Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүнээр заалгадаг улстөрчид бид биш
2016.05.04

Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүнээр заалгадаг улстөрчид бид биш

УИХ-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч МАН-д элсэхээр болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Тэд энэ талаараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-МАХН-аас гарах өргөдлөө хэзээ өгөх вэ?

-Ч.Улаан: Сонгуулийн системд өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Хүнээ сонгодог систем рүү явах нь тодорхой. Тойргууд дээр хүчтэй өрсөлдөөн болно. Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, сонгогчдын саналыг сарниулахгүй байх ажил хийж байна. Ямартай ч бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө намынхаа даргад өгч байгаа.

-Д.Тэрбишдагва: Цэцийн дүгнэлт 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд гарсан. Өнөөдрийг хүртэл Цэцийн дүгнэлтийг яаралтай шийдэж төрийн ажлыг гацаахгүй явуулах ёстой байсан. Тиймээс Шударга ёс эвсэл Цэцийн дүгнэлтээр завсарлага авахыг эсэргүүцэж байсан юм. Ард иргэдтэй уулзаж байхад жагсаалтын 28-ийг эсэргүүцэж ярьдаг. 28 хүний дотор төрд ажиллаж үзээгүй хүмүүс орж байна гэж шүүмжилж байгаа. МАХН-аас гарах өргөдлөө бичээд өнөөдөр өгнө. ҮХЦ-ийн дүгнэлтээр “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдлээр завсарлага авсан.  Нэг өдрийн ч өмнө ч болов шийдэх ёстой энэ асуудлыг авч хэлэлцэхгүйгээр завсарлага авсныг нь бид буруу үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

 -Намаасаа гарч байгаа шалтгаан юу байв?

 -Ч.Улаан: Сонгуульд оролцож байгаа аливаа субьект амжилт гаргахын төлөө ордог. Амжилт гаргахын төлөө бүхий л боломжийг ашиглах учиртай.  Энэ удаа УИХ болон орон нутгийн сонгууль хамтдаа болно. Сүхбаатар аймгийн  МАН, МАХН-ын гишүүд  энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг саналыг надад тавьсан. Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тиймээс энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа.

Тиймээс энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа.

Д.Тэрбишдагва: 2012 оны дөрөвдүгээр сард  хэлмэгдүүлэлт болсон. 600 орчим цагдаагаар хүрээлүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Монголд шударга зүйл байна уу, төрийн гурван өндөрлөгт байсан хүнээ баривчилж болохгүй гэсэн үүднээс бид хэлмэгдүүлэлтийн төлөө дөрвөн жил зүтгэсэн. Улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч ажиллах ёстой гэсэн хатуу байр суурийг дөрвөн жил илэрхийлсэн. Хэвлэлийн ярилцага болгондоо хэлж байгаа. Тасарсан мах, үсэрсэн цус, бид. 99.9 хувь нь нэг үзэл бодолтой найзууд байдаг. МАН, МАХН-ын эвсэх асуудлыг зохион байгуулах Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг онц сайн ажилласан. Ажлын хэсэг олон зүйл дээр тохирсны дотор МАХН-д өөрт нь ашигтай хэд хэдэн зүйлийг ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан тусгуулсан байлаа. Харамсалтай нь хамгийн сайн хамтарч ажиллаж байсан МАН, МАХН сонгуульд эвсэж орж чадахгүй болсон нь намаасаа гарах нэг үндэслэл. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана. МАХН-ынхан ИЗНН, Эх орон нам, АН-тай  асуудлаар хамтарч ажилласан. Үр дүн нь хэр байсныг мэдэхгүй.

 -“Шударга ёс” эвслээс та хоёр гарсан тохиолдолд Засгийн газар огцрох нөхцөл байдал үүсэх юм биш үү?

 -Ч.Улаан: Бид хоёр бие даагаад улс төрийн сонголтоо хийсэн улстөрчид. Бодлого үйл ажиллагаа нягт явж ирсэн. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүн болгоноор алхам тутамдаа заалгаад байх улстөрчид бид биш. Эвслийн бүлгээс гарснаас засаг задрахгүй байх бололцоо байгаа. Бид албан ёсоор МАН-д хүсэлтээ гаргаж дүрмийн дагуу гишүүнчлэлээ сэргээнэ.