"Бүтэлгүй" компаниудын эрхийг цуцлахыг хүслээ
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Су.Батболд нар болон НЭАХХ-ны үүсгэн байгуулагчид, ТУЗ-ийн гишүүд, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо
2016.05.06

"Бүтэлгүй" компаниудын эрхийг цуцлахыг хүслээ

УИХ дахь МАН-ын бүлгээс Нийтийн эрх ашгийг хамгаалах холбоо /НЭАХХ/-той хамтран НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн тулгамдсан асуудлаар өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Су.Батболд нар болон НЭАХХ-ны үүсгэн байгуулагчид, ТУЗ-ийн гишүүд, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

Нийслэлийн зургаан дүүргийн 25 байршлын 75 хэсэгчилсэн талбайд 2013 оны тавдугаар сараас нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлжээ. Гэвч дахин төлөвлөлтийн тендэрт шалгарсан компаниуд иргэдийг маш их хохироож байна гэх гомдол НЭАХХ-нд олноор иржээ.

Тиймээс тус холбооноос өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа дүүрэг, хороодод түүвэрчилсэн байдлаар явж төслийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцсан тухай холбооны ТУЗ-ийн гишүүн Ц.Цэндсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Ингэхэд барилгын явц удаашралтай, дэд бүтцийн асуудлыг шийдээгүй, иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний хугацаа дууссан, гэрээнд иргэдийн саналыг огт тусгаагүй, газраа чөлөөлсөн айлууд түрээсийн байрны төлбөрөө авч чадахгүй, хэзээ орон сууцанд орох нь тодорхойгүй зэрэг олон хүндрэл үүссэн байжээ.

Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж тендерт шалгарсан компаниудтай хоёр болон гурван талт гэрээ байгуулсан 6000 гаруй иргэдийн дөнгөж 10 хүрэхгүй хувь нь орон сууцандаа орсон байна. Үлдсэн хэсэг нь хэзээ орон сууцандаа орох нь тодорхойгүй, өмч хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон байдалтай хоёр, гурван жилийн нүрийг үзэж байгаа аж.

Иргэдтэй гурван талт гэрээ хийсэн нэр бүхий 39 барилгын компанийн дийлэнх нь барилгын ажлаа хэзээ эхлэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ.

Зарим нь гэрээ байгуулчихаад ор сураггүй алга болжээ.

Гэрээний хугацаанд байрандаа орсон айлуудын хувьд ч орон сууцных нь метр квадрат дутуу, нарны гэрэл тусахгүй, буруу харсан цонхтой, хөгзөрч мөөгөнцөртсөн гэхчилэн бэрхшээл олон байгаа аж.

Мөн нэг хашаанд 3-4 айл өрх амьдарч байгаад дахин төлөвлөлтөд хамрагдсан тохиолдолд нэг нь л байрандаа ороод, бусад нь орон гэргүй, газаргүй үлдэж байгаа аж. Хохирч үлдсэн иргэдийн олонхи нь хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүд байгаа аж.

НЭАХХ-ныхны анзаарснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөвхөн хотын удирдлагууд дангаараа хэрэгжүүлж чадахгүйд хүрчээ. Тиймээс гэрээний дагуу ажлаа хийхгүй байгаа компаниудын гэрээг цуцлаад, оронд нь чадавхитай компаниудыг шалгаруулж, Засгийн газар, УИХ хяналт тавьж ажиллах ёстой гэсэн юм.

Нийслэлийн иргэдийн 50-60 хувь нь амьдардаг гэр хорооллынхны сайхан амьдрах хүсэл дээр цөөн хүн тоглож, иргэдийг хохироож болохгүй гэж НЭАХХ-ныхон байр сууриа илэрхийллээ. Харин иргэдийн хувьд дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн нь зөв хэдий ч алдаа завхрал их гарч, эрх ашиг нь хохирч байгаад гомдолтой байгаагаа хэлж байв.

