боломж бүрдсэн юм.