Фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна
2016.05.24

Фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна

Төв аймгийн Батсүмбэр сум нийт 69 мянган толгой малтайгаас 21 мянга нь толгой нь үхэр байдаг байна. Тиймээс тус суманд фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа юм.

ХХАА-н сайд Р.Бурмаа тус сумын 2-р багийн малчин Дангаасүрэнгийн фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Дангаасүрэнгийн гэр бүл 60 жил мал маллаж, сүүний фермер хөгжүүлэх ажилд хувь нэмэрээ оруулсаар иржээ. Нийт 25 үнээ сааж тослог ихтэй сүүгээ “Сүү” компанид нийлүүлээд 10 гаруй жил болж байгаа юм. Тэд сүүгээ өөрсдөө хүргэж өгдөг ба “Сүү” компаний мэргэжилтнүүд сардаа нэг удаа ирж үнээний удмын сангаас шинжилгээ авдаг байна. Энэ нь сүүний тослогийн хэмжээ, чанарт гарах өөрчлөлтийг цаг тухай бүрт нь мэдэх боломжтой гэсэн үг юм. Фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэдэд тэжээл, хэвэг, ногоон тэжээл нэн чухал. Тиймээс иргэд өөрсдийн хэрэгцээт ногоон тэжээлийг тариалдаг байна.

Энэ гэр бүл гэхэд л 1 га талбайгаас жилдээ 250 боодол ногоон тэжээл авдаг байна. Сүү сайн гаргахын тулд ногоон тэжээл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Дангаасүрэн гуайн хүү ирэх жилээс 10 га газар нэмж тэжээл тарих хүсэлтай байгаа учраас “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тариаланчдад хэрэгцээт тракторыг зээлээр олгож байгааг дуулаад зээлд хамрагдах хүсэлт гаргасан гэлээ. Тэжээлээс гадна малын эм тариа нэн чухал. Сүүгээ борлуулж олсон орлогоороо малын эм тариагаа авдаг байна. Сүүний холбоо “Үдийн цай” хөтөлбөрт сүүг оруулах хүсэлт тавьсан. Энэ нь сүүний фермер эрхэлж байгаа малчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс сэргийлэх бас нэгэн ажил гэдгийг салбарын сайд онцолсон. Мөн гадны улс оронд малчид холбоогоороо дамжуулж сүүгээ борлуулдаг, холбоо нь фермерүүдтэйгээ нарийн уялдаа холбоотой ажиллаж байгаа туршлагыг өөрийн орондоо хэвшүүлэх, цаашлаад илүү боловсронгүй техник технологи судлах ажлыг эрчимжүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм. 1700 гаруй өрх, 6400 гаруй хүн амтай Батсүмбэр сум нийслэлийн хэрэглэгчдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг сумдын нэг ба жилдээ 4.8-5 сая литр сүү үйлдвэрлэдэг байна.