Дээр хэлсэнчлэн олон компани ажлаа эхлээгүй учраас иргэд орон гэргүй болсон, тус газарт нь дэд бүтэц шийдэгдээгүй зэрэг ойлгомжгүй асуудал их байгаа аж. Сүхбаатар дүүргийн X хорооны нийтийн цагаан байрныхан, СХД-ийн 28 дугаар хорооныхон, СБД-ийн долдугаар хорооныхон, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооныхон, Чингэлтэйн долдугаар хорооныхон, Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шарынхан гээд бараг дүүрэг бүрээс дахин төлөвлөлтөд хамрагдсан газруудын иргэд зовлонгоо тоочлоо.

Тэдний бэрхшээл, зовлон нийтлэг аж. Иргэд дахин төлөвлөлтөд хамрагдаад ажлаа хийхгүй байгаа компаниудын тендэрийн эрхийг цуцлах, тендэрт шалгарсан компаниуд төсвөөс авсан мөнгөө юунд зарцуулсныг шалгаж өгөхийг хүссэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд ард иргэдийг зовлон бэрхшээлээ харамгүй хуваалцсанд талархал илэрхийлсэн. УИХ-ын гишүүд ард иргэдийн гомдлоор хэд хэдэн газар очиж байдалтай танилцжээ.

Тэгэхэд байшин барина гээд нүх ухаад орхисон, бүр цагаанаараа газар ч олон таарсан гэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэггүй гэж хэн ч хэлэхгүй, гол нь санхүүгийн эх үүсвэртэй, төлөвлөлттэй, дэд бүтцийн асуудлыг шийдэх зэрэг дэс дараалалтай ажил хийх ёстой байсныг онцоллоо.

Нэг л далайлтаар бүхнийг шийдэх гээд баахан болох, болохгүй компани шалгаруулсан нь алдаа байсан гэдэгт УИХ-ын гишүүд ч, иргэд ч санал нэгдсэн. Тендэрт шалгараад ажлаа хийхгүй байгаа компаниудын эрхийг цуцлах шаардлагатай гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад сарын өмнө тавьжээ.

Гэхдээ одоогоор ямар нэг хариу ирээгүй гэнэ. Тэрбээр иргэдээс ирсэн санал гомдлын дагуу хэд хэдэн газар очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол маш олон ард иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа НЭАХХ-ныхонд талархал илэрхийлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүгийн асуудлыг шалгуулахаар асуудал тавина гэлээ.

Тэрбээр асуудлыг үе шаттай судалж, шийдвэрлэхийн төлөө бусад гишүүд, НЭАХХ, иргэдтэй хамтран ажиллана гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Гэр хорооллын дахин төлөвлөлт ямар ч төлөвлөлтгүй, хуйларсан салхи шиг явчихсан. Гэтэл өнөөдөр хамаг бэрхшээл иргэдийн нуруун дээр буучихсан байгаа. Урт хугацааны санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүйгээр ажлыг урагшлуулахад хэцүү" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "АН-ынхан өөрсдийнхөө хийсэн ажлын алдааг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ асуудал дээр ч ард иргэдийн зовлон бэрхшээлийг ойлгохыг хүсэхгүй. Тиймээс МАН-ынхан хэчнээн анхаарал хандуулж, судалж, асуудал оруулаад эрх баригчид асуудлыг шийднэ гэдэгт эргэлзэж байна. Мэдээж ард иргэдийн талд асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллана. Сонгуульд ялдаг ч бай, ялагддаг ч бай сонгуулийн дараа Та бүхэнтэй дахин уулзахаа харин амлаж чадна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл нар бусад гишүүдтэйгээ санал нэг буйгаа илэрхийлж, дахин төлөвлөлтийн ажлыг иргэдэд хохиролгүй урагшлуулахын төлөө байгаагаа хэлсэн юм. Мэдээж дахин төлөвлөлтийн ажлыг нэг далайлтаар хийх боломжгүй шиг бэрхшээлтэй асуудлуудыг нэг далайлтаар шийдэх боломжгүйг ч гишүүд хэлсэн. Ямартай ч ард иргэдийг хохиролгүй болгохын төлөө сонгуулийн өмнө ч, дараа нь ч хамтран ажиллахаа хэлсэн юм. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар тодорхой заалтууд тусчээ.

МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-ын хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ. МАН-ын бүлгийн гишүүдийн иргэдтэй уулзсан уулзалт НӨАТ-ын хэрэгжилтийн асуудлаар үргэлжлэв. Энэ хууль ялангуяа гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж, ажил амьдралаа залгуулдаг иргэдэд хүндээр тусч байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ганбаатар хүнсний дэлгүүр ажиллуулдаг.

Тэрбээр "Худалдан авагч, дэлгүүрийн эзэд хоёр хоорондоо маш их зөрчилдөж байна. Нэг хүн орж ирээд тамхиа авахдаа сугалаагаа авна, эргэж гараад хоёр минутын дараа орж ирээд дахиад талхаа авна. НӨАТ-ын цаас нь 800 төгрөгийн үнэтэй. Таван юм авах гэж таван удаа цувж орж ирдэг. Таван сугалааны баримт авах гэж шүү дээ. НӨАТ-ын машин тавиагүй дэлгүүрт хүн орохгүй. Үүнээс болоод жижиг дэлгүүрийн орлого муудаж байна" гэлээ.

Анх кассын машиныг 70, 80 мянган төгрөгөөр зарж борлуулах асуудал ярьж байсан ч сүүлдээ үнэ нь 1 сая 500 мянган төгрөг болжээ. Жижиг хүнсний дэлгүүрүүд өдөрт бараг 30, 40 мянган төгрөгийн орлоготой нь ч бий гэнэ. Гэр хороололд интернэт бэрхшээлтэй учраас татварын байгууллагатай харилцах харилцаанд мөн л асуудал үүсч байгаа аж.

Татварын байгууллагад хандаад асуудлыг тавихаар "хуулийг заавал биелүүлэх үүрэгтэй, эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэнэ" гэдэг тухай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн ярилаа. Зөвхөн нэг хүн бус нийтээрээ хуулийн хариуцлага хүлээх болоод байгааг өөрчлөх ёстой гэж тэрбээр хэлсэн юм.

Мэдээж дэлгүүрүүд бүгд НӨАТ-ын 10 хувиа нэмээд бараагаа худалдаж байгаа, сугалааны мөнгө төсвийн мөнгө биш болох тухай ч иргэд ярьсан. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэн Ц 400 саяын сугалааны хонжвор таарсан ч хулхидуулсан гэдгээ хоолой зангируулан ярив.

Тэрбээр 400 саяын хонжвор таарснаа мэдээд e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч болоогүй гэнэ. Тиймээс ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын сангийн төслийн нэгжийн захиралтай уулзаж, азтан болсноо мэдэгджээ. Харин нөгөө албаны хүн баримтын бар код балартчихсан учраас шалгаад хариу өгнө хэмээн авч үлджээ.

Гэтэл тодорхой хариу өгөөгүй, хэд хоногийн дараа 400 саяын азтаныг Дорноговь аймгаас тодорсон тухай иргэн Ц ярилаа. Гол нь хулхидуулаад зогсохгүй, залилан хийх гэсэн мэтээр гүтгүүлж байгаадаа гомдолтой байгаа аж. Тэрбээр НЭАХХ-нд хандаж эрх ашгаа хамгаалуулахаар ажиллаж байгаа юм байна.

Уг хуулиас болж эрх ашиг нь зөрчигдөж буй иргэд НӨАТ-ын хуулийг тодорхой босготой болгох шаардлагатай гэж үзэж буй аж. Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүдтэй өмнө ч уулзжээ. Иргэдийн хүсэлтийн дагуу МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-т 100 сая төгрөгийн босго тогтоох хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Харамсалтай нь Засгийн газраас хариу ирэлгүй хуулийн хугацаа нь өнгөрсөн байна. Тиймээс УИХ-ын даргад өргөн барихаар тов хүлээж байгаа аж. Уг хуулийн төсөлд туссанаар жилийн борлуулалт нь 100 саяас бага орлоготой аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авах хугацааг 2019 он хүртэл хойшлуулах юм байна. Хэрвээ эрх баригчид хуулийн төслийг хэлэлцвэл жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бэрхшээл шийдэгдэх ажээ